Зэвэг, хадран загас үржүүлж 28000 жарамгайг Орхон голд тавьжээ

Орхоны хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргаа 20 жилийнхээ ойн хүрээнд, “Хобби” загас үржүүлгийн холбоо НҮТББ-тай хамтран, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 6 дугаар багийн нутаг, Үхэр чулуутын булан гэх газарт зэвэг, хадран загас үржүүлж, амьдрах чадвартай 28,000 жарамгайг Орхон голд тавьжээ. Энэ нь Орхон голын загасны нөөцийг хамгаалах, сэргээн нэмэгдүүлэх, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал ач холбогдолтой юм.
Зэвэг /Brachymystax/ нь Хулд овгийн загас юм. Энэ загас нь урсгал усанд амьдрах ба манай орны Сэлэнгэ, Орхон, Эг, Үүрийн гол зэрэг ихэнх гол мөрөнд элбэг тохиолдох ба загасчлах сонирхол бүхий л хүмүүсийн гол ан нь болдог. Гадаад байдал Зэвэг загасны өнгө нь газарзүйн бүсээс хамааран бараан ба цайвар гэсэн 2 янз байдаг. Биеийн урт нь голчилон 70 хүртэл см урт байх ба биеийн жин нь 8 кг хүрдэг.Онон голоос баригдсан хамгийн том зэвэг нь 83 см урт, 9,4 кг жинтэй байжээ. Зэвэг загас 15 орчим насалдаг. Бэлгийн бойжилт нь 5-8 настайдаа гүйцэх ба энэ үе дээ 35 см урттай, 0,6 кг жинтэй байдаг. Нэг удаа түрслэхдээ 4-15 мянган ширхэг түрс гаргадаг. Газар зүй цаг уурын байдлаас хамаарч 4-6 р сард түрслэх ба түрс нь улбар шар, ягаавтар өнгийн 4-4,5 мм ийн диаметртэй, 50-60 мг жинтэй байдаг. Насанд хүрсэн зэвэг загас нь бусад загасны жараахай болон жижиг мэрэгч амьтад болон зарим усны шувууны дэгдээхэйгээр хооллодог ажээ.
Монгол хадран Баруун Монголын хадран загас нь гуравдагч галавын реликт бөгөөд сэрүүн бүсийн уулын бэлийн гадагш урсгалгүй ай саваар тархсан загас юм. Ховд, Завхан, Буянт, Шивэр, Бөхмөрөн, Хариг, Чигэстэй, Богд, Яруу, Байдрагийн гол, Ачит, Толбо, Тал, Даян, Хотон, Хоргон, Ховдын Хар ус, Хар айраг зэрэг нуураар тархжээ.
Биеийн зүс бараавтар, зарим усных хар, нуруун тал саарал хөх туяатай бараан, хэвлий боровтор туяатай цайвардуу байна. Хамгийн том нь 75 см урт, 4-5 кг хүрнэ. 20 орчим жил насалдаг. 4-5 насандаа үржилд орно. Загасны үржлийн хугацаа газар нутгийн цаг агаарын байдлаас шалтгаалан харилцан адилгүй байна. 4-5 сард урсгал нуурын эрэг орчим, голын гүехэн хэсгийн хайрга чулуу, ургамал дээр түрсээ шахдаг. Хөвөгч болон ёроолын амьтнаар хооллодог.
Х.ХУЛАН







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.