Монгол банкнаас бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа
Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал өнөөдөр болж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргаснаа танилцууллаа.
Ингэхдээ гадаад болон дотоодын эдийн засгийн нөхцөл байдал, эрсдэлүүдийг харгалзан үзсэн бөгөөд сүүлийн үед зах зээлд эерэг мэдээлэл гарч, газрын тосны үнэ буурч байгаа ч хурцадмал байдал бүрэн тогтворжоогүй байгаатай холбон тайлбарласан юм.
Энэ үеэр Монгол банкны ерөнхийлөгч С.Наранцогт "Мөнгөний бодлогын хороо энэ сарын 22,23-ны өдөр хуралдлаа. Улс орны эдийн засаг, санхүүгийн салбарт үүсэж байгаа нөхцөл байдлыг тал талаас нь нухацтай ярилцаж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийг гаргахад гадаад эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын нөхцлийг харгалзан үзлээ. Ойрх Дорнодод үүссэн мөргөлдөөн газрын тос, эрчим хүчний үнийг өсгөж байна. Газрын тосны үнийн өсөлтөөс үүдэн гадаад зах зээлд хүнсний үнэ, тээврийн өртөг, бусад барааны үнэ өсөх эрсдэл үүсэж байна. Сүүлийн үеийн мэдээгээр газрын тосны үнэ буурсан гэх боловч хурцадмал байдал хэзээ буурч, газрын тосны үнэ буурах нь тодорхойгүй байна. ҮСХ-ны хамгийн сүүлийн мэдээллээр инфляц тавдугаар сард 11.2 хувьд хүрлээ. Энэ оны нэгдүгээр сард 7.1 байсан ч сүүлийн дөрвөн сард 4.1 нэгж хувиар нэмэгдлээ" хэмээсэн юм.
Төв банкнаас бодлогын хүүг 2025 оны гуравдугаар сараас хойш буюу жил гаруй хугацаанд 12 хувьд хадгалсаар байна.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.