Хаврын чуулганыг хилийн хоригтойгоор эхэлсэн тэдний хэрэг аль шатанд явна вэ
Хаврын чуулган хаахад яг 10 хоног үлдээд байна. Тэгвэл хаврын чуулганыг хилийн хоригтойгоор хэргээ шалгуулж, сууж эхэлсэн УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Э.Болормаа, П.Сайнзориг нарын хэрэг аль шатанд шалгагдаж буйг нэгтгэн хүргэж байна.Тэднийг 12 хүртэлх жилийн хорих ялтай эрүүгийн хэрэгт буруутган шалгаж буй билээ.
Нэг. ЭЦА, АТГ-т дөрвөн зүйл ангиар шалгагдаж буй Д.Амарбаясгалан, хилийн хоригоо цуцлуулж, нэр бүхий хүмүүстэй уулзахгүй байх хоригт оров
УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан "Бортээг"-ийн асуудалд хөшигний ард оролцсон гэх яриа түүнийг эрх мэдэлтэй, МАН-д ч асар нөлөөтэй байх үеэс эхэлсэн. Харин МАН-ын шинэ дарга тодрох үеэр түүний зөвлөх Л.Чулуунзагдыг цагдан хорьж, "Адмирал" ХХК-тай холбогдох шууд холбоо хамаарал руу нь цөмөрсөн юм.
- АТГ: Эрүүгийн хуулийн 22.1.3, 22.4.2 зүйл ангиар,
- ЭЦА: Эрүүгийн хуулийн 18.6, 18.3 -р зүйл ангиар шалгаж буй.
Нийслэлийн прокуророос түүнд таслан сэргийлэх арга хэмжээ саналыг шүүхэд хүргүүлж, |2026.03.10|-нд хуралдаж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн. Хилийн хоригоо цуцлуулах хүсэлтийг өмгөөлөгчөөрөө дамжуулж шүүхэд илэрхийлсэн ч эхний удаа хүлээж аваагүй. Улмаар дахин хүсэлт өгч, Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны шүүх хэлэлцэн "Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглон, таслан сэргийлэх арга хэмжээ" авав. Түүнд холбогдуулан шалгаж байгаа хэргийн дэлгэрэнгүй мэдээллийг бидний бэлтгэсэн "Хэргийн мөрөөр: Д.Амарбаясгалан "Үндэслэлгүйгээр хөрөнгөжих" зүйл ангиа хасуулж, ЭЦА, АТГ-т 4 хэргээр шалгуулж байна" нийтлэлээс унших боломжтой.
Хуулийн заалт
- ЭХ-ийн 22.1.3: Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах - нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ялтай
- ЭХ-ийн 22.4.2: Нийтийн албан тушаалтан хахууль авах - нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ялтай.
- ЭХ-ийн 18.3: Татвар төлөхөөс зайлсхийх - нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай
- ЭХ-ийн 18.6: Мөнгө угаах - 12 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай зүйл ангиар шалгаж буй.
Хоёр. Төрийн эрхийг хууль бусаар авах хэрэгт буруутгагдаж, хилийн хориг тавиулсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа. Түүний асуудлыг ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороо анхааралдаа авах чимээнээр хэрэг шалгалт нь намжсан байдалтай байна
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяаг Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Улмаар шүүх яллагдагчаар татах саналыг хүлээн авахаас татгалзаж, хилийн хориг тавьсан билээ. Түүний гишүүний бүрэн эрхийг энэ хаврын чуулганаар хөндөгдөх талаар ч дурдагдаж байсан ч түүний асуудлыг ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороо анхааралдаа авч хэлэлцэхээр тогтох үест намжсан байдалтай буй. Өдгөө түүнд холбогдох хэргийг прокурорын байгууллага шалгаж байна.
Хуулийн заалт: Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах буюу Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн; төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Гурав.Сонгуулийн хууль зөрчсөн хэрэгт буруутгагдаж, хилийн хориг тавиулж, прокурорт хэрэг нь хянагдаж буй Э.Болормаа
УИХ-ын сонгуулийн III тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт МАН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон Э.Болормаа нэр дэвшихдээ “Ханбогд Эксплорайшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан. Үүнийг нь аудитын байгууллага хянаж, хуулийн зөрчлийг нь арилгуулаагүй. Сонгуулийн үеэр гаднын хөрөнгө оруулалттай компаниа авсан хандиваа буцааж шилжүүлээгүйд буруутгагдаж буй Э.Болормаа.
Түүнийг гаднын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан хэргээрээ яллагдагчаар татагдаж, шүүхээс албадан ирүүлэх шаардлага хүрүүлээд буй. Үүнд тэрбээр "Санаатай үйлдэл. Цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсан" хэмээн мэдээлэл өгч байсан билээ. |2026.03.03|-ны өдөр түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн хориг тавьсан. Өдгөө дахин шүүх хурал болоогүй, прокурорын байгууллагад шалгагдаж байна.
Хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 14.5 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт "Сонгогчийг эд хөрөнгө, мөнгөөр татаж санал худалдан авч үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээн заасан байдаг.
Дөрөв. ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайвантай харилцан зодолдсон хэрэгт буруутгагдаж хилийн хориг тавиулсан П.Сайнзориг
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, яллагдагч П.Сайнзоригт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, улмаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал тус шүүхэд ирүүлснийг шүүх 2026 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Тус шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг |2026.03.04|-ний өдөр хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримтаар яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй гэж үзэж шийдвэрлэсэн. Өдгөө хилийн хоригтойгоор хуулийн байгууллагад мөрдөгдөж байна.
Хуулийн заалт: ЭХ-ийн 11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах
1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрэг нь үнэн зөвөөрөө хурдан шийдэгдээсэй
Huuli bugded adil uilchleh yostoi shuu
Ийм олон улстөрч нэгэн зэрэг шалгагдаж байгаа нь анхаарал татаж байна
Shalgalt ni il tod yvah heregtei
Shalgalt ni il tod yvah heregtei
Хилийн хориг тавьсан бол хэрэг нь хурдан шийдэгдэх ёстой
Etsiin dugneltiig ni huleej l harah uldlee
Хэн ч байсан хууль зөрчсөн бол хариуцлага хүлээх хэрэгтэй
Neg ni ch bish buur heden tom ner holbogdjee
Удаан шалгагдахаар иргэдийн итгэл буурдаг
Yallagdagch gej baigaa ni buruutai gesen ug bish shuu
Шүүх прокурор нь хараат бусаар ажиллаасай
Ene herguud songuuliin umnuh ulstor uu gej harah humuus ch baina
Дуулиантай хэргүүдийн талаар тогтмол мэдээлэл өгч баймаар байна
Huuliin baiguullaguud ajlaa sain hiih heregtei