Top StoriesНийгэм ярилцлага

Г.Анхболд: Бүх насныханд сэтгэц, сэтгэлзүйн асуудал өндөр байгаа учраас СЭМҮТ ачааллаа дийлэхгүйд хүрч байна

Сүүлийн жилүүдэд архи, мансууруулах бодист донтогчдын тоо эрс нэмэгдсэний зэрэгцээ мөрийтэй болон компьютер тоглоомд донтогсод мөнхүү өссөөр байна. СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлэгсэдийн байдлыг үзэхэд архи, сэтгэц идэвхт эм, бодисын болон стрессийн шалтгаант өвчлөл, мөн хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эмгэг зонхилж байна.

Тус төвийн станционар хэвтүүлэн эмчлэх 550 ортой боловч сэтгэцийн архаг өвчтэй, урт хугацааны эмчилгээ, байнгын асаргаа шаардлагатай, эмнэлгээс гардаггүй эмчлүүлэгчид 244 байгаа гэсэн тоон мэдээлэл байна.

Дээрх тоон мэдээлэл болон энэ чиглэлээр ажиллах боловсон хүчний талаар СЭМҮТ-ийн захирал Г.Анхболдтой ярилцлаа.

СЭМҮТ-д чмар шинж тэмдэгтэй хүмүүс ихэвчлэн хэвтэн эмчлүүлдэг вэ?

-Хүмүүс СЭМҮТ-д сэтгэц мэдрэлийн асуудалтай хүмүүс ирж хэвтдэг гэж ойлгодог. Үнэндээ манайх 13 клиникээр тусламж үйлчилгээ үзүүлж хэвтүүлэн эмчилдэг.

-Сүүлийн жилүүдэд ямар шинж тэмдэгтэй хүмүүс ихэвчлэн эмчилгээ, үйлчилгээ авч байна вэ?

-2023, 2024 онд согтууруулах ундаанд донтогсдын тоо нэмэгдсэн. Өнгөрсөн жил л гэхэд 2000 хүн хэвтэн эмчлүүлээд гарсан. Энэ тоо нь цаашид ч асах хандлагатай байна. Бид барилга, байгууламж, орны хүрэлцээндээ тааруулаад аль болох хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтнүүдээ хүлээн авдаг. Гэхдээ ингэснээрээ орон нутаг руу анхаарал хандуулж чадахгүй, зөвхөн нийслэлийн хүрээндээ л үйл ажиллагаагаа явуулаад байна. Уг нь хүрээгээ тэлээд орон нутагт анхаарал тавих хэрэгтэй байгаа.

-СЭМҮТ-д ор олдоггүй гэх яриа олон жилийн өмнөөс л иргэдийн дунд яригддаг. Энэ юунаас болдог вэ?

-Манай эмнэлэг 550 ортой. Гэхдээ байнгын хэвтэн эмчлүүлдэг 244 өвчтөн бий. Манай орны 50 хувьд нь эдгээр өвчтнүүд байдаг учраас үлдсэн хэдэн ороо бусад тасагууддаа хувааж, иргэдийг хүлээн авдаг. Ингэхдээ цөөн орноос болоод урт удаан хугацаагаар хүлээх асуудал үүсдэг.

-Тэгэхээр донтолтын шинж тэмдэгтэй хүмүүст хэвтэн эмчлүүлэх хэдэн ор байдаг вэ. Мөн иргэд тус тасагт эмчлүүлэхдээ ороо хэдэн хоног хүлээдэг вэ?

-Донтолтын тасагт 46 ор бий. Гэтэл энэ чиглэлээр хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өдөр бүр нэмэгдэж байгаа. Бид боломжиндоо тааруулж, хүлээж авдаг. Хэвтэн эмчлүүлэгчдийн олонх нь эргээд л хэвтэх гээд ирдэг. 7-10 хоногт тухайн өвчтөний хордлогыг тайлахаас хэтрэхгүй байна шүү дээ. Гэтэл хордлого тайлахаас гадна донтолтыг нь эдгээх, нийгэмшүүлэх ажил бүрэн орхигдоод байгаа учраас үр дүн гарахгүй байна. Одоогийн байдлаар ХУД-т сэтгэц нийгмийн сэтгээн засах 1 төв ажилладаг. Угтаа бол эмнэлгээс гарсны дараа сэтгэл заслын төвд эмчлүүлж, хяналтанд байлгах хэрэгтэй. Хүн хүний онцлогоосоо шалтгаалаад гурваас хоёр жил шаардлагатай. Гэвч бид хэвтүүлэн эмчлээд л гаргадаг. Үнэндээ тэдэнд үр дүн муутай л байдаг. Ном журмын дагуу ажил явагдахгүй байна шүү дээ.

-Хэвтэн эмчлүүлсний дараа дахин ирэх тохиолдол байдаг уу?

-Байгаа. Эмчилгээний дараа хэсэгтээ гайгүй болж байгаад буцаад хуучин нөхцөлдөө оччихоод ирдэг. Яг миний хэлсэнчлэн сэтгэл засын эмчилгээ дутаж, тэр хүний сэтгэлзүйгээс нь согтууруулах ундаа салахгүй байгаа юм.

-Архинд донтох эмгэгтэй хүмүүс ихэвчлэн ямар насныхан байдаг вэ, тоон мэдээлэл байгаа юу?

-Нийт насанд хүрэгчдийн 6,2 хувь нь архинд донтох эмгэгтэй гэсэн судалгаа бий. Гэхдээ энэ төрлийн нарийвчилсан судалгааг хийлгүй 10 гаруй жил болж байна. Ойрын хугацаанд донтолтын эмгэгтэй иргэдийн статистик судалгааг шинэчлэх ажил эхэлж байгаа. Дийлэнх нь 30-50 насныхан шүү дээ. Энэ тоо улам залуужих хандлагатай байна. Өөрөөр хэлбэл 20-50 насныхан байх магадлал ч өндөр болж байна.

-Тэгэхээр энэ салбарт ажиллах хүчний боломж, нөөц хэр байна вэ?

-Ихэнх хүмүүс СЭМҮТ-ийг ажиллах хүнд нөхцөлтэй гэж ойлгодог. Гэхдээ мэргэшээд, сураад, ойлгоод эхэлбэл энд тийм ч хүнд биш. Манай төвд өнгөрсөн жил донтолт судлалаар 12 эмч, мэргэжилтэн мэргэшсэн бөгөөд 80 орчим сэтгэцийн эмч ажиллаж байна. Сүүлийн үед хүний нөөц харьцангүй сайжирч байгаа. Гэхдээ бид эрүүл мэндийн яамтай хамтран төсөл хөтөлбөрүүд эхлүүлж байгаа. Үүний хүрээнд оюутан, залуусын мэргэшүүлж байгаа. Энэ ажлаа улам дэлгэрүүлнэ гэж төлөвлөсөн. Манай төв чинь сургалт, үйлчилгээ зохион байгуулдаг учраас энэ нь маш том давуу тал болж байна.

-Байнгын хэвтэн эмчлүүлдэг 244 хүн байгаа гэсэн. Тэднийг нүүлгэн шилжүүлэх, асрамжлах ямар нэгэн өөр төв байдаг уу?

-Байхгүй ээ. Харин үүн дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Тэдэнд байнгын асаргаа сувилгаа хэрэгтэй. Эмчилгээ, асаргаа сувилгаа хоёр бол өөр зүйлүүд шүү дээ. Тиймээс асаргаа, сувилгаа хийх орчин нөхцөлтэй асрамжийн төв байгуулах хэрэгтэй. Энд байгаа хүмүүсийн эрх зөрчигдөж байгаа шүү дээ. Нийгэмших, суралцах гээд асар олон хэрэгцээнээс аль нь ч хангагдахгүй. Зөвхөн эмчилгээ, үйлчилгээ авч байгаа.

-Тэдгээр хүмүүст эргэлт хэр ирдэг вэ, сайжирсэн дээрдсэн хүмүүсийг нь гэрээр хяналтанд авах боломжгүй юу?

-Ирэх нь цөөхөн. Ер нь ирэхгүй нь олон. Сайжирсан, дээрдсэн хүмүүсийн гэр бүлд нь гэрээр хяналт тавих санал хэлдэг. Гэхдээ ер нь дийлэнх нь дургүйцдэг.

-Монголд 5-6 тутмын нэг нь ямар нэгэн сэтгэц, сэтгэлзүйн өөрчлөлттэй-

-Анхнаасаа хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтнүүдийг СЭМҮТ-д эмчлүүлээд, сайжирсныг нь асрамжийн газарт асрах тогтолцоо байгаагүй юу?

-Мааньтын асрах байсан ч хүний эрхийн ноцтой зөрчил үүссэн тул тэнд байсан хүмүүсийг СЭМҮТ-д хэвтүүлсэн. Үүнээс цааш хэн ч асрах төвийг дурдаагүй.

-Тэгэхээр ерөнхийдөө нэмэлт асрах төв болон дүүрэг болгонд сэтгэц заслын төв нээх нь эхний ээлжин дэх зөв шийдэл байна тийм үү?

-Бүлгийн сэтгэл засал болоод ганцаарчилсан сэтгэл заслын эмчилгээний хүртээмжийн хувьд манай улс хангалтгүй үзүүлэлттэй байна. Цаашид бид 21 аймаг, нийслэлийн дүүргийн эмнэлгүүдэд сэтгэцийн тусламж үйлчилгээг амбулаториор үзэх боломжийг бүрдүүлж сэтгэц нийгмийн сэргээн засах төвийг байгуулж чадвал одоогийн төвлөрөл саарах боломжтой гэж тооцоолж байгаа л даа. Монголд хийгдэж байгаа сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 50 орчим хувийг СЭМҮТ дангаараа үзүүлж байгаа. Ийм нөхцөлд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй өрнүүлнэ гэдэг хүндрэлтэй.

-Сэтгэц нийгмийн сэргээн засах төв байгуулах тухай сая ярилаа. Яг хэзээнээс баригдаж үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бүрдэх вэ?

-Сэтгэц нийгмийн сэргээн засах төв байгуулагдчихвал хамгийн чухал эмчилгээ тэнд л өрнөнө. Нийгэмшүүлэх дадлыг суулгах ажлыг гүйцэтгэх юм. Нийслэлээс 500-600 орчим сая төгрөг гаргаж гурван дүүрэгт сэргээн засах төв байгуулахад дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Мөн хоёр ч яамнаас дэмжих сураг гараад байна. Гэхдээ эхний хөрөнгө оруулалтаа шийдлээ ч гэсэн цаашид сэргээн засах төвүүдээ хэрхэн санхүүжүүлэх, хэрхэн тогтвортой үйл ажиллагаатай байлгах вэ гэдэг асуудал чухал. Гэхдээ бид асуудлыг шат шатанд тавиад дэмжлэг хүсэж л байна. Манай байгууллаас бол ажиллах хүний нөөцийг бүрдүүлж өгөх боломж байгаа. Үүн дээр тулгуурлан дээрх шаардлагатай барилга, байгууламжийг бариад, ашиглалтад оруулвал хэрэгтэй.

-Сая ерөнхийдөө согтууруулах ундааны талаар голчлон ярилцлаа. Манай улсад мансууруулах бодисонд донтогчид байдаг уу?.

-Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн хүмүүсийн тоо өсөх хандлагатай боловч хуулийн зохицуулалтын улмаас зарим иргэд эмчилгээ, тусламж авалгүйгээр нуун дарагдуулдаг. Ирж эмчлүүлсэн иргэдийн сэтгэл заслын үйлчилгээг аль болох зохион байгуулахаар ажиллаж байгаа.

-Монгол улсын хэмжээнд сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй хичнээн хүн байдаг вэ?

-Гурван жилийн өмнөх судалгаагаар манай улсын хэмжээнд сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй 20743 хүн бүртгэлтэй байна гэх статистик гарсан. Энэ нь хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хүмүүсийн 15 хувийг эзэлж байгаа юм. Насны бүтцийн хувьд, 30-54 насны хүн амд хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны өвчлөл ихсэх хандлагатай байгаа аж. Ямартай ч, сэтгэцийн эмгэг гэх өвчин сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, залуу үеийг хүртэл “нөмөрч” эхэллээ.

2019 онд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сан болон Эрүүл мэндийн яам хамтраад хүүхдүүдийн дунд судалгаа явуулсан. Тус судалгаагаар өсвөр үеийнхний 60.5 хувь нь сэтгэцийн эрүүл мэнд хэвийн, 30.5 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай, 9 хувь нь сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй гэсэн дүгнэлт гарсан байна. Товчхондоо 5-6 хүн тутмын нэг нь ямар нэг сэтгэцийн тулгамдсан асуудалтай, амиа хорлох тухай бодож байсан гэсэн судалгаа гарсан. Чимээгүй хэр нь энэ асуудал бидний дундах томоохон асуудал болчхоод байна. Үүн дээр л анхаарал хандуулах хэрэгтэй байна.

Видео:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 3, 2025 12:29

Nigger

Эмээ
Эмээ
4 сар 4, 2025 08:27

Араг гүй шүү дээ айх чочих тайван цаг �##�га

Холбоотой мэдээ

Back to top button