Улс төрийн нөлөөлөлд гацсан “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”-гоос нүүрс, зэсийн ирээдүй хүлээх хэрэггүй

“Уул уурхайн бирж”-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, өргөн баригдах хүртэл шинэчилэн баталсан журмаар явж буй. Биржийн журам шинэчлэгдэхээр зэс, нүүрсний арилжаа сайжирна гэдэг прогнозыг салбарын сайд нар нь хэлдэг.
2026 онд “Эрдэнэт Үйлдвэр”-тэй байгуулсан трейдерүүдийн гэрээ дуустал биржийн арилжаа руу бүрэн шилжихгүй
Бодит байдал дээр Уул уурхайн биржээр “Эрдэнэт ТӨҮГ”-ын 22.35 хувийн зэсийн агуулгатай баяжмал, “Эрдэнэс Тавантолгой”-н гаргаж буй эрчим хүчний нүүрс болон 3/1 коксжих нүүрс арилжаалагдахгүй хэвээр. Хувийн компаниуд өдөрт хийх арилжаагаа хэвийн хийсээр байхад манай дотоодын томоохон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, өндөр зардалтай “Эрдэнэс Тавантолгой” он гарснаас хойш олигтой арилжаа хийсэнгүй. Гэтэл Сангийн сайд нүүрснээс алдаж байгаа боломжоо зэсээр нөхөж байгаа л гэдэг. Өнөөдөр зэс биржээр арилжаалагдаад байгаа тоон дүн алга.
Өнгөрсөн онд “Эрдэнэт Үйлдвэр” нийт зэсийн баяжмалынхаа 5 хувийг, энэ оноос 10 хувийг Уул уурхайн биржээр борлуулах төлөвлөгөө танилцуулсан.
Гэтэл он гарснаас хойш ил арилжаа ийм муу байхад уул уурхайн биржийн бус арилжаа хэрхэн хийгдэж, ямар зарчмаар явагдаж буй нь тодорхойгүй. “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалын экспортыг ил тод байлгаж, нээлттэй арилжаа руу чиглүүлж, гарч байгаа мөнгөн урсгалаа “шилэн” байлгана гэж хэвлэлд ярьж байсан Г.Ёндон дарга өнөөдөр ярьснаа хийв үү.
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын дарга Г.Ёндон ерөнхийлөгчийн найз гэдгээрээ энэ суудал дээр очсон хүн. Зэсийн үнэ өсөж байгаа энэ цаг үед манай улсад экспорт дээр том амбиц тавиад байдаг. Гэтэл ганц төрийн өмчит үйлдвэрийнх нь үйл ажиллагаа, экспорт өмнөх дарга Г.Бадамсүрэнгийн үеийнхээс ч хэвлэлд хаалттай, ор шинэчлэгдэж, сайжирдаггүй бахь байдгаараа. Биржээр арилжаалснаар хэн нэгэнтэй зэсийн баяжмал борлуулах гэрээ хийгдэхгүй, зах зээлийн үнэ гэрээний үнийг тогтоох нөхцөл бүрдэж үндсэндээ трейдерүүд хумигдаж эхлэх ёстой.
Гэтэл өнөөдөр биржээр арилжаалагдахгүй байгаагийн ард трейдерүүд хүчтэй байсаар байгааг харуулж буй юм. Мөн “Эрдэнэт үйлдвэр” зарим трейдерүүдтэй байгуулсан гэрээ нь 2026 онд дуусах учир биржээр гаргаснаас трейдер компаниар дамжих нь илүү байна уу.
Ингээд харахаар, уул уурхайн бирж шиг ил тод, өрсөлдөөнтэй байдал байхгүй болчихож байгаа юм. “Эрдэнэт үйлдвэр” трейдерүүдтэй хийсэн гэрээнийхээ хугацааг дуусах хүртэл биржээр олигтой арилжаа хийх найдвар алга байна. Олон жил авилга, албан тушаалын асуудалтай нэр холбогдож ирсэн “Эрдэнэт үйлдвэр” өнөөдөр уул уурхайн гаралтай гол түүхий эдийн өчүүхэн хувийг биржээр арилжаалах нэрийдлээр өгөөжгүй арилжаа хийж суухын оронд бүрэн нээлттэй тогтолцоо руу шилжих цаг нь болсон.
“Эрдэнэс Тавантолгой”-д менежментийн баг орохгүй буюу улс төржилтийн гол талбар хэвээр үлдэнэ
Нөгөө талд манайхаас гаргадаг нүүрсний экспортын тодорхой хувийг баздаг “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд компанийн засаглалаа сайжруулах үүднээс гадны менежментийн баг оруулна гэж яриад л байдаг. “Эрдэнэс Монгол” нэгдэл нь бодлогын хувьд ашиггүй, өгөөжгүй ТӨК-иудаа сайжруулахад менежментийн зардал гэдэг нэршлээр мөнгө зарцуулавч нүдэнд ил харагддаггүй. Мөн Засгаас шахаад байгаа юм шиг харагддаг нэг ойлголт нь баг авчирч, өндөр дүнгээр цалинжуулбал чухам улс төрчдийн гар хөл болж, нөлөөлөл үүсгэхгүй гэж байсан ч өмнө нь гадны хүнийн нөөцийн компанид хандаж, ажиллуулчихаад мөнгө төлбөрөө өгөөгүйгээс болоод нэр нүүргүй болчихсон. Одоо байгаагаараа урагшилбал цаашид ч энэ компанийн улс төрчдийн чихээс бөглөөс хэвээр л байх болно.
Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” уул уурхайн биржээр нүүрс арилжаалаад, дотоодын эдийн засагт жин дараад байгаа юм алга.
Оны хоёрдугаар хагасаас нүүрсний үнэ өсөх байх аа гэсэн нэг урьдач таамагтай л сууж байна. 2018 оноос 2022 он хүртэл захиралаар нь ажиллаж байсан Б.Ганхуягийг нүүрсний хэрэгт холбогдуулан хорих ял шийтгүүлсэн. Дотоод менежмент муутай, дан улс төрийн нөлөөлөл шургасан энэ газарт нэг бол хаалттай тогтолцоо бэхжиж, нэг бол ил гарсан асуудлаа нэгэнд нь тохоод шорон орон болгочихдог нэг ийм газар болох вий. Тус компанийн БЭТ Ж.Ганхуяг нь Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн нутаг Хэнтийнх. Одоогийн ЭТТ-н гүйцэтгэх захирал Х.Мөнхжаргалаасаа давсан нөлөөлөлтэй хүн гэсэн яриа бий.
МАН доторх Л.Хүрэлсүхийн үеийнхэн ч, Л.Оюун-Эрдэнийн үеийнхэн ч тэр өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой”-г “сааж” л ирсэн. Ийшээ ерөөсөө удирдлагын түвшний шахаанууд л ороод байхаас биш дотоод ажилтнууддаа ээлтэй байгаад цалин мөнгөө нэмдэггүй юм гэхэд цагтаа тавьж гийгүүлсэн юм харагдахгүй. Хэвлэл, олон нийтэд хэт хаалттай. Улсын төсөвт нүүрсний экспорт жин дардаг тулдаа л хааяа нэг салбарын холбогдох сайд нартаа PPT танилцуулдаг ганц ажилтай.
Ийм компаниудын гараас манай улс урт хугацааны тогтвортой экспорт, чанартай түншлэл гарах эсэх нь эргэлзээтэй. "Эрдэнэт үйлдвэр" ч "Эрдэнэс Тавантолгой" ч тэр өнөөдөр бүх талаараа шилэн, нээлттэй, ил тод байх, улс төрчдийн шахааны өчүүхэн ч орон зайгүй болох цаг нь ирсэн.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эцсийн бүтээгдэхүүн болгож зараач ээ
ажилчидын ц�##�ин өгөөгүй шүү худлаа ярьхаа боль нь уу