Нью-Йоркийн Хадсон голд нисдэг тэрэг осолдож, зургаан хүн амь үрэгджээ

Пүрэв гарагт /2025.04.10/ Нью-Йорк хотын Хадсон голд жуулчны нисдэг тэрэг осолдож, онгоцонд явсан зургаан хүн амь үрэгдсэн байна. Амь үрэгдсэн хүмүүсийн гурав нь хүүхэд байжээ. Нью-Йоркийн дарга Эрик Адамс хэвлэлийн бага хурал хийхдээ хохирогчдын дунд Испаниас ирсэн гэр бүлийнхэн болон нисгэгч байсан гэж хэлсэн юм.
“New York Helicopter Tours” компанийн эзэмшдэг Bell 206 нэртэй тус нисдэг тэрэг пүрэв гарагийн /2025.04.10/ орон нутгийн цагаар 15:00 минутад нисжээ. Нью-Йоркийн цагдаагийн албаны комиссар Жессика Тиш хэлэхдээ нисдэг тэрэг Хадсон голын дээгүүр хойд зүг рүү ниссэн гэсэн юм. Жорж Вашингтоны гүүр хүрээд өмнөд зүг рүү эргэснээсээ хэдхэн минутын дараа осолдож, гол руу урвуугаараа харж 15:15 минутын орчим живжээ.
Ослын шалтгааныг Холбооны нисэхийн захиргаа болон Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл шалгана. Манхэттэний эргэн тойрон дахь агаарын орон зай нь жуулчдад нисдэг тэргээр хотыг харуулах гэсэн онгоцнуудаар дүүрэн байдаг. “Viator” сайтаас харвал дор хаяж 20 гаруй нисдэг тэрэг ажиллуулдаг компани байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.