НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Б.Хүсэлтүвшин: Цочимтгой болох нь архаг ядаргааны эхний шинж тэмдэг

Хаврын ядаргаа буюу мэдрэл сульдлын хам шинж тэмдгийн талаар СЭМҮТ-ын Сэтгэц нийгмийн эрүүл мэндийн эмч Б.Хүсэлтүвшингээс тодрууллаа.

-Хаврын улиралд яагаад илүү их ядардаг юм бол?

-Хаврын улирлын онцлог нь өдөр уртасдаг. Хүний бие махбод нь циркадиан хэмнэл буюу биологийн хэмнэлээрээ нарны гэрэлд дасан зохицож амьдардаг. Тэр утгаараа өдөр уртсах үед илүү их ажиллаж байгаа мэдрэмж өгдөг. Энэ нь илүү ядрах үндэс болдог. Гэхдээ жилийн ямар ч улиралд энэ хам шинжид өртөх боломжтой.

-Мэдрэл сульдлын хам шинж буюу ядаргааны шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ?

-Хамгийн эхлээд маш их цочимтгой болдог. Сэрлийн босго намссан буюу цочимтгой болж, аливаа зүйлд мэдрэг хандаж эхэлдэг. Уур уцаартай болж, өмнө нь жижиг асуудлыг даван туулах чадвартай байсан бол эсрэгээрээ болно. Улмаар түүнийгээ уйлж, гомдож, бухимдаж илэрхийлнэ. Харин оюун ухааны талаасаа ажлын ачаалал даах чадваргүй болж, анхаарал төвлөрөлт буурдаг. Бие махбодын хувьд өглөө амарсан мэдрэмжгүй сэрнэ. Үргэлж ядарсан мэдрэмж авах зэрэг олон төрлийн шинж тэмдгүүд хослон илэрдэг.

-Даван туулах арга зам юу вэ?

-Үндсэн шалтгаан нь стресс, ажил амралтаа зохицуулж чадахгүй байдлаас үүсдэг. Мэдээж стресс уур бухимдалгүй амьдарна гэж байхгүй. Тийм учраас тухайн уур бухимдлыг даван туулах өөрийн гэсэн аргатай болох хэрэгтэй. Мөн хамгийн чухал зүйл бол нойр. Нойр бол бие махбод, сэтгэл санааг тогтвортой байлгах маш том хөшүүрэг. Унтах ёстой цагтаа чанартай нойрыг авч чадвал ядаргаа буюу мэдрэл сульдлын хам шинжээс сэргийлэх боломжтой. Дээрээс нь дасгал хөдөлгөөн, зөв хооллолт гэх мэт бусад зүйлс нэмэгдэнэ. Хаврын улиралд дур мэдэж витамин тариулахын оронд чанартай унтаж, эрүүл хоол идэж, уур бухимдлыг даван туулах хэрэгтэй. Энэ нь дээрх нөхцөл байдлаас зайлсхийх арга.

-СЭМҮТ-д ядаргаагаа эмчлүүлэх гэсэн иргэдийн ачаалал өндөр байдаг уу?

-Одоогийн байдлаар СЭМҮТ-д стрессийн нэг болон хоёрдугаар клиник хамт ажиллаж байгаа. Манайд 30 гаруй орны тоо бий. Оочер дараалал орны тооноос их байдаг. Эрт оочер авч чадвал сарын дараа хэвтэх боломжтой. Хүмүүс сүүлийн үед сэтгэцийн эрүүл мэнддээ ихээхэн анхаардаг болсонтой холбоотойгоор үзүүлж эмчлүүлэх хүмүүс их байна. Харин орны эргэлтийн хувьд өдөртөө нэг тасгаас 15 орчим хүн эмчлүүлж гараад 15 хүн зөрж орж ирдэг. Үйлчлүүлэгч тасардаггүй. Яг энэ эргэлтийн системээр долоо хоногийн хугацаанд 90-100 хүн хэвтэн эмчлүүлдэг.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button