Бээжин, Вашингтон хоёрын хэн буулт хийх бол гэдгийг дэлхий анхааралтай хүлээж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд эргэн ирснийхээ дараа БНХАУ-тай худалдааны дайн эхлүүлсэн. Тэрбээр БНХАУ-ын бараанд ногдуулах гаалийн татварын 145 хувь болгон нэмэгдүүлсэн юм. Үүний хариуд БНХАУ АНУ-ын бараанд 125 хувийн гаалийн татвар ногдуулсан.
Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улсын хооронд үүсээд буй худалдааны дайн олон улсыг донсолгоод байгаа. Тарифын улмаас хоёр улсын хоорондын худалдаа үндсэндээ зогсоно гэгдэж буй. Гаалийн татварын үр дүн харагдаж эхэлсэн. Ням гарагт /2025.04.20/ БНХАУ-ын “Xiamen Airlines” компани худалдаж авах ёстой байсан 55 сая ам.долларын үнэтэй Boeing 737 Max загварын онгоц буцаж АНУ-д газардсан байна. Учир нь БНХАУ-ын 125 хувийн гаалийн татварын улмаас тус онгоцны үнэ хоёр дахин нэмэгдэх байсан юм. “Xiamen Airlines”-ийн авах байсан өөр нэгэн “Boeing” компанийн онгоц БНХАУ-аас буцаж нисэж АНУ-д даваа гарагт /2025.04.21/ газардсан байна.
Трамп өнгөрсөн долоо хоногт худалдааны дайныг нэмж хурцатгах хүсэлгүй байгаа гэх мессеж өгсөн. Тэр “Гаалийн татварыг илүү өндөр болоосой гэж би хүсэхгүй байна. Учир нь өсгөсөөр байвал хүмүүс юм худалдаж авах боломжгүй болно. Тийм учраас би тарифыг нэмэх шийдвэр гаргахгүй байж магадгүй. Хүмүүс юм худалдаж авахыг би хүсэж байгаа. Тариф нэмэгдсээр байвал хүмүүс юм худалдан авахгүй шүү дээ” гэж хэлсэн.
БНХАУ ч гэсэн тарифын тооны тоглоомд хариу өгөхгүй хэмээж татварыг дахин нэмэгдүүлэхгүй гэсэн дохио өгсөн байгаа. Трамп хэлэхдээ тариф ногдуулснаас хойш БНХАУ харилцаа тогтоосон, мөн хоёр тал тохиролцоонд хүрч чадна гэдэгт өөдрөг үзэлтэй байгаа хэмээсэн. Хоёр тал харилцаатай байгаа гэсэн ч “Reuters” агентлагт эх сурвалжууд хэлэхдээ хэлцэлд хүргэх хэмжээний чөлөөтэй, өндөр түвшний харилцаа үндсэндээ байхгүй гэжээ.
Хоёр тал худалдааны дайныг хурцатгах хүсэл байхгүй гэх утгатай зүйл хэлсэн ч одоо хэн нь эхэлж хэлэлцээний гараа сунган буулт хийх вэ гэх асуулт олон хүнд төрөөд байгаа юм.
Канадын Ази номхон далайн сангийн судалгаа, стратеги хариуцсан дэд ерөнхийлөгч Вина Наджибулла “145 хувийн гаалийн татвар гэдэг нь БНХАУ АНУ-руу бараа экспортлохыг боломжгүй болгоно. Хоёр улсын эдийн засагт үзүүлэх хор хөнөөл онцгой өндөр байх болно. Тус хоёр улсын эдийн засгийг бүрэн салгаж, тусгаарлана гэдэг нь боломжгүй зүйл. Хэн түрүүлж буулт хийх вэ гэдэг нь хэн илүү өвдөлтийг тэвчиж, хэн сайн бэлтгэлтэй байхаас хамаарна” гэжээ.
Худалдааны дайнд АНУ давуу талтай гэж үзэх шалтгаан бий

Трамп хэлэлцээний ширээнд суух эсэх нь БНХАУ-аас шалтгаална гэдгээ тодорхой илэрхийлсэн. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролин Лэвитт Трампын хэлсэн үгийг иш татахдаа “Бөмбөг одоо Хятадын гарт байгаа. БНХАУ-д бидэнтэй гэрээ хийх хэрэгцээ байгаа, харин бид тэдэнтэй хэлэлцээ хийх шаардлагагүй” гэсэн байна.
Худалдааны дайн эхлэх үед АНУ-ын эдийн засгийн нөхцөл байдал БНХАУ-ынхтай харьцуулахад харьцангуй хүчтэй байсан. БНХАУ-ын эдийн засаг ажилгүйдлийн түвшин өндөр, дотоодын хэрэглээ сул зэрэг хүндрэлүүдтэй тулгарч байгаа. Ийм учир Трампын захиргаа эхэндээ худалдааны дайнд ялна гэдэгтээ итгэлтэй байсан юм.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент БНХАУ тарифаа нэмсний дараа “Миний бодлоор БНХАУ хариу арга хэмжээ авсан нь том алдаа. БНХАУ бидэнд нэмж тариф ногдуулснаар бид юу алдах вэ? Тэд АНУ-руу экспортолдог хэмжээний тавны нэгийг л бид БНХАУ-руу экспортолдог. Тиймээс худалдааны дайн бол тэдний хувьд хожишгүй тоглоом” гэжээ.
Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд явагдсан худалдааны дайны үеэр БНХАУ гаалийн татварын зардлыг бууруулахын тулд юанийн ханшийг албаар сулруулсан. Тухайн үед АНУ БНХАУ-ын бараанд 7.5-25 хувийн гаалийн татвар ногдуулаад байсан юм. Харин энэ удаа 145 хувийн гаалийн татварын цохилтыг намдаахын тулд юанийн ханшийг бууруулъя гэвэл БНХАУ-аас гарах капиталын урсгал нэмэгдэж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ. Гурван оронтой тоотой гаалийн татварын эсрэг юанийн ханшийг ашиглана гэвэл маш их хэмжээгээр бууруулах шаардлагатай. Юанийн ханшийг хэт их бууруулвал импортын үнийг их хэмжээгээр нэмэгдүүлж, юаниа ам.доллар, евро болгох гэсэн урсгал нэмэгдэнэ.
Мөн БНХАУ эзэмшиж буй 760 тэрбум ам.долларын АНУ-ын засгийн газрын бондоо зарах гэж оролдвол юанийн ханш өсөж, БНХАУ-ын экспортыг илүү үнэтэй болгоно. БНХАУ нь экспортоо олон улсанд өрсөлдөх чадвартай байлгахын тулд албаар юанийн ханшийг бага хэмжээнд барьдаг билээ. Иймд юанийн ханшийг өсгөх хүсэл БНХАУ-д байхгүй.
Гэх мэт шалтгааны улмаас Трампын захиргаа худалдааны дайнд ялна гэдэгтээ итгэлтэй байв. Олон улсын эдийн засгийг судлах Петерсоны хүрээлэн өнгөрсөн жил тооцоолол гаргахдаа Вашингтон Бээжин хоёр бие биедээ ногдуулах татвараа 60 хувиар нэмбэл БНХАУ-ын эдийн засагт 770 тэрбум ам.доллар, АНУ-ын эдийн засагт 327 тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ гэсэн юм
Гэхдээ шинжээчдийн үзэж буйгаар Бээжин Трампын анхны бүрэн эрхт хугацаанаас хойш худалдааны дайнд бэлтгэж эхэлсэн байна.
БНХАУ-ын эдийн засаг хүндхэн байгаа, худалдааны дайнд ялагдана гэж Трампын захиргаа буруу тооцоолсон байх магадлалтай
“Atlantic Council”-ийн олон улсын Хятадын төвийн ахлах ажилтан Декстер Тифф Робертс “Al Jazeera” агентлагт хэлэхдээ “БНХАУ тарифын сүрдүүлэгд хурдан хариу өгч, хэлэлцээний ширээнд сууна гэж Трампын захиргаа буруу тооцоолсон” гэж хэлжээ. Энэ сарын эхээр Хятадын коммунист намын өмчит “People’s Daily” сонин нийтлэлдээ БНХАУ нь АНУ-тай үүссэн сүүлийн найман жилийн худалдааны хурцадмал байдлаас баялаг туршлага хуримтлуулсан хэмээсэн юм.
Хятад сүүлийн олон жилийн турш гадаад худалдаагаа АНУ-аас холдуулж ирсэн. Үүнд АНУ-аас авдаг зарим хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ Бразилаас авч эхэлсэн гэх мэт алхам багтаж буй. Мөн 2018 онд БНХАУ нийт экспортынхоо 19.2 хувийг АНУ-руу хийдэг байсан бол 2024 онд энэ тоо 14.7 хувь болж буурчээ.
Мөн БНХАУ нь АНУ дотооддоо хямд үнээр үйлдвэрлэх боломжгүй зүйлсийг АНУ-руу гаргадаг. Үүнд iPhone, компьютер гэх мэт цахилгаан бараа багтдаг. Ийм ч учраас Трамп бүх орноос орж ирэх 20 гаруй төрлийн цахилгаанд барааг татвараас чөлөөлсөн. Үүнд БНХАУ-аас орж ирэх бараа багтаж байгаа учир зарчмын хувьд Трамп эхэлж буулт хийсэн байгаа юм.
АНУ дотооддоо хангалттай үйлдвэрлэх боломжгүй зүйлсийн нэг нь орчин үеийн цахилгаан бараа болон дэвшилтэт технологи үйлдвэрлэхэд хэрэг болдог газрын ховор металлууд. БНХАУ худалдааны дайны хүрээнд зарим газрын ховор металлыг АНУ-руу экспортлохыг хориглосон. Хятад газрын ховор металлын олон улсын салбарыг баздаг, 2023 онд л гэхэд тус улс дэлхийн нийт газрын ховор металл үйлдвэрлэлийн 69 хувийг бүрдүүлсэн билээ. Дээрх шалтгаануудыг харвал БНХАУ худалдааны дайнд өөрсдийгөө давуу талтай гэж бодож байж магадгүй. Мөн БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин дэлхий дахинд олон талт байдлыг дэмжигч гэх имижийг үүсгэсэн учир АНУ-д буулт хийх нь тус имижийг эрсдэлд оруулна гэж Робертс хэлжээ.
Хоёр улсын аль нь ч давуу талтай байсан худалдааны дайнаас болж бүгд хохирно. Эцсийн эцэст аль ч талд эдийн засгийн томоохон хохирол учрах тул АНУ, БНХАУ хоёрт хэлэлцээ хийж худалдааны дайныг намдаах асар том ашиг сонирхол бий. Одоо хэн нь эхэлж буулт хийх бол гэдгийг олон улс анхаарал тавин хүлээж байна.
Эх сурвалж: Al Jazeera, Time
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэг т�##� нь дээрэлхэж байна. Тэгэхээр харилцан буулт хийнэ гэж буруу ярьж байна
Жомбого Трамп