нийгэм

Хоёр салаавчны учир

НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалангийн нүүр номдоо бичсэн Нарангийн энгэрийн амьдралын тухай харьцуулалтаас үүдсэн маргаан шүүмжлэл дагуулсан хэвээр байна. Уг асуудал ням гарагийн орой хөндөгдөж эхэлсэн ч одоог хэр нь намжилгүй лавширсаар өнөөдрийг хүргэлээ. Өчигдрийн тухайд түүн дээр иргэн Даваагийн Мөнх-Эрдэнэ очиж лайв хийж маргалдсан. Тэд ойлголцолд хүрч чадалгүй хараалын үгс шидэлцэж, харилцан салаавч гаргаж, гар хүртэл зөрүүлж, олны анхаарлыг бүрэн татав.

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ түүнийг улсаас 25 тэрбум төгрөгийн тендер авсан. Хувийн компанийн ажилчдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллуулж байгаа. Олон хүнийг үндэслэдгүйгээр ажлаас нь халсан. Цэнгэлдэхийн ногоон зүлгэний асуудалд хариуцлага хүлээгээгүй, хэнд ч нөхөн олговор олгоогүй гэх зэргээр хэлсэн. Үүнийгээ баримттай гэж тодотгосон. Эл үйл явдалтай холбогдолтойгоор Ж.Энхжаргалан оройн 18 цагийн орчимд тодорхой хэдэн хэвлэлд тайлбар мэдээлэл өгсөн. Ингэхдээ Д.Мөнх-Эрдэний хэлсэн бүх мэдээлэл худал. Над руу зохион байгуулалттайгаар дайрч байна гэх агуулга бүхий мэдэгдэл хийсэн. Бүтэн өдрийнх нь зураглалаар харвал тавилттай жүжиг байсан ч байж магадгүй гэх олон нийтийн хардлага ч хөвөрлөө. Нөгөө талд эсрэг талаас шидсэн чулуунд Ж.Энхжаргаланг оногдлоо гэх хэсэг ч байна.

Хууль зөрчсөн гэх үндэслэлээр дурдагдсан зарим мэдээллийг нягталж үзвэл Ж.Энхжаргалангийн удирдаж байгаа Төв цэнгэлдэх хүрээлэн сүүлийн хоёр жилийн хугацаанд огт шилэн данс хөтлөөгүй байна. Энэ нь хууль зөрчиж буй үйлдэл мөн үү гэвэл мөн. Учир нь өнгөрөгч оны дөрөвдүгээр сард төв цэнгэлдэхийг 100 хувь Нийслэлийн эзэмшилд авсан. Нийслэлийн эзэмшил гэдэг нь төрийн өмч болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагуудын адил шилэн дансаа хөтлөх үүрэгтэй. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч сар шилэн дансаа хөтлөлгүй орхижээ.

Харин түүний удирддаг “Би Ари Би саунд” хувийн компани 25.9 сая төгрөгийн нийт өртөгтэй улсын тендерт шалгарч байсан юм байна.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button