БНХАУ-ын төрийн хэвлэл АНУ хэлэлцэхээр холбогдсон гэжээ

БНХАУ-ын төрийн өмчит хэвлэл “Yuyuan Tantian” сошиал хуудас дээрээ гаалийн татварын асуудлаар хэлэлцэхээр АНУ холбогдсон хэмээсэн байна. Тус хэвлэл Weibo хуудас дээрээ нэрээ нууцалсан эх сурвалж иш татан нийтлэл оруулахдаа “АНУ тарифын асуудлаар ярилцах хүсэл тээж БНХАУ-тай олон сувгаар холбогдсон” гэжээ. Тус нийтлэл Бээжин хэлэлцээ хийхэд нээлттэй буйг харуулж байж магадгүй юм.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент, Цагаан ордны эдийн засгийн зөвлөх Кевин Хассет зэрэг Америкийн албан тушаалтнууд худалдааны хурцадмал байдлыг намжаах ахиц гарна гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн. Хассет “CNBC” агентлагт хэлэхдээ хоёр улсын засгийн газрын хооронд сул яриа хэлэлцээ олон удаа хийсэн гэж хэлжээ.
Бессент “Fox Business Network”-тай ярилцахдаа тодорхой хэлцэл хийгээгүй байгаа ч ямар нэгэн хэлэлцээ эхлүүлэхээс өмнө өндөр тарифыг бууруулах хэрэгтэй хэмээсэн юм. Тэр “БНХАУ тохиролцоонд хүрэхийг хүснэ гэдэгт би итгэлтэй байна. Миний хэлсэнчлэн энэ нь олон шат дамжлагатай үйл явц байх болно. Эхлээд бид хурцадмал байдлыг намжаах хэрэгтэй, дараа нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр илүү том худалдааны хэлэлцээрт анхаарлаа хандуулна” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.