Нийгмийн

Байр суурь: Сэтгүүл зүйн салбарын хүний нөөцийн асуудал редакцуудын толгойн өвчин болжээ

Иргэд улс төр, нийгэмд өрнөж буй үйл явцын талаар цогц, хараат бус, найдвартай мэдээлэл авах эрхтэй. Үүнийг хэвлэл мэдээлэл ханган ажилладаг. Тиймд энэ салбар цаг үе, өвчин тахал, байгаль цаг уураас үл хамаарч өдөр бүр хурдацтай, шуурхай ажиллаж шаардлагатай.

Атал манай салбарт тулгамдаж буй олон асуудлын нэг ажиллах хүч, боловсон хүчний нөөц болоод байна.

Цаг наргүй, аюул, эрсдэлтэй гэхчлэн ажлын онцлогоос хамаарч энэ салбарт ажиллагсдын тоо жилээс жилд хумигдаж, шинэ боловсон хүчний сэлгээ явагдахаа больж, хаа сайгүй сэтгүүлч хайсан редакцууд бий болов.

Иймд бид энэ удаа сэтгүүл зүйн салбарын боловсон хүчний хомстол, түүний учир шалтгаан асуудлыг тал талыг байр сууринаас хүргэж байна.

Энэ үүднээс сайн ажилтныг хэрхэн тогтоох, шинэ боловсон хүчинд тулгамдаж буй асуудал нь юу байгаа. Салбарын хөгжил урагшилж байгаа юу. Ямар асуудал сэтгүүлчдийн ажилд нөлөөлж байна зэрэг асуудлаас сэтгүүлчээр суралцаж буй оюутан, ажиллаж буй залуу сэтгүүлчид, ажлаасаа гарч, салбараа сольсон сэтгүүлчид, байгууллагын удирдлага, олон жил ажилласан туршлагатай сэтгүүлч нарт зарим асуултыг тавилаа.

Ингээд тэдний байр суурийг хүргэе.


Хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж буй сайтын эрхлэгч, ерөнхий редактор, олон жилийн ажилласан телевизийн сэтгүүлч нар салбарынхаа хүний нөөцийн асуудалд ямар байр суурьтай байна вэ. Тэд шинэ, залуу сэтгүүлчдэд ямар нөхцөл санал болгодог вэ?

“eguur.mn” мэдээллийн сайтын эрхлэгч Б.Мядагбадам

-Залуу эрхлэгчийн хувьд анхнаасаа л аль болох шинэ хандлагыг бий болгоё, төлөвшүүлье гэж зорьсон. Жил бүр нэг ажилтандаа орон сууцны урьдчилгаа босгож өгөх, автомашин бэлэглэх, бүтэн жилийн цалинг нь нэг дор урамшуулал хэлбэрээр олгох зэрэг тогтсон “хөөрхөн” жишгүүд манайд бий. Нөгөө талаар эрх чөлөөтэй туурвих, хэн нэгнээс хараат бус ажиллах талбарыг нь үүсгэе, сэтгүүлчдээ улстөрчдийн нөлөөнөөс хамгаалдаг байя, элдэв халтуурын ажлаас ангид байж, цэвэр үндсэн цалингаар амьдралаа авч явах боломжийг нь бий болгоё гэж хичээж ирсэн. Эдгээр зорилгодоо тодорхой хэмжээнд хүрсэн, хүрч байгаа.

Харин залуу ажилчид хэсэгхэн хугацаанд л өөрөө өөртэйгөө, хувь хүнтэйгээ ажиллахад ирээдүйд хүртэх боломж нь олон гэдгийг бодолцож үздэггүй шиг санагддаг. Эхний нэг сардаа л шүүмжлэл зэмлэл хүртээд, оройтон сууж ажиллаад ажлаас гарах шийдвэр гаргах нь элбэг шүү.

Уг нь залууст сэтгүүл зүй хийх өргөн боломж байна. Технологийн хөгжил маш том давуу тал болсоор байна. Өөртэйгөө ажиллаж, өөрийгөө шахаж, хөдөлмөрлөж чадвал богино хугацаанд энэ салбарын нэгэн томоохон өнгө төрх болж чадна. Монголчууд ер залуу үедээ найддаг, тэднийг дэмжихийг эрмэлздэг сэтгэхүйтэй ард түмэн. Харин залуусыг үе хоорондын сэтгэлгээний ялгаа, өөрийн давуу болон сул талыг үнэлж цэгнэн, асуудлыг урт хугацаанд нь том дүр зургаар харж, 2-3 жил л тогтвортой ажиллачхаасай, өөрийгөө бүтээгээд аваасай гэж хүсдэг. Тэр боломжийг нь энэ төвөгтэй зах зээлд бий болгочихын төлөө эрхлэгчийн хувьд шантрах эрхгүй зүтгэсээр яваа. Ер нь амьдралдаа тохиолдсон үйл явдлыг өргөн агуулгаар дүгнэж цэгнэж сурахын тулд унших, мэдлэг боловсролоо тэлэх хэрэгтэй.

Ажиллах хүчний даруй 90 хувийг залуу үе бүрдүүлдэг. Гэтэл тогтвортой бус байх нь элбэг. Нөгөө талд редакц өөрөө чадавхжиж, цаг тутам сайжирмаар байдаг. Арай нэг дөр сууж байснаа гараад явчихаар, бид бүгдийг шинээр эхэлдэг. Энэ нь редакцын хөгжилд ч тээг болж байгаа юм. Иймд залуу үеийг сэтгэл зүйтэйгээ ажиллаж сураасай, өөрийнхөө өмнө завсаргүй хөдөлмөрлөх 1-2 жилийг гүрийгээд бий болгочихдог байгаасай л гэж хүсдэг дээ.

 “iSee.mn” мэдээллийн сайтын ерөнхий редактор Т.Хулантахь

-Редакцууд ер нь залуу хүн ажилд авах нийтлэг сонирхолтой. Шинэ хүн сургаж, салбартаа сайн боловсон хүчин бэлтгэх, эрч хүч, өнгө төрх гээд олон зүйлийг нь харгалзаж үзээд залуу сэтгүүлчтэй болох сонирхол хэвлэлийн байгууллагуудад бий. Үүний адил iSee.mn сайт ч мөн шинэ залуу сэтгүүлч авч редакцын нийтлэлийн бодлого, соёл гээд бүх зүйлээ эхнээс нь сургаж шинэ боловсон хүчин бэлтгэх зорилго тавьж ажилладаг. Тиймээс залуусыг ямар ч туршлага шаардалгүй эхний өдрөөс нь цалинжуулаад авдаг. Ажлын байраа ч мөн эрүүл зөв байлгах тал дээр анхаарч шинэ ажилтнуудаа халуун дотноор хүлээн авдаг. Гэвч цөөн хэд нь л тогтож, дийлэнх нь удалгүй ажлаасаа гарч байна. Арван жилийн өмнөхтэй харьцуулаад харахад залуу сэтгүүлч нар юм суралцъя гэхээс илүүтэй тав тухыг шаардаж, сэтгүүлчийн ажлын онцлогоос шууд халшрах байдал илүүтэй илэрдэг болсон байна.

Залуус өөрсдийнхөө тав тухыг эрхэмлэж ажиллахыг буруутгахгүй. Гэхдээ манай салбарын хувьд шаардлагатай бол шөнө, амралтын өдөр хамаарахгүй ажилладаг. Ямар ч үйл явдал руу шууд орж тэнцвэртэй ажилладаг. Мэдээж бичих, ярих сэвдээ маш сайн мэддэг байхын тулд тал талын мэдлэгтэй болох шаардлагатай байдаг гэх мэт ажлын онцлогыг шинэ, залуу сэтгүүлчид хүлээж авч чадалгүй шантарч байна.

Хамгийн гол нь одоо редакцуудад сэтгүүлч олдохгүй байна. Хүний нөөц манай салбарын хувьд тулгамдсан асуудал болоод байна. Их дээд сургуулиуд жилд хэдэн зуун хүүхэд сэтгүүлчээр бэлтгэн, төгсгөж байгаа. Гэтэл шинэ төгсөгчид маань мэргэжлээрээ ажиллахгүй байна. Тэд ихэвчлэн гадаадад ажиллах, өөр салбарт орох сонирхолтой байна. Залууст ер нь монголдоо ажиллах бодол байхгүй байгаа нь манай салбарын хүний нөөцийн асуудалд бас нөлөөлж байна. Тиймээс одоо сэтгүүлч олох нь маш ховор, олдсонтой нь ажиллах бас хүндрэлтэй болоод байна. "Яаж нэг гайгүй сэтгүүлч олж авах уу" гэдэг редакцуудын толгойны өвчин болоод байна. Уг нь одоо редакцууд харьцангуй мэдрэмжтэй болж ажиллах орчин, цалингаа нэмэгдүүлээд байгаа.

“Eagle” телевизийн сэтгүүлч, тоймч Г.Байгаль

-Бид өөрчлөгдөх ёстой. Хүүхдүүд яагаад шантраад байгааг анзаарах хэрэгтэй. Ажлын байрны орчин эрүүл байх ёстой. Тэрнээс биш “бидэнтэй зохицохгүй байна яв” гэдэг хандлага байж болохгүй.

Манай салбар цагийн хувьд, ачааллын хувьд өөрчлөгдөж байж сайн хүнийг тогтоож, барьж үлдэнэ. Бид “Өмнө нь ингэж загнуулдаг байсан. Гар хөлийн үзүүрт гүйдэг байсан” гэх хандлагаа өөрчлөх ёстой. Цаг үе өөрчлөгдөж байна. Бид дагаж өөрчлөгдөх ёстой. Шинэ хүнтэй яг ажилтан шиг харьцах ёстой. Цалинг нь цагт нь өгдөг байх ёстой. Хөдөлмөрийн зах зээл хувьсан өөрчлөгдөж байна. Тэр орчныг нь бүрдүүлэх нь зүйтэй.

Нөгөө талд ажиллаж байгаа хүн бас хариуцлагатай байх ёстой. Ажлаа гэсэн чинь сэтгэл зүтгэлтэй байх ёстой. Хоёр талын итгэлцэл, хамтын ажиллагаагаар явах ёстой гэж хардаг. Үнэхээр мэргэжилдээ дуртай, ажиллах сонирхолтой, зүтгэлтэй хүүхдүүд шантарч байвал манай салбар өөрөө ямар байна вэ гэдгээ харах ёстой байх. 


Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй залуу сэтгүүлчид ямар байр суурьтай байна вэ?

-Сэтгүүлзүйн салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна, энэ салбарт ажиллахад тулгардаг бэрхшээлүүд гэвэл юуг нэрлэх вэ. Шантрах тохиолдол гарч байна уу?

Г.Хэрлэн: Би МУИС-ийг 2024 онд төгссөн. Иймд сэтгүүлзүйн салбарт эхний жилдээ ажиллаж байна. Аливаа ажлын байранд гарсан эхний жил л хамгийн хүнд байдаг гэдэг. Яг үүнийг биеэрээ туулаад явж байна. Оюутан байхдаа сэтгүүлч болоод бүх зүйлийг анхнаасаа төгс хийж чаддаг болох юм шиг санагддаг байлаа. Оргилсон хүсэл тэмүүлэлтэй ажлын гараагаа эхэлсэн. Гэвч сэтгүүл зүйн салбарт ажиллах тусам өөрийгөө юу ч мэдэхгүй, чадахгүй байгаагаа улам бүр ойлгож байна. Манай сэтгүүл зүйн салбарын хамгийн сайхан тал нь л энэ байх. Өдөр бүр шинэ хүн, сэдэв, үйл явдалтай учирдаг болохоор үргэлж сорилттой байдаг. Ёстой л сайн хамт олныг сонгон орж ирсэн тулдаа би сайндаа биш хамт олон минь намайг хөтөлсөөр өдийг хүрлээ. Өдөр бүр л шантарч бас урам зориг ордог.

Т.Бямбажаргал: Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна. Бусдын мэдэх эрхийн төлөө ажилладаг биднийг зарим иргэд “хандалтын төлөө, бусдыг боддоггүй, өлөн” зэргээр тодорхойлох нь бий. Гэтэл бид чинь өөрсдийнхөө төлөө биш хүмүүс энэ зүйлийг мэдээсэй, энэ мэдээг нэг ч гэсэн хүн сонсоосой гэх үүднээс мэдээллээ бэлтгэн хүргэдэг. Мөн сэтгүүлч нар олон нийтийн өмнө ажилладаг учраас бидний хийсэн ажил бүрийг иргэд үзнэ, үнэлнэ, дүгнэнэ. Нэг талаасаа маш их хариуцлага шаарддаг ажил. Нөгөө талаасаа бидэнд маш их дайралт, шахалт, дарамт орж ирдэг. Бид эх сурвалжаа хамгаалах ёстой. Гэтэл энэ мэдээг хаанаас авсан, хэнээс сонссон, яг одоо устга, та нар хүний нэр төрд халдаж байна гэх мэт дайралтууд их орж ирнэ ээ. Тэр нь үнэхээр л худал биш үнэн мэдээлэл байхад шууд сэтгүүлч рүү, хувь хүн рүү нь дайрч, доромжлох, бүр цаашилбал сүрдүүлэх хандлага ч бишгүй тохиолдож байлаа. Тэр бүгдэд нугарах үе байх ч мэргэжилдээ дуртай учраас даваад гарна, бууж өгөхгүй, энэ ганцхан надад тохиолдож байгаа асуудал биш, бусад бүх сэтгүүлч үүнийг туулж, давж гарсан л байгаа гэж өөртөө итгүүлдэг.

Мөн энэ салбарт ажиллахад мэдээлэл бүрд эх сурвалж маш чухал. Эх сурвалжаа оновчтой тодорхойлох, түүнээсээ хэрэгтэй мэдээллээ бүрэн төгс авах, түүнийгээ өөр бусад баримтуудаар батлах гэх мэтчилэн асуудлууд ар араасаа хөвөрнө. Гэтэл сэтгүүлч нарын эх сурвалжаа хамгаалах эрх зүйн орчин дутмаг шүү дээ. Эх сурвалжаа хамгаалах талаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдаж байгаа ч тэр хуульд ч бас сэтгүүл зүйн эрхийг хааж, боомилсон олон заалт байгааг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Энэ салбарт ажиллахад нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудал нь энэ ч гэлээ өөр бусад асуудлууд ч олон бий. 

А.Тэмүүлэн: Сэтгүүл зүйн салбарт хоёр дахь жилдээ ажиллаж байна. Мэдээж уг мэргэжлээр ажиллахад сайхан тал байхын зэрэгцээ бэрхшээл ч олон бий. Бид өдөр тутамдаа олон салбарын өөр өөр мэргэжилтэй хүмүүстэй уулзаж мэдээлэл авдаг. Энэ явцад тухайн мэргэжлийнх нь үйл ажиллагааны талаар ойлголт дутмагаас буруу зөрүү асуулт тавих үе олон. Эхэндээ үүндээ өөрийгөө их зэмлэж, “Би чадахгүй юм байна” гэж боддог байсан ч одоо бол “Сэтгүүлч чиглүүлэх үүрэгтэй” гэж үзэх болсон. Мөн бодит байдлыг дамжуулахын тулд олон талын эх сурвалжийн мэдээллийг хүргэхийг зорьдог. Гэтэл төрийн байгууллагуудын хувьд мэдээлэл өгөхөөс татгалзах, бие бие рүүгээ “чихэх” тохиолдол элбэг. Мөн хэвлэлийн албанаас бэлтгэсэн мэдээнээс өөрөөр мэдээлэл өгөх боломжгүй гэх үе ч бий. Мэдээллийн эрэл хайгуулын үндсэн дээр тэдний попороод байгаа зүйлс худлаа болохыг баримттайгаар гаргаж ирэхээр “битгий нийтлээч” гэж гуйна, бас дарамтална. Зарим нь “Нийтлэлээ явуул, бид хянамаар байна” гэж холбогдсон ч тохиолдол бий. Сэтгүүлч нар тэдэнд мэдээллээ хянуулах ёсгүй. Тийм байдлаар дарамталж буй хүмүүс олон нийтийн мэдэх, хэвлэн нийтлэх эрхэд халдаж буйгаа ойлгох хэрэгтэй болов уу. Гэхдээ л хөндсөн асуудлын минь мөрөөр шийдвэрлэгдсэн зүйлсийг харах нь цаашид хичээнгүйлэн ажиллах урам өгдөг.

Ө.Анхзаяа: Энэ салбарт долоо дахь сардаа ажиллаж байна. Шантрах үе гарч байсан. Ажил төрөл бүтэхгүй мухардалд орсон үедээ их шантардаг. Зарим өдөр больчихдог ч юм бил үү гэж боддог. Гэхдээ өдөр өдрийн өнгө өөр шүү дээ. Тулгардаг бэрхшээл гэвэл төрийн байгууллагуудаас мэдээлэл авах их хэцүү болсон юм шиг санагддаг. Яг үнэндээ дан ганц төрийн байгууллага гэлтгүй ярилцлага, мэдээлэл өгөх хүн ховордож, нийгмээрээ айдастай болчхов уу даа гэж хардаг.

-Энэ салбартаа хэдэн жил үнэнч ажиллана гэж төсөөлдөг вэ?

Г.Хэрлэн: Миний л сонгосон мэргэжил тул насаараа  ажиллаж сэтгүүлч шиг сэтгүүлч болохыг хүсдэг. Үнэндээ хэзээ сайн сэтгүүлч болохоо мэдэхгүй байгаа ч тууштай байх нь хамгийн зөв зам байх. Сэтгүүлзүйн салбар надаар дутахгүй байж болох ч би үргэлж сэтгүүлзүйн салбараар үргэлж дутах юм шиг санагддаг.

Т.Бямбажаргал: Дундуур нь хазайж мэдэх ч насаараа энэ салбартаа ямар нэгэн үүрэг оролцоотой л байх юм сан гэсэн бодолтой байдаг.

А.Тэмүүлэн: Сэтгүүл зүйн чиглэлээр ажиллаж эхлэхээсээ өмнө нэг насаараа л ажиллана гэж боддог байлаа. Уучлаарай, харин одоо бол 10 жил ажиллаж, тэсэж үлдэх, эсэхээ сайн мэдэхгүй юм.

Ө.Анхзаяа: Энэ мэргэжлээр сурахаасаа өмнө, бас суралцаж байхдаа тэтгэвэрт гарах хүртлээ мэргэжлээрээ ажиллана гэдэгтээ итгэлтэй байсан. Харин одоо энэ итгэл маань жаахан суларсан. Мэддэг байх, мэдэрсэн байх хоёр их өөр юм байна.

-Залуу сэтгүүлч энэ салбартаа тэсэж үлдэхийн тулд юуг даван туулах шаардлага бий болж байна гэж хардаг вэ?

Г.Хэрлэн: Сэтгүүлчийн ажил нь дундаж цалинтай тул ихэнх залуус амьдралаа босгохын тулд салбараа сольж байгаа харагддаг. Санхүүгийн саад бэрхшээл залууст мундахгүй л дээ. Мөн оюуны хөдөлмөр учраас өдөр бүр шинэ сэдэв, санаа эрэлхийлдэг байх биеийн хүчний ажлаас илүү ядраадаг. Гэхдээ ямар ч ажил сайнтай, муутай. Тэр бүхэн хосолж байж л илүү амттай болно.

Т.Бямбажаргал: Залуу сэтгүүлч нарт “залуу” гэдэг утгаар нь зүй бус харилцаа зарим үед тохиолддог. Энэ дан ганц надад биш нийтэд тохиолддог асуудал. Тодруулбал, зарим албан тушаалтнууд ахмад сэтгүүлч, залуу сэтгүүлч нарын асуусан ижил асуултад өөр, өөрөөр хариулдаг. Үл тоож, басамжилсан өнгө аястай байдлаар хандах нь бий. Хамгийн гол нь салбарын настай эсвэл нэртэй сэтгүүлч нарын өмнө тэгдэггүй байж шүү дээ. Гэхдээ үүнийг ч бас сэтгүүлч бүрийн давж гарах зүйл гэж хардаг даа. Мөн сэтгүүлч хүн сэтгэлийн хаттай байх хэрэгтэй гэж боддог.

А.Тэмүүлэн: Юун түрүүнд мэргэжлээ сонгохдоо “зурагтаар гардаг гоё ах, эгч” гэсэн төсөөллөөр битгий хандаасай гэж хүсдэг. Ажлын гараагаа дөнгөж эхлүүлж буй залуусын хувьд мэргэжлийн редакцад нь ажиллах нь зөв болов уу. Редакцыг сэтгүүл зүйн сургууль гэж нэрлэж болно. Нийтлэл, нэвтрүүлгийн чанарыг дээшлүүлэхэд мэргэжлийн редакц анхаарч ажилладаг. Мөн дээр дурдсан дарамтын үед ч редакц хэрхэн хандахыг, сэтгүүлчээ яаж хамгаалахаа мэднэ. Бас багшийн минь хэлдэг “20 настай сайн сэтгүүлч байдаггүй юм” гэсэн үгээр өөрийгөө их өмгөөлдөг. Бид хийж л байгаа болохоор алдаж, онох үе бий шүү дээ. Харин ч алдаанаасаа суралцаад урагшлах хэрэгтэй.

Ө.Анхзаяа: Би оюутны ширээнээсээ салаад удаагүй, сэтгүүл зүйн салбарт удаан ажиллаагүй болохоор залуу сэтгүүлчид юуг даван туулах ёстойг сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ гол нь залуу сэтгүүлчид энэ салбарт тэсэж үлдэхийг хүсэх үү, үгүй юу гэдэг л юм шиг ээ. Магадгүй сэтгүүл зүйд аминаасаа ч илүү хайртай хүмүүс л эцсийг хүртэл тэсэж үлдэж чадах байх. Залуу сэтгүүлчид маань зориг, зорилго, хичээл зүтгэлтэй байвал юуг ч даван туулж чадна. Гол нь хэн нэгэн хүн тэдний зоригийг бага мохоогоосой гэж хүсдэг.

-Ирээдүй хэрхэн төсөөлөгдөж байна, сэтгүүлчийн мэргэжлээр тасралтгүй ажиллах боломж нөхцөл одоогийн нийгэмд бий гэж хардаг уу?

Г.Хэрлэн: Хүсэл байвал хаана ч зам бий. Тийм учраас мэргэжлээрээ илүү олон жил ажиллана. Түүнчлэн, сэтгүүлч мэргэжил нь олон тал руу хөрвөх боломжтой учраас бусад мэргэжилтэй харьцуулахад илүү олон давуу талтай.

Т.Бямбажаргал: Хэвлэл мэдээллийн эрх чөлөө улам хумигдаж байгаа. Судалгаа, дүгнэлтээр ч нотлогдож байна. Үүнийг цаашид засаж, залруулах олон боломж бий гэдэгт итгэдэг. Цаашдаа энэ салбарт тасралтгүй ажиллах эсэхээ сайн хэлж мэдэхгүй байгаа ч одоогийнхоо нөхцөл байдлаар бол мэргэжилдээ дуртай учраас олон жил ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаа.

А.Тэмүүлэн: Сэтгүүл зүйн үйл ажиллагаа нийгэмд ус, агаар мэт хэрэгтэй. Тиймээс цаашид улам ч илүү хөгжинө гэдэгт итгэдэг. Үүнд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нэмэр их байх болов уу гэж найдаж байна.

Ө.Анхзаяа: Би ирээдүйд сэтгүүл зүйн салбарт ажиллахгүй ч байж магад. Гэхдээ хаана ч ажилласан хүний төлөө л ажиллахыг зорьдог. Сэтгүүлчийн мэргэжлээр тасралтгүй ажиллах боломж одоогийн нийгэмд байгаа гэж боддог.


Ажлаа өгч, хэвлэл мэдээллийн салбараа солиод буй сэтгүүлчид ямар байр суурьтай байна вэ?

-Сэтгүүлчээр хэдий хугацаанд, хаана ажилласан бэ?

Э.Ариунаа: Миний хувьд news.mn мэдээллийн сайтад зургаан жил сэтгүүлчээр ажилласан бөгөөд өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч байлаа. Хамгийн бэрхшээлтэй нь улстөрчдөөс өөрт нь таалагдаагүй агуулга хөндсөний төлөө гүтгэлээ гэх үндэслэлээр хууль шүүхийн байгууллагад ханддаг нь төвөгтэй санагддаг.

Н.Ану: Өдөр тутмын мэдээллийн isee.mn сайтын “Эрэн сурвалжлах албанд” жил гаруй хугацаанд ажилласан.

-Ажлаасаа гарах болсон шалтгаан нь юу байв? 

Э.Ариунаа: Сэтгүүлчийн ажил цаг наргүй, ачаалалтай ажил шүү дээ. Ар гэртээ ялангуяа үр хүүхэддээ зарцуулах цаг зав хомс байдаг. Тэр тусмаа өдөр тутмын үйл явдал, сэдэв санаа хөөж сурвалжилдаг сэтгүүлчдэд амралтын өдөр ч амрах нь ховор л доо. Тархи байнга ажиллаастай.  Яаралтай үйл явдал сурвалжлах,  эх сурвалжтай уулзах цагаа төлөвлөх, түүнийгээ тогтсон хугацаанд бичвэр, материал болгох гэх мэт хувь хүний зохион байгуулалт нэлээд шаардсан ажил. Шөнө хүртэл сэдвээ бодох, зүүдлэх нь сэтгүүлч хүний хувьд байдаг л үзэгдэл. Тиймээс ар гэртээ цаг гаргах, орчноо өөрчлөх үүднээс ажлаа солих шийдвэрийг гаргасан. Бас ажлаасаа жаахан халширч эхлээд байсан үе таарсан л даа.  Зөвхөн надад гэлтгүй залуу сэтгүүлчдэд цалин, ажлын ачаалал, нийгмийн баталгааны асуудлаас болоод ажлаасаа халшрах шинж нийтлэг тохиолдож байгаа.

Н.Ану: Сэтгүүлчийн ажил маш завгүй, хурдтай байхыг шаарддаг бөгөөд ажлын онцлогоос хамааран хэт их ачаалалтай мөн цаг наргүй байх үе олон. Бага насны хүүхэдтэй гэр бүлийн хувьд ажлын онцлогоос хамааран олон асуудал тулгардаг. Мөн өөр байгууллагад ажиллаж үзэх, туршлага хуримтлуулах хүсэлтэй байсан тул ажлаасаа гарсан.

-Сэтгүүл зүйн салбарын хүндрэлтэй тал нь юу гэж хардаг вэ. Ажиллаж байхдаа ямар бэрхшээлүүдтэй тулгарч байв?

Э.Ариунаа: Сэтгүүлч хүний ажил бол баримтад тулгуурлан, олон талын эх сурвалжаар баталгаажуулж олон нийтийн мэдэх эрхийг хангаж байгаа л үйл явдал шүү дээ. Тэр тусмаа олон нийтийн эрх ашгийн төлөө хөндсөн сэвдүүд дээр нөгөө талын эрх ашгуудаас дарамт ирэх "гүтгэлээ, нэр хүндэд халдлаа, мэдээгээ устгачих" гэх гэдэг асуудал зөндөө л гарч байсан.  Хамгийн бэрхшээлтэй нь улстөрчдөөс өөрт нь таалагдаагүй агуулга хөндсөний төлөө гүтгэлээ гэх үндэслэлээр хууль шүүхийн байгууллагад ханддаг нь төвөгтэй санагддаг. Тиймээс одоо яригдаж байгаа Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг улам сайжруулж сэтгүүлчид эх сурвалжаа хамгаалах хуулиар хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх нөгөө талдаа сэтгүүлчийн эрх зүйн байдлыг бодитоор хамгаалах ёстой шүү дээ.

Н.Ану: Үйл явдлыг сурвалжлах, газар дээрээс нь мэдээлэх явцад заримдаа сэтгүүлчдийн эрх зөрчигдөх, мөн эх сурвалжаас авсан мэдээллийн дагуу мэдээлэл бэлтгэхэд дарамт шахалт их ирэх, эх сурвалжаа нууцлах үүргээ гүйцэтгэхэд хүндрэл, бэрхшээл их гардаг байсан.

-Дахин сэтгүүлчээр ажиллах уу?

Э.Ариунаа: Мэдээж тийм. Гэхдээ одоо хүн бүр л сэтгүүлч хийх боломжтой болчихсон цаг үе ирээд байна шүү дээ. Гол нь мэргэжлийн гэдэг агуулгаараа л ялгарч ажиллахыг хүсч байна.

Н.Ану: Хэвлэл мэдээллийн тухай хууль илүү боловсронгуй, сэтгүүлчдэд ээлтэй болвол ажиллах хүсэл бий.


Сэтгүүлч болохоор суралцаж буй оюунтаны төлөөлөл ямар байр суурьтай байна вэ?

-Сэтгүүлч мэргэжлээр хаана суралцдаг, хэддүгээр курс вэ?

-МУИС-д суралцдаг. Төгсөх курсийн оюутан.

-Төгсөөд салбартаа ажиллах хүсэлтэй юу?

-Төгсөөд заавал салбартаа ажиллана. Тэр тусмаа телевизэд ажиллана гэж боддог. Сэтгүүл зүйн үндсэн хэв шинжээ алдаагүй гэхдээ сонирхолтой контент бүтээгч болохыг хүсдэг.

-Сэтгүүл зүйн салбараас таалагддаг, ойлгомжгүй байдаг, муухай харагддаг зүйлс нь юу байдаг вэ. Энэ нь таны цаашид ажиллах бодолд нөлөөлдөг үү?

-Салбарын маань тухайд таалагддаг зүйлс маш их. Сэтгүүлчид нийгэмд өрнөж буй үйл явдлыг цаг алдалгүй мэдээлэхээс гадна сэдэв, асуудал хөндөж олон нийтийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн мэдэх эрхийг хангах үүрэгтэй. Олон цаг оффист суухгүй, Үйл явдал хаана өрнөнө тэнд сэтгүүлчид гүйж явдаг. Хаана ямар асуудал байна. Ямар гарц гаргалгаа шийдэл байна гэж үргэлж шинийг эрэлхийлж байдаг. Сайн муугаар хэлүүлдэг ч гэсэн олон сонирхолтой контент бүтээж үзэгчдийг цэнгүүлдэг болохоор салбартаа хайртай.

Миний бодлоор салбарыг муухай харагдуулдаг зүйл нь сэтгүүлчид бид өөрсдөө. Бид анхаарал татах гэж, хандалт авах гэж мэдээллээ сайн нягтлалгүй түгээж байгаа юм шиг санагддаг. Зарим нь бусдын нэр төрд халдаж байна. Олон нийтийн эрх ашиг хөндөгдөөгүй асуудал дээр хүний муу үзэж байгаа юм шиг шууд лайв дамжуулчхаад тэрийгээ сэтгүүл зүйн бүтээл гэж нэрлэдэг. Тэр бүхэн эргэжлийн ёс зүйгүй харагддаг. Сэтгүүл зүйн суурь зарчмаа ч ойлгоогүй хүмүүс сэтгүүлч гээд мик бариад явж байгаа санагддаг. Орчин үед ихэнх хүмүүс сэтгүүл зүйг сошиал гэж хардаг болчихсон нь нууц биш. Гэлээ гээд сэтгүүлчид чанартай сэтгүүл зүйн бүтээл бүтээх оролдлогоо хэрхэвч зогсоож болохгүй байх. Бид харин ч мэргэжлийн сэтгүүлчийн ур чадвар, ёс зүйгээрээ сошиал хэрэглэгчидээс ялгарах хэрэгтэй. Мэргэжлийн сэтгүүлчид чадварлаг бол олон нийт ч сошиалчид, мэргэжлийн редакц хоёрыг ялгаж мэдээлэлд шүүлтүүртэй хандах дархлаатай болох болов уу. Өрөөн дотроос “сэтгүүл зүй” хийдэггүй гэж багш нар маань байнга хэлдэг.

Дүгнэлт: Манай салбарт ажиллах боловсон хүчин байгаа ч ажлын ачаалал тэдний салбараа орхих шалтгаан болж байгааг дээрх байр сууринаас харж болно. Залуусын онцлог нь бүхнээ зориулж ажиллах бус гэр бүл, өөртөө цаг зав гаргах хүсэл тэмүүлэлтэй. Энэ нь салбарын цаг наргүй ажлын хуваарьтай нийцэхгүй байгааг нь залуу сэтгүүлч нар шантрах шалтгаан болжээ. Нөгөө талаас залуус сурах, боловсрох тэсвэр тэвчээр, сэтгэлгүй байгаа нь редакцуудын хөгжилд нөлөөлөхүйц толгойны өвчин болоод байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 3, 2025 09:36

Амжилт

Зочин
Зочин
5 сар 3, 2025 13:09

Сэтгүүлчээр ажиллахад улс төр, гоо зүйн асар өндөр боловсрол, логик сэтгэлгээ, уран чадвар маш чух�##� л даа. Өнөөдөр өөрсдийгөө сэтгүүлч гэж нэрлээд явж бгаа нөхөд дотор ийм шаардлагыг хангаж бгаа хүн бар аг байхгүй юм доо !
Бичиг үсэгт ч бүрэн дүүрэн сур�##�цаагүй, орчин цаги йн монгол хэл гэдэг хичээл үзээгүй, эх хэлээ ш/у-ны үндэслэлтэй сур�##�цаагүй, нийгэм-эдийн засгийн хөгж лийн зүй тогтлыг таниж мэдээгүй, цагдаархуу зан төрх тэй, микр барьсан баахан з�##�хуу хүмүүс л байх юм.
Тэдэнд нийгэмд тулгамдсан асуудлуудыг бу�####�ас түр үүлж хараад, олон нийтийн анхаарлыг тэр зүгт чиглүүл эн шийдлийг нь зөв олох чадвар байхгүй, харин ч захи �##�агаар шуугиан дэгдээх, шантааж хийхэд л тун сүрхий мэрэгшсэн ноход байх юмаа.

Зочин
Зочин
5 сар 3, 2025 19:03

Сэтгүүлч бол схан мэргэжил шүү. Хамгийн гол нь мэдээлэл нь үнэн бх ёстой , хүнийг их багаар ялгаварлахгүй болж өгвөл муу муухай бсан ч бага зэргийн снаар сүлж өгөх . Өмнөх үеийг сонсож авах гээхийн ухаанаар хандах, их унших , бичиг үсэг , хэл яриа, үйл хөдлөл , гадаад төрх гээд бүгдэд нь ач холбогдол өгч хандах нь чух�##� юм даа. Үзэг микрофон 2 барьсан хүн л сэтгүүлч гэвэл арай багадна .

Холбоотой мэдээ

Back to top button