Пап Францисын машиныг явуулын хүүхдийн эмнэлэг болгон Газын зурваст ашиглана

Гэгээн ширээт улсын тэргүүн агсан пап Францисын машинуудын нэгийг явуулын хүүхдийн эмнэлэг болгон өөрчилж, Газын зурваст ашиглах болжээ. Ватиканы албан ёсны хэвлэл ням гарагт /2025.05.04/ мэдэгдэл хийхдээ энэ нь Францисын сүүлийн хүслүүдийн нэг байсан гэсэн юм.
Францис 2014 онд католик шашны ариун нутагт (Израил, Палестины газар нутаг) айлчлахдаа тус машинтай явсан байна. Газын зурваст эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж дайны улмаас ихээхэн дордоод буй. Ийм учир тус машиныг оношилгоо, яаралтай тусламжийн тоног төхөөрөмжөөр тоноглож хүүхдүүдэд тусламж зорилгоор ашиглах аж. Өнгөрсөн сард таалал төгссөн Францис машиныг тоноглох ажлыг “Caritas Jerusalem” нэртэй хүмүүнлэгийн тусламжийн байгууллагад оноожээ. Машиныг халдварын түргэвчилсэн шинжилгээ, вакцин, оношилгоо олон оёдол тавих иж бүрэн багаж хэрэгслээр тоноглоно.
Тус төслийг дэмжиж буй Шведийн “Caritas Sweden” байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Питер Бруне “Газын зурвас дахь эрүүл мэндийн тогтолцоо бараг бүхэлдээ сүйдээд буй үед энэ нь хүний амь насыг аврах бодитой арга хэмжээ юм” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.