Гал зогсоохгүй бол ОХУ-д шинэ хориг тавьж магадгүй гэж Макрон хэллээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мягмар гарагт /2025.05.13/ хэлэхдээ хэрвээ Москва гал зогсоохыг зөвшөөрөхгүй бол ирэх өдрүүдэд ОХУ-д нэмэлт хориг тавихыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Санхүүгийн үйлчилгээ, газрын тос, байгалийн хийд нь хориг тавьж болно гэж тэр хэлсэн байна.
Макрон “TF1” телевизэд ярилцлага өгөхдөө “Хэрэв Москва гал зогсоохоос татгалзвал бидний зорилго бол ОХУ-д ирэх өдрүүдэд шинэ хориг тавих. Бид энэ тал дээр хамтран ажиллаж байгаа” гэжээ. Макроны хэлсэн зүйлтэй ижил мессежийг Германы Канцлер Фридрих Мерз мягмар гарагийн өглөө өгсөн байна. Мерз хэлэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гал зогсоохыг зөвшөөрөхгүй бол Европын холбоотнууд Оросын эсрэг тавьсан хоригийг чангатгах болно гэжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ эрчим хүч, санхүүгийн зах зээл зэрэг салбаруудыг онилох боломжтой хэмээсэн юм.
Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро даваа гарагт /2025.05.12/ хэлэхдээ эрчим хүч, санхүүгийн салбарт нь хориг тавих тухай хүсэлтийг Европын комисс гаргасан гэжээ. Өнгөрсөн бямба гарагт /2025.05.10/ Их Британи, Франц, Герман, Польшийн удирдагчид мэдэгдэхдээ ирэх өдрүүдэд ОХУ 30 хоногийн турш гал зогсоохыг зөвшөөрөхгүй бол шинэ хориг арга хэмжээ авна хэмээсэн.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.