Мазаалайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлгэжээ

Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа, "Ховор амьтан ургамал хамгаалах мазаалай нийгэмлэг" ТББ-аас мазаалайд дохиолол бүхий хүзүүвч зүүлгэжээ.
Тодруулбал, 2025 оны тавдугаар сарын 15-ны өдөр ГИДЦГ-ын А хэсгийн УТХГН-ын хамгаалалтын бүсэд орших Баруунтооройн баянбүрдэд 10 настай, 100 кг орчим жинтэй, нэг бодгаль эр мазаалай баавгай (шармайхаа)-д сансрын дохиолол бүхий хүзүүвчийг зүүлгэжээ.
Энэ удаагийн хүзүүвч нь байршлын мэдээллийг дамжуулан тухайн зүйл амьтны шилжилт хөдөлгөөнийг тандан судлахаас гадна бичлэг хийх боломжтой гэдгээрээ давуу талтай юм. Баруунтооройн баянбүрд нь Монгол улсын хилээс ердөө 40 орчим км зайд орших томоохон баянбүрдүүдийн нэг юм.
Сүүлийн 50 жилд мазаалай баавгайн тоо толгой нь 20-50 орчим бодгальд хэлбэлзэж, тархац нутаг нь 2-3 дахин хумигдаж багассан билээ. Мазаалай баавгай тархац нутгаа тэлэх эсвэл хумигдахад сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүж судалдаг. Өнгөрсөн онд хүзүүвч зүүсэн хоёр мазаалай Тост тосон бумын нуруу, Говь гурван сайхны Байгалийн цогцолборт газрын хооронд шилжин нүүдэллэсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.