НИЙГЭМ

ТОДРУУЛГА: Мазаалайн тоо толгойн 60 хувь нь эр баавгай байна

Өчигдөр /2020.04.14/ “Мазаалай баавгай хамгаалах үндэсний зөвлөгөөн"-ий үеэр мазаалайн тоо толгой нэмэгдэж 50 болсон талаарх мэдээллийг өгсөн. Сүүлийн хагас зуунд мазаалайн тоо толгой 50 хүрч байсангүй. Тэгвэл салбар яамнаас мазаалай баавгайн тоо толгойг цааш цаашдаа нэмэгдүүлэх, амьдрах газар нутгийг хамгаалах чиглэлээр бодитой ажлуудыг хийж хэрэгжүүлнэ гэдгээ хэлээд буй. Энэ асуудалтай холбоотойгоор БОАЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга А.Энхбатаас зарим зүйлийг асууж тодрууллаа.

-Мазаалайн тоо толгой нэмэгдэж 50 хүрсэн гэсэн судалгаа хийгдсэн байна. Судалгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Сүүлийн жилүүдийн судалгааны дүнг нэгтгэж энэ жил гаргаж ирлээ. Мазаалай Монгол Улсын улаан номд орсон нэн ховордсон амьтан шүү дээ. Мазаалай Их говийн дархан цаазат газрын ааг хэсэг  буюу Говь-алтай, Баянхонгор аймгийн өмнөд хэсгийн алслагдсан, хуурай, гандуу, хатуу ширүүн нөхцөлд амьдардаг амьтан. Тус газрыг 1975 онд дархан цаазат газар болгосон. Сүүлийн 50 гаруй жил мазаалайн талаар мэдээлэл бага 20-30 тоотой гэсэн судлаачдын таамаг л байлаа. 2000 оноос мазаалай  баавгайг судлахын тулд хөдөлгөөн дулаанаар мэдэрдэг автомат камерыг суурилуулсан. Мөн генетикийн судалгааг харьцуулж үзсэнээр судлаачид 45-50 орчим тооны мазаалай байна гэсэн шинэ тоог гаргаж ирлээ. Судалгааны үр дүнг харахад мазаалайн тоо толгой өсөж байгаа нь мэдэгдэж байгаа юм.

Харин сүүлийн үед уур амьсгалын өөрчлөлт хүний нөлөөгөөр мазаалайн тархац нутаг багасаж байна. 1940 оны үед нутгийн наад хэсгээр тааралддаг байсан хэдий ч одоо мазаалайн тархац нутгаас хадлан авах гэх мэт хүний хүчин зүйлээс болон дайжиж хил рүү ойртсон. Тиймээс хүзүүвч зүүж шилжилт хөдөлгөөний нарийн судалгаа мэдээллийг авч байна.

-Нэн ховор амьтан хилийн бүс рүү дайжих нь эрсдэлтэй. Тиймээс тархац нутгаас хадлан тэжээл авах ажлыг таслан зогсоох арга хэмжээ авсан уу?

- Мэдээж тухайн асуудалд зохих арга хэмжээг авсан.

"МАЗААЛАЙН ТОО ТОЛГОЙ ЖИЛД 1-2-ООР НЭМЭГДДЭГ"

-Мазаалайн тоо толгой жилд хэдээр нэмэгддэг вэ?

-Мазаалайн тоо толгой жилд 1-2-оор нэмэгддэг. Гэхдээ тоо толгой нь тогтвортой байгаа нь хамгаалалтын арга хэмжээтэй холбоотой. Хамгаалалтын захиргаа ажиллаж байгаа учраас хулгайн анг таслан зогсоосон, байгалийн үхэл хорогдол гардгаас биш хүний нөлөөтэй үхэл хорогдол байхгүй.

 -Жилд мазаалайн тоо толгой 1-2-оор нэмэгдэнэ гэхээр арай бага тоо юу? Үржлийн асуудал дээр илүү анхаарах хэрэгтэй юм байна?

-Үржлийн насны эм баавгай хэд байна гэдгээс хамаарна. Жилд 10-15 бамбарууш гарах боломжтой. Гэхдээ тийм тоогоор нэмэгдэхгүй байна гэдэг нь бусад хучин зүйлээс шалтгаалдаг.

-Идэш тэжээлийн хувьд олдоц нь хэр байдаг бол?

-Сүүлийн үед уур амьсгалын нөлөө Монгол Улсад их ажиглагдаж байна. Сүүлийн 80 жилийн хугацаанд агаарын дундаж температур 2.25 градусаар дулаарсан. Жилд ордог хур тунадасны хэмжээ 8 орчим хувиар буурсан. Энэ үзүүлэлт өмнөд говьд энэ үзүүлэлт маш бага байгаа гэсэн үг. Иймээс хур тунадасгүй учраас ургамал сэргэж ургадаггүй. Мазаалай хос идэштэн амьтан. Ургамал болон жижиг мэрэгч амьтнаар хооллодог. Хуурайшилтаас үүдэн бажун гэх гол иддэг ургамлын нөөц хомстсон. Үүний эсрэг тархац нутагт хур тунадас нэмэгдүүлэхээр үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээ авч тодорхой үр дүнд хүрч байна.

"МАЗААЛАЙН ИДДЭГ БАЖУН УРГАМЛЫГ ЗОРИУДААР УРГУУЛАХ АРГЫГ СУДАЛЖ БАЙГАА"

-Хур тунадас нэмэгдүүлэхээс гадна Бажун гэх ургамлыг тухайн хэсэгт тарьж ургуулах боломжийг судалж үзсэн үү?

-Банябүрдүүдийг тойрч зориудаар ургуулах аргуудыг судалж байгаа. Үүнээс гадна хавар ичээнээсээ гарахад нь нэмэлт тэжээл буюу био техникийн арга хэмжээ авч хорголжин тэжээл тавьж өгдөг. Их говийн дархан цаазат газарт 18 байршилд тэжээлийн сав байршуулсан. Сүүлийн жилүүдэд тэжээлдээ дасаж амьдарч байна.

-Ирэх жилүүдэд хэд болж өсөх бол. Урьдчилсан судалгаа мэдээлэл байгаа болов уу?  

-Тийм судалгааны прогноз одоогоор гаргаагүй. Цаашдаа авч хэрэгжүүлэх асуудал бол идэш тэжээл, ус ундтай холбоотой асуудлыг шийдвэрлэх. Жишээ нь нарны эрчим хүчээр ажилладаг худаг гаргаж туршиж байна. Байгалийн хүчин зүйлээс шалтгаалан хорогдлоос урьдчилан сэргийлэх болохоос биш хэдэн жилийн дараа тэд хүрнэ гэсэн  тоог манай судлаачид одоохондоо хэлж чадахгүй байна.

-Нэн ховордсон мазаалайн тоо толгойг илүү нэмэгдүүлэхэд юун дээр анхаарах нь зүйтэй вэ?

-Мазаалай хамгаалах хөтөлбөрийн нэг үндсэн хэсэг нь олон нийтэд таниулах. Үүн дээр  бизнесийн байгууллагууд ч анхаарах нь зүйтэй байх. Цаашдаа үндэсний хэмжээнд мазаалайг таниулах сурталчлах, судалгааны чиглэлээр олон улсын байгууллагуудтай түншлэлээ бэхжүүлэх  нэмэлт санхүүгийн эх үүсвэр олох гэх мэт ажил дээр анхаарах шаардлагатай.

-Мэдээлэл өгсөн танд баярлалаа.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ,

Оросын эрдэмтэд болох Орлов, Соколов нар мазаалайг баавгайн бие даасан зүйл мөн гэж үзэн биологийн шинжлэх ухаанд бүртгүүлж байсан бол дэлхийн баавгай судлалын шинжлэх ухаанд мазаалайг "Ursus Arctos Gobiensis" гэж нэрлэдэг. Холимог идэшт, том махчин амьтны хувьд говийн ялангуяа баянбүрдийн биоценозид орон зай, идэш тэжээлийн гинжин холбоонд тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Тоо толгой цөөн боловч ургамлын гаралтай идэш тэжээлээр зонхилон хооллож ландшафтад танигдахуйц ул мөр үлдээж, жижиг баянбүрдийг түшиж амьдрах тул экосистемд чухал ач холбогдолтой амьтан. Хөрсний ус ойр газарт малтаж ус гаргадаг тул хавтгай зэрэг бусад хөхтөн амьтдыг усаар хангахад чухал үүрэгтэйгээрээ онцлогтой.

Х.УМААХАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 15, 2022 09:08

Shn nutgiin mini svr hvch

Зочин
Зочин
4 сар 15, 2022 09:08

Маза�##�ай цөөөн тоотой монголд

Зочин
Зочин
9 сар 19, 2024 14:17

Тахь, хулан, маза�##�ай, цагаан зээр, бөхөн гээд энэ амьтад олшроод өсөх үржих орчин нь бүрдвэл сайнсан.

Холбоотой мэдээ

Back to top button