Гадаад мэдээДЭЛХИЙ

Тарифыг хойшлуулсан нь Хятад компаниуд томоохон цомхотгол явуулах эрсдэлийг намдаалаа

АНУ-БНХАУ-ын худалдааны дайн өнгөрсөн амралтын өдрүүдэд Женевт болсон яриа хэлэлцээний дараа хурдан намжсан нь Бээжинг аймшигт нөхцөл байдлаас сэргийлэхэд туслав. Худалдааны дайны улмаас БНХАУ-д ажилгүйдэл нэмэгдэж, нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулах эрсдэл тулгараад байсан юм. БНХАУ-ын Коммунист нам нийгмийн тогтвортой байдал нь эрх мэдлээ хадгалах, хууль ёсны байдлаа баталгаажуулахад шаардлагатай хамгийн тэргүүн зорилт гэж үздэг.

Швейцар дахь уулзалтын өмнө Хятадын эрх баригчид дотоодын аж ахуйн нэгжүүд дампуурлын ирмэгт тулж ирж буй явдалд санаа зовж эхэлж байсан юм. Харин одоо эрх баригчид амсхийх боломж гарч ирэв.

Гаалийн татвар хойшилсон нь сайн хэрэг ч гэсэн АНУ БНХАУ-д ногдуулдаг тарифаа 145 хувиар нэмэгдүүлсэн хэсэг хугацаа нь эдийн засагт гүнзгий хохирол учруулжээ. Женевийн яриа хэлэлцээний дараа ч эдгээр тариф хангалттай өндөр хэвээр байгаа юм. Энэ нь Хятадын хөдөлмөрийн зах зээлд дарамт учруулж, эдийн засгийн өсөлтийг удаашруулж байна гэж эдийн засагчид болон бодлогын зөвлөхүүд үзэж буй.

БНХАУ-ын нэрээ нууцалсан бодлогын зөвлөх “Reuters” агентлагт "Энэ бол Хятадын хувьд ялалт байсан. Үйлдвэрүүд дахин ажиллаж эхэлж, өргөн хүрээний цомхотгол явагдахгүй. Энэ нь нийгмийн тогтвортой байдлыг хадгалахад тустай” гэж хэлжээ.

Бээжин, Вашингтон хоёр бие биедээ оноосон тарифаа 110 хувиар бууруулах тохиролцоонд хүрсэн. Ийм их хэмжээгээр гаалийн татварын бууруулсан ч гэсэн БНХАУ-ын бараанд 30 хувийн татвар оноосоор байгаа юм. Дээр дурдсан бодлогын зөвлөх "30 хувийн тарифтай байхад бизнес эрхлэхэд үнэхээр хэцүү. Энэ тариф цаашдаа Хятадын эдийн засгийн хөгжилд ачаа болно" хэмээсэн байна.

“Soochow Securities” компанийн ерөнхий эдийн засагч Лю Жөгийн тооцоогоор бол эрсдэлд орсон ажлын байрны тоо тарифыг хойшлуулсны дараа саяас доош болж буурчээ. Тариф хэрэгжиж байх үед эрсдэлд орсон ажлын байрны тоо 1.5-6.9 сая гэж тэрбээр тооцоолж байсан юм.

“Natixis” банкны Ази, Номхон далайн бүсийн ахлах эдийн засагч Алисиа Гарсиа-Эрреро өмнө нь 100-гаас дээш хувийн тариф 6–9 сая ажлын байрыг устгаж болзошгүй гэж тооцоолж байжээ. Харин одоогийн тарифын түвшин 4–6 сая хүнийг цомхотгох эрсдэлтэй аж. Харин тариф 20 хувиар буувал 1.5–2.5 сая ажлын байр устах магадлалтай гэж тэр үзэж байна.

Тэр хэлэхдээ 2025 онд Хятадын эдийн засгийн өсөлтийг хамгийн өөдрөгөөр тооцоолбол 0.7 нэгж хувиар удааширч магадгүй юм. Харин одоогийн тарифын түвшинд 1.6 хувь, дөрөвдүгээр сарын 145 хувийн тариф үргэлжилбэл 2.5 нэгж хувиар буурах эрсдэлтэй гэж Гарсиа-Эрреро тооцоолжээ.

Тэрбээр "Тариф ийм өндөр түвшинд хүрэхээр компаниуд шинэ ажилтан авахын оронд цомхотгож эхэлдэг. Гаалийн татвар 30 хувьтай байгаа үед компаниуд “за одоо буцаад ир” гэж ажилчдадаа хэлнэ гэдэгт эргэлзэж байна. 30 хувь гэдэг бол өндөр түвшин. Магадгүй БНХАУ-ын Засгийн газар гайхамшигтай зүйл боллоо гэж бодож байгаа байх. Гэхдээ олон компани энэ нь амжилттай хэрэгжих эсэхт эргэлзэж байгаа" гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button