"Чандмань-Уушир" ХХК-ийн барилгын осол: Тархи, нугасандаа хүнд гэмтсэн хүмүүс хөл дээрээ босох магадлал бага, 5 хувьтай

Ховд аймагт /2025-05-17/-ны өдөр "Чандмань-Уушир" ХХК-ийн барьж байсан 40 айлын орон сууцны барилгын подем тасарснаар 20 гаруй насны гурван эрэгтэй амиа алдаж найман хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.
Эргэн сануулахад ачаа өргөх, зөөх зориулалттай подем/өргөгч/ дээр тус компанийн барилгын ажилчид гарч ажиллаж, улмаар тросс тасарснаар уг осол болсон байдаг.
Улмаар ГССҮТ-өөс хагалгааны баг очиж тухайн хүмүүст шаардлагатай тусламжийг үзүүлж /2025-05-21/-ний өглөө буцсан. "Барилгын талбайд гэмтсэн найман хүний дөрөвт нь хагалгаа хийгдсэн. Одоогоор биеийн байдал тогтворжсон, ухаантай, амин үзүүлэлт тогтвортой байгаа. Гэмтлийн болон эрчимт эмчилгээний тасагт хэвтэж буй" гэх мэдээллийг Ховд аймгийн Бүсийн оношилгооны төвийн Эмнэлзүй эрхэлсэн дэд дарга П.Ганбарс өгч байсан юм.
Уг хэрэг гараад өдгөө 12 хоног өнгөрсөн. Хагалгаанд орсон хүмүүсийн бие хэрхэж байгаа талаар тодруулахад "Одоогоор барилгын талбайд осолдож гэмтсэн найман хүний зургаа нь манай эмнэлэгт байна. Хүмүүсийн бие тогтвортой эрчимт эмчилгээний тасагт буй хүмүүс гэмтлийн тасагт шилжүүлсэн. Харин нэг хүний хувьд эрүү нүүрний мэс засал хийлгүүлэхээр ГССҮТ-рүү шилжсэн, нөгөө нь харьяа газар руугаа буюу Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж буй.
Эл хүмүүсийн дийлэнх нь тархи нугасны хүнд гэмтэл авсан тул хагалгаа хийлгэсэн ч гэлээ хөл дээрээ босох магадлал 5 хувь гэж ГССҮТ-ийн эмч нар дүгнэсэн" хэмээх мэдээллийг өглөө.
Барилгын ажил гүйцэтгэж байсан "Чандмань-Уушир" ХХК-ний зүгээс ч хүлээн зөвшөөрсөн. Бидэнд өгсөн тодруулгадаа "Уг нь тэр өргөгч дээр хүн гарах зориулалтгүй. Барилгын талбайд ХАБ-ын ажилтан байсан, аюулгүй байдлыг хангаж, зааварчилгаа өгөөд ажилд нь гаргасан. Гэтэл ийм үйл явдал болчихлоо. Тухайн 11 хүний хувьд бүгд эрэгтэй манай байгууллагад 2-10 жил ажилласан хүмүүс байсан" хэмээсэн байдаг.
Тус хэргийн талаарх мөрдөн шалгах ажиллагаа Ховд аймгийн цагдаагийн газарт үргэлжилж байна.
Эл агуулгаар бичсэн өмнөх нийтлэлийг дараах линкээс унших боломжтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.