“Ирээдүйн Марадонна” хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулна

Боловсролын яам болон Монголын Хөлбөмбөгийн Холбоо хамтран ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Ирээдүйн Марадонна” нэртэй үндэсний хэмжээний хөлбөмбөгийн тэмцээнийг анх удаа зохион байгуулахаар хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.
200 сая төгрөгийн шагналын сантай уг тэмцээн 2025 оны 9-р сарын 1-нээс 21 аймаг, 3 хотын 330 сумын ЕБС-уудыг хамарсан өргөн цар хүрээтэй байх ба охид, хөвгүүдийн 4 насны ангиллаар явагдана.
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал “Хүүхдүүдийг дэлгэц, цахим тоглоомоос ангид байлгаж, спортоор хичээллүүлэх замаар эрүүл, зөв хүмүүжилтэй иргэн болгож төлөвшүүлэхэд энэхүү тэмцээн чухал нөлөө үзүүлнэ” гэжээ. Харин МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазар хэлэхдээ, “Монголчуудын хувьд багийн спорт орхигдож ирсэн. Хөлбөмбөгөөр дамжуулан хүүхдүүд багаар ажиллах, хамтран сэтгэх, нэг зорилгын төлөө нэгдэн тоглох чадварыг суралцана. Энэ бол ирээдүйн удирдагчдыг бэлтгэх суурь юм” гэлээ.
Тэмцээний зохион байгуулалт, бэлтгэл ажлыг хамтарсан ажлын хэсэг хариуцах бөгөөд шинэ хичээлийн жилийн өмнө бүх бэлтгэл бүрэн хангагдахаар төлөвлөгдөж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.