Сурвалжилга: Энэ жилийн ARTWEEK-ээс Э.Жанцанхоролын "Тухтай бүс" хүчтэй сэтгэгдэл төрүүлж байна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Монголын Урчуудын эвлэл хамтарч, ARTWEEK буюу дүрслэх урлагийн долоо хоногийг зохион байгууллаа.
Энэ санаачилгаар Улаанбаатар хот нэг долоо хоногийн турш орчин үеийн дүрслэх урлагийн бүтээл дунд амьсгалах болоод дөрвөн ч жилийн нүүрийг үзсэн байна. ARTWEEK болдог хот шүү дээ, Улаанбаатар...
2025 оны ARTWEEK урьд өмнөхөө бодвол харьцангуй бага ач холбогдол өгч, зохион байгуулсан гэлтэй харагдаж байна.
Үзэсгэлэн дэлгэгдэж буй "Пассаж" худалдааны төвийн барилгын өөрийнх нь архитектур дүрслэл, онцлог, түүх, хувирал өөрчлөлийг өгүүлсэн хэсэг их онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Энэ жил архитекторууд орж ирсэн юм байна.

Харин уран бүтээлч Э.Жанцанхоролын "Тухтай бүс" гэсэн бүтээл-өрөө бол онцгой анхаарал татсан. Магадгүй 2025 оны ARTWEEK-ийн хамгийн тод өнгө төрх энэ болсон болов уу.

Энэ өрөө хайрган шалтай, чийгтэй, харанхуй. Гэхдээ ханын цаас, зурагт, намуухан дуугарч буй радио зэрэг нь ямартай ч туйлын амар амгалан, байж дассан орон зайг мэдрүүлж байгаа юм.
Гэхдээ энэ өрөөн дотор мод ургаастай, хашаа хороо ч дэлгээстэй, ханын зургуудаас нь үс ургачихсан, авч явдаг ачаа тээшэн дотроос олон арван эвэр сөрдийчихсөн байна.
Э.Жанцанхорол ихэвчлэн хүн ба байгалийн харилцаа, орчин үеийн техник технологийн өөрчлөлт болон хүний натур зан төрхийн эсрэгцэл гэсэн сэдвийг хөнддөг шиг санагддаг. Үүндээ үс, эвэр зэрэг элементийг ашигладаг.
Өөрөөр хэлбэл, бидний сэтгэлийн гүнд оршин байдаг тухтай бүс бол энэ орон зай, энэ өрөө мөн. Тэнд албадлагаар байх ёстой элементүүд бүгд байж л байдаг. Бид тэндээ зурагт үзэн сууж, радио сонсож, цэцгээ усалж болно. Гэхдээ гадаад ертөнцийг өөрийн дотоод ертөнцтэй уулзуулахын тулд тэнд тэмцэл, зөрчил үргэлж бий болсоор ирсэн. Тэр тэмцэл, зөрчлийн дүнд зарим элемент эрлийзжих шаардлагатай болно. Гаж хэв дүрсийг олно.
Улмаар энэ өрөөн дэх зарим эд зүйл эрлийзжин хувирсан байгаа нь үнэн хэрэгтээ, бидний гадаад ертөнцийн алив буулгыг хүлээн зөвшөөрч, дасан зохицож сурсан байдгийг яг тал харуулчих шиг.
Дараагийн онцлох булан бол хоёрдугаар давхарт гараад, буцаад буух хэсэгт байх ягаан гэрэл бүхий дэглэлт.
Энд уран бүтээлч Л.Гаваагийн гурван бүтээлийг өлгөсөн нь яах аргагүй хүчтэй сэтгэгдэл төрүүлж байна.

Л.Гаваа Монголын онцгой авьяас, илэрхийлэлтэй уран бүтээлчдийн нэг. Түүний бүтээл Монголд бас цөөн удаа дэлгэгдэж байсан. Тэгвэл, гурван бүтээлийг нь нил ягаан гэрэлд дэглэх онцгой санаа төрсөн нь олзуурхууштай, хүчирхэг санагдаж байлаа.

Бодлын хүнд, хөнгөнийг илэрхийлсэн мэт инстолляц... Зарим бодол яг ингэж л сунан удааширч, царцаж, хүндийн жингийн тодорхой илэрхийлэлгүй мэт атлаа оршин байсаар байдаг.

Бүх зүйлийг жинхэнэ өнгө, мөн чанарыг харахаа больсон гэдэг нийгмийн шүүмжлэл. Энэ бүтээл дээрх энгийн гэмээр зургууд үнэн хэрэгтээ, жинхэнэ өнгөө нуусан байгаа. Зориулалтын нүдний шилийг зүүн үзэх боломжтой.

УГЗ, "Ухамсар"-ын А.Очирболд ийм бүтээл хийсэн байна билээ. Таван хий биетэй хийморийн тухай дүрслэл юм байна. Аливаа амьд бие үхэхэд таван өнгийн хий бие ялгарч задардаг гэж үздэг нь буддын шашинд юм. Хүн толгойтой, морь биетэй, атлаа таван хий биеийн санааг оруулж ирснээр онцлог. Дэглэлтийн сул талаас болж бүтээлийн хүч чадал хараахан үзэгчдийг соронздон татаж чадахгүй байв.


Энэ жижигхэн бүтээл маш хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. Гавлын яс бол жинхэнэ болов уу. Нэг талын гавлыг кофены үрээр дүүргэх санаа гайхалтай. Энэ гавал гадна талаасаа ч өнгө будаггүй. Харин маш их оролтуудтай. Зөвхөн залгадаг. Гаднаас хүлээн авдаг тархи байна. Гэтэл нөгөөх нь, гадагш гардаг залгууртай. Эсрэг тэсрэг нь үнэн юм. Даанч энэ хоёрт нэгдэж нийлэх цэг, оньс гогцоо гэж алга...
Иймэрхүү орон зайн том бүтээлүүд бий. Ялангуяа "Цаг хугацаа" гэсэн бүтээл сайн санагдсан. Гэхдээ кураторууд илүү сайн ажилласан бол... гэж бодогдож байлаа.
Энэ удаагийн ARTWEEK-ийн дэглэлт урьд өмнөхөө бодвол сул, бүтээлийн чанаржуулалт, сайжруулалтаас гадна хадгалалт хамгаалалт муу байгаа санагдсан.
Харин бүтээлчдийн хувьд зураачдынх илүү бага төлөвшсөн, илэрхийллийн арга хэлбэр, арга зам нь хэт ерөнхий эсвэл мэдээжийн шинж анзаарагдаж байв. Энэ жил зураачид дээр илүү тулж ажиллах байсан болов уу.
Инстолляцууд хүчирхэг мэдрэмж төрүүлж байгаа ч дэглэсэн байршлаас шалтгаалж анхаарал татахгүй өнгөрөх асуудал гарч байсан.
Энэ дунд тусдаа нэг өрөөг эзэлж авч, өөрөө бүтээл болгосон учир Э.Жанцанхоролын "Тухтай бүс"-ээр энэ жилийн ARTWEEK дурсагдан үлдэж байна.
ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ О.УЛСБОЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.