Гадаад мэдээДЭЛХИЙ

Их долоогийн гадаад өр хөрөнгө оруулагчдын санааг зовоож байна

Дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын төсвийн алдагдал өсөж, өр нэмэгдэж буй нь дарамт үүсгэж байна. Хөрөнгө оруулагчдын анхаарал төсөв санхүүгээ сайжруулах талаар хангалттай ажиллаагүй орнууд руу чиглэлээ.

Саяхан “Moody’s” агентлаг АНУ-ын зээлжих зэрэглэлийг хамгийн өндөр буюу AAA байсныг бууруулсан. Мөн Японы засгийн газрын бондын дуудлага худалдаанд эрэлт бага ажиглагдаж байгаа. Энэ нь гадаад өрийн хямрал заавал болно гэсэн үг биш ч анхааруулах дохио юм. Тэгвэл одоо ямар орнуудын зах зээлд эрсдэл учраад байгааг харцгаая.

АНУ

Дөрөвдүгээр сард АНУ-ын засгийн газрын бонд эзэмшигчид бондоо их хэмжээгээр зарснаас болж хөрөнгө оруулагчид ихээхэн сандарсан. Энэ асуудлыг даамжруулсан зүйл Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан татварын хөнгөлөлт ба төсвийн зардлын хуулийн төсөл юм. Тус хуулийн төсөл 2034 он гэхэд АНУ-ын гадаад өрийг 3.4 их наядаар нэмэгдүүлэх магадлалтай гэж Хариуцлагатай төсвийн хороо үзэж буй.

“Moody's” фирм зээлжих зэрэглэлийг бууруулсан нь бас нэгэн цохилт болсон. “JPMorgan” банкны гүйцэтгэх захирал Жэйми Даймон бондын зах зээлд ан цав үүсэж байна гэж анхааруулсан юм. Үүний нэг шалтгаан нь засгийн газар төсөвтөө хэт их мөнгө зарцуулж байгаа явдал гэж Даймон хэлсэн байна.

Зургийн эх сурвалж: PEOPLE

Дэлхийн нөөц валют ам.доллар учир АНУ гадаад өрийн хямралаас тодорхой хэмжээний хамгаалалттай. Тус улсын Сангийн сайд Скотт Бессент хэлэхдээ АНУ хэзээ ч дефолт зарлахгүй гэсэн юм.

Хөрөнгө оруулагчид арван жилийн бондын өгөөж 4.5 хувиас хэтрүүлэхгүй байх арга хэмжээ эрх баригчид авна гэж найдаж байгаа. Бондын өгөөж нэмэгдэх нь эрэлт муу байна гэсэн үг юм. АНУ-ын засгийн газрын арван жилийн хугацаатай бондын өгөөж нь компаниуд, хэрэглэгчдийн зээлийн хүүгийн жишиг болдог.

Япон

Асар их өрийг зах зээл үл хайхарч болно гэдгийн гол жишээ нь Японы засгийн газар удаан хугацаанд байсаар ирсэн. Харин одоо байдал өөрчлөгдлөө. Японы гадаад нь ДНБ-ээсээ 2 дахин их. Тус улс өндөр хөгжилтэй орнуудаас хамгийн их өртэй.
Тавдугаар сард Японы засгийн газар 20 жилийн хугацаатай бондыг дуудлага худалдаагаар борлуулахад 2012 оноос хойш үзэгдсэн хамгийн муу үр дүн гарсан юм. Үүний улмаас урт хугацааны бондын өгөөж огцом өссөн байна. Тухайлбал 30 жилийн бондын өгөөж сүүлийн 3 сард 60 нэгжээр өссөн нь АНУ-д ажиглагдсанаас ч хурдан өсөлт юм.

Үүний шалтгаан нь урт хугацааны бондыг авдаг байсан даатгалын компани, тэтгэврийн сангуудад эрэлт буурч байгаа явдал юм. Японы төв банк засгийн газрынхаа бондын тал гаруй хувийг эзэмшдэг. Бусад худалдан авагчдын эрэлт багассантай зэрэгцэн тус банкны эзэмшиж буй бондын хэмжээ 16 жилд анхны удаа буурчээ.

Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү төсвөө нэмж, татвараас хөнгөлөх шахалттай тулгараад байгаа. Үүний тулд бонд зарах хэрэгтэй болно. Харин бодлого боловсруулагчид урт хугацааны бондыг бага хэмжээгээр гаргах тухай ярьж буй. Энэ нь хөрөнгө оруулагчдад түр зуурын тайвшрал авчраад байна. Гэвч өнгөрсөн долоо хоногт явагдсан бондын дуудлага худалдаа мөн хэцүүхэн үр дүн харуулсан нь асуудал илүү гүнзгий болохыг харууллаа.

“Nordea” банкны зах зээлийн шинжээч Ян фон Герих “Японы бондын дуудлага худалдаа сул байгаа нь ямар нэгэн зүйл болж байгаагийн шинж” гэж хэлсэн юм.

Их Британи

Их Британийн гадаад өрийн хэмжээ ДНБ-ий дүнтэй ойртсон. Засгийн газар санхүүгийн сахилга бат баримтална хэмээж байгаа ч тус улсын бондын зах зээлийн уналтад эмзэг хэвээр байна. Их Британи нь Их долоогийн дунд 30 жилийн хугацаатай бондын өгөөж нь 5 хувиас дээш байгаа цорын ганц орон юм.

Тус улсын Сангийн сайд Рэйчел Ривзийн ирэх долоо хоногт өнгөрсөн жилүүдийн төсвийн тоймыг танилцуулна.

Зургийн эх сурвалж: NPR

“Rabobank”-ийн шинжээч Жэйн Фоли “Засгийн газар батлан хамгаалах, эрүүл мэнд гэх мэт чиглэлд зардлаа нэмэх төлөвтэй. Гэхдээ татвар нэмэхгүй, нийт зарлагыг хязгаарлана гэж амлаж байгаа нь эргэлзээ төрүүлж байна” хэмээжээ.

ОУВС Их Британийг зээл тавих хэмжээгээ багасгах төлөвлөгөөгөө баримтлахыг зөвлөсөн байгаа. Харин “BNP Paribas” фирмийн шинжээч Сам Линтон-Браун Английн Төв Банк бондын идэвхтэй худалдааг эрт зогсоовол зах зээлд дэмжлэг болох боломжтой гэж хэлэв.

Франц

Францын бондын зах зээлд өнгөрсөн жил улс төрийн тогтворгүй байдалтай холбоотой дарамтад орсон ч одоо харьцангуй намжжээ.

Гэхдээ болгоомжтой байх нь зүйтэй гэж шинжээчид үзэж байна. Францын Ерөнхий сайд Франсуа Байру долоодугаар сард төсвийн алдагдлыг бууруулах дөрвөн жилийн төлөвлөгөө танилцуулахаар төлөвлөж байгаа. Энэ нь Францын парламентад үүсээд буй төсвийн зөрчлийг нэмэгдүүлж магадгүй.

“Carmignac” хөрөнгө оруулалтын сангийн менежер Элиезер Бен Зимра “Франц ковидоос хойш гадаад өрийн асуудал дээрээ ямар ч ахиц гаргаагүй” гэж хэллээ.

Итали

Италийн улс төр, эдийн засгийн байдал тогтворжиж, зээлжих чадвар сайжирснаар хөрөнгө оруулагчдын санаа зовнилын төвөөс түр холджээ. 2023 онд тус улсын төсвийн алдагдал 7.2 хувь байсан нь 2024 онд 3.4 хувь болж буурсан байна. Алдагдал 2026 онд 2.9 хувь хүрнэ гэж эдийн засагчид таамаглаж байгаа. “Societe Generale” банкны шинжээч Кеннет Браукс энэ бууралтын талаар ярихдаа “Ийм зүйл болно гэдэг нь олон жилийн өмнө төсөөлшгүй байсан” гэжээ.

Итали урт хугацааны турш гадаад өрийн эрсдэлтэй байгаа ч, Франц зэрэг улсуудтай харьцуулахад илүү тогтвортой байгаа нь хөрөнгө оруулагчдыг татах шалтгаан болсон юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 5, 2025 17:32

Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

Холбоотой мэдээ

Back to top button