"Женко тур бюро", "Сав шим" зэрэг 73 компанийн ТУЗ-ийн бүрэн эрх дуусгавар болсныг зарлалаа

Санхүүгийн зохицуулах хорооноос 2024 оны тавдугаар сарын 1-ний дотор хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зохион байгуулаагүй 73 компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх дуусгавар болсныг зарлалаа.
Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн хүрээнд хуулийн хугацаанд хурал зарлаагүй бол ТУЗ нь зөвхөн ээлжит бус хурал хуралдуулах чиг үүргийг үлдээхээс бусад бүх эрхээ алдахаар заасан байдаг.
Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос цаашид хууль, дүрэм зөрчсөн компанийн удирдлагад хариуцлага тооцох, компанийн засаглалын ил тод байдал, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хангах зорилгоор хяналт шалгалтаа чангатгах аж.
Хувьцаат компани нь санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн тавдугаар сарын 1-нээс өмнө ээлжит хурлаа зохион байгуулах үүрэгтэй. Хурлын зар хүргэх, шийдвэрийг олон нийтэд мэдээлэх, баримт бичгийг СЗХ-нд хүргүүлэх зэрэг нь хууль, дүрмээр тодорхой заасан байдаг. Гэвч нэр бүхий 73 компани энэ шаардлагыг биелүүлээгүй нь бүртгэгдсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.