Top StoriesНийгэм мэдээ

Сурвалжилга: 365 хоногийн турш энхийн манаанд бэлэн байх аврагчид

Өглөөний 09.00 цаг. Бид Чингэлтэй дүүргийн гал унтраах, аврах 10-р ангийг зорилоо. Биднийг очиход галын улаан машины дохио хангинаж, аврагчид хурдан гүйлдэж, том улаан машины хэдэн талаас нь авирч кабиндаа ороод суух нь тэр.

Ийнхүү өглөөхөн ээлжээ хүлээн авч, жагсаалын дуугаа дуулсан аврагчдын энгийн нэг өглөө эхэллээ.

Амралтын өрөөндөө, гадаах талбайдаа, штабдаа гээд хаана ч байсан аюулын хонх дуугарсан л бол 30-60 секундэд хувцасаа сольж, бэлэн болдог тэднийг явсны дараа тайлаад үлдээсэн хэдэн гутал л үлдэж байв.

Ийнхүү 10-р ангийн захирагч Н.Адъяадоржтой ярилцлаа.

-Энэ албанаас ажлаа эхэлж, амьдралын гараагаа эхэлсэн-

-Энэ албанд ажиллаад хэдэн жил болж байна вэ. Яагаад сонгох болсон бэ?

-1991 онд анх 18 настай хүү байхдаа энэ ангид гал сөнөөгчөөр ажиллаж байлаа. Дундуур нь сургуульд сурч, өөр газруудаар зөндөө явсан. Гэсэн хэдий ч эргээд эхлэл, гараагаа тавьсан ангийнхаа захирагч нь болоод дөрвөн жил болж байна. Над шиг ийм хувь тохиолтой хүн байхгүй байх аа.

Гал командын талаар мэдлэггүй, мэдэхгүй хүү анх ирээд л амьдралаа эндээс босгож байлаа. Намайг анх ажилд ороход урд байсан моднууд маш жоохон байлаа шүү дээ. Одоо надтайгаа ижил, нас нэмж байна даа.

-10-р ангийн анх байгуулагдсан түүхээс хуваалцвал?

-Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги нь 1925 оны дөрөвдүгээр сарын 15-нд “Усан хөөрөгний газар” нэртэйгээр байгуулагдсан анхны галын байгууллага. Тухайн үед Нийслэл хүрээнд гал их гарч, улмаар гал унтраах ангийг яг энд байгуулж байсан нь өнөөдрийн аравдугаар анги болсон түүхтэй. 100 жилийн турш хүн, ардын аюулгүй байдлын манаанд үүрэг гүйцэтгэж байна. 1981 онд Төрийн дээд шагнал болох “Алтан гадас” одон, 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавъяаны улаан тугийн  одон”-оор шагнагдсан хос одонт анги шүү дээ.

-Таныг анх гал сөнөөгчөөр ажилласан 1991 он болон өнөөдрийн 2025 оны гал унтраах ангийн хөгжил нэлээн ялгаатай байгаа байх. Энэ талаар дурсаж яривал?

-Хөгжил гэж газар тэнгэр шиг ялгаатай байна шүү. Одоо бол бид толног төхөөрөмжийн хангалт сайн, гадаад дотоодын олон багаж хэрэгсэлтэй. Аврагч нэг бүр өөрийн гэсэн багаж, хэрэгсэл, тоног

-Ер нь осол, аваарийн дуудлага авсны дараа аль болох түргэн шуурхай газар дээр нь очих нь чухал байдаг байх. Та бүхэн ослын газар дээр ажиллах төлөвлөгөөгөө яаж боловсруулдаг вэ?

-Мэдээж юун түрүүнд түргэн шуурхай байх нь маш чухал. Галын дуудлага авсны дараа ингэж ажиллана, тэр иргэнийг ингэж аварна, гарсан галыг тэгж унтраана гэх мэтээр наана нь төлөвлөх ямар ч нөхцөл, арга бидэнд байхгүй л дээ. Тиймээс гарсан галын голомт дээр очоод тухайн үеийнх нь нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний дараа тактикаа боловсруулж ажиллана гэсэн үг.

Жишээлбэл, аль хаалга хаалттай байна, аль нь нээлттэй байна, аль хаалгаар нь орвол иргэдийг түргэн шуурхай, аюулгүй гаргах уу гэдгээ газар дээр очоод түргэн хугацаанд бодож тооцоолон ажилладаг.

-Танай анги хамт олны хувьд өмнө нь олон аврах ажиллагаанд оролцож байсан байх. Ямар үед хамт олноороо, мэргэжлээрээ хамгийн их бахархдаг вэ?

-Ер нь аймхай хүн бол асч буй гал, давалгаалан шуугьж буй их үер лүү орохыг хүсэхгүй, чадахгүй шүү дээ. Тиймээс онцгой байдлын албанд маань хамгийн зоригтой залуус ажилладаг гэж би боддог.

Онцгой байдлын гал унтраах, аврах 10-р ангийн барилга гурван жилийн өмнө шинэчлэгдэн, баригджээ. Энэхүү барилгад аврагчид амарч, хамтдаа хоолоо хийж, хоёр дахь гэрээ болгон ажиллаж амьдардаг байна.

Амралтын өрөө

Ийнхүү тус ангийн салаан дарга Д.Ганзоригтой ярилцлаа.

-Түгшүүрийн хонх дугарлаа алба хаагчид нэг минутын дотор бэлэн болдог-

-Анх хэрхэн энэ албанд орж ирж байсан бэ?

-1995, 1996 онд хоёр ах маань Дархан-Уул аймагт гал түймэр унтраах ангид ажилладаг байсан. Тэгэхээр багаас ерөнхий суурь байсан гэсэн үг.

Энэ ангид мөр зэрэгцээд ажиллаж байгаа найз маань бий. Найз маань ангийн сургалт хариуцсан мэргэжилтэн, ангийн орлогчоор ажилладаг. Бид хоёр бас адилхан нэртэй Ц. Ганзориг гээд дэслэгч байдаг. Дархан- Уул аймгаасаа эхлээд л ижил нэртэй нөхөрлөж ирсэн. Цэргийн албанд хүртэл нэг ангид алба хааж явлаа. Тэгээд найзтайгаа уулзах гэж ирээд энэ байгуулгатай амьдралаа холбосон байна даа. 

Гаднаас нь найзыгаа, хамт олоныг нь хараад л багтмаар сайхан санагдаж байсан. Анх гал сөнөөгчөөр орно гэж төсөөлөөгүй л явж байлаа. Энэ хэд маань дуудлагад гараад л явна. Улаан машиндаа сэрээгээ татаад гараад явахад нь араас нь хараад сэтгэл хөөрөөд л үлддэг байсан. Тэр үедээ бас дотор нь суугаад явах сан, ямар байдаг бол гэж боддог байсан чинь нэг мэдсэн энэ байгууллагатайгаа холбогдсон байна даа. Байнга л найзтайгаа уулзах гэж ирдэг байсан. 

-Сэтгэл хөөрдөг байж байгаад яг энэ албандаа ороод, анхны дуудлага авах мэдрэмж ямар байсан бэ?

-Гал сөнөөгчөөр томилогдож ирээд анхны дуудлагадаа явж байхад сэтгэл хөөрсөн, догдолсон мэдрэмж төрч байсан. Гэхдээ ямар гал дээр очиж байгаагаа бол мэдэхгүй. Улаан машиндаа дуут сэрээгээ дугаргаад явж байхад бол их л сэтгэл хөөрч явсан.

-Анх орж ирж байсан үеийн хувцас хамгасалал, одоогийнхтой харьцуулбал ямар байсан бэ?

-Анх байгуулагдаа орж байхад хувцас, форм, хамгаалалтын тусгай хувцас дутмаг байсан. Бид нар хоорондоо дамжуулаад л өмсдөг байлаа. Тэр үед резинтэй хувцас, пакалтай байдаг байлаа. Одоо бол хангамж сайхан болсон. Өөрийн гэсэн хамгаалалтын тусгай хувцастай, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй, дулаалга, усны гуталтай байгаа. Хангалт үйлчилгээ маш сайжирсан. Техник хэрэгсэл ч гэсэн Франц, Япон улсын сайхан дулаахан паартай машинтай болсон. Бид нарын үед дандаа орос машинд явдаг байсан. Галаа унтраачхаад хүйтэн мөстэй даараад л ирдэг байлаа. Одоо бол орчин ондоо болсон. Техник хэрэгсэл бүрэн шинэчлэгдсэн байгаа. Шинээр орж ирсэн алба хаагчдад техник хэрэгсэлтэйгээ харьцахад ч хялбар болсон. Хуучин бол амьсгалын төхөөрөмж, хамгаалалтын хувцас хүлээлцээд л явдаг байсан. Тэр бүү хэл каскаа хүртэл дамжуулаад явдаг байсан. Одоо бол хүн бүр өөрийн юмаа хэрэглээд хураагаад цэвэрлээд явдаг. Өөрөө өөрийнхөө юмыг л хэрэглэдэг болсон. Нийгэм нь өөрчлөгдөөд галд шатаж байгаа материалууд нь илүү их бодисын агууламжтай болсон байна. Янз янзын барилгын материалууд хорт хийн утаа ялгаруулдаг. Ажиллах нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн стандарт сайн мөрдөгдөж байгаа учраас алба хаагчид сэтгэл өндөр байгаа. 

-Улаан гал руу ороод хүнд санагдах үе бишгүйдээ л тохиоллдох байх.

-Бид нар чинь хүн шүү дээ, удаан хугацааны гал түймэр дээр ажиллах л жаахан хүнд байдаг. Жишээ нь: говийн гал, emart-ын гал , их дэлгүүрийн гал удаан хугацаагаар ажиллах гал дээр л өөрийгөө ядарч байгаа мэдэрнэ дээ. Тэрнээс шантрах буцах гэсэн юм байхгүй ээ. Тийм мэдрэмж ер нь төрдөггүй ш дээ. Хамт олон минь хаа явж байна. Тэдтэйгээ ярилцаад явж байхад аврах үйл ажиллагаанд тийм юм боддоггүй. 

-Юу нь мэдэгдэхгүй улаан гал руу орох. Цаана нь юу хүлээж байгааг тааварлахын аргагүй. Мөр зэрэгцэн ажиллах журмын нөхрөө алдах үед аврагч нарынхаа сэтгэлийг хэрхэн дэмждэг вэ?

-Хүн тааж мэдэхгүй, бид нар ямар дуудлагад явж байгаагаа ч мэдэхгүй. Бид нар дуудлага ирсэн тохиолдол хаягаа тодруулаад л гарна. Тухайн очсон гал түймрийн дуудлага дээрээ  очоод л шийдвэр гаргаад гал унтраах үйл ажиллагаа явагддаг. Тэр үеийн хамгаалах хэрэгсэл муу байсан уу гэвэл үгүй. Энэ бол харамсалтай үйл явдал болсон. 

Бид нар гал түймэр дээр ажиллачхаад буцахдаа л алдаа оноогоо ярьдаг. Тасаг гэдэг нэг цул баг болж байдаг. Ангиасаа гараад явсан цагаасаа л ярилцаад явна.  Дуудлагаа, хаягаа тодруулна. Ил гал бол галынхаа тархалтын зогсооно, замын хөдөлгөөнд оролцохдоо ч аюулгүй ажиллагааг хангана. Буцахдаа яг ижил алдаа оноогоо ярилцаад л явдаг. Ололтоо ч дутагдалтай талаа ч яриад сэтгэл зүйгээ бэлдээд явдаг даа. 

-Замын түгжрэл ачаалал дуудлагад явах үед хэр нөлөөлж байдаг вэ?

-Аль чиглэлд гарч байгаагаас шалтгаалаад  төвтэйгөө холбогдоно. Замын цагдаа нар уулзвар дээр байх юм бол зохицуулаад өгдөг. Мөн жил бүр зам гарцын судалгаа хийдэг. Гэр хорооллын мухар гудамж, машин очих боломжгүй ямар гудамж байна гээд судалгаа явдаг. Орон сууцууд гадна талдаа хаалт хийчихсэн байдаг их хүндрэлтэй. Мөн орон сууцны туслах зам дээр хашлага тавьчихсан байдаг нь бас хүндрэл болдог. Орон сууцууд гадна талдаа зогсоол байхгүй. Их л сэрэмжлүүлэг хүргэдэг зарим нь бухимдаж хүлээж авдаг. Эергээр хүлээж авдаг ч хүмүүс ч бий янз янзаар ч хүлээж авна.  Хаана машинаа тавихаа заалгах уу гэнэ, утсаа ч авахгүй байх тохиолдол гарна. Машиныг нь өргөөд хажуу тийшээ болгох үе ч гардаг. 

-Түгшүүрийн хонх дугарлаа алба хаагчид хэдэн минутанд бэлэн болдог вэ?

-Дуудлага ирээд түгшүүрийн хонх дугарахад хувцсаа өмсөөд гарахад нэг минут л болох ёстой. 

-Үргэлжийн мөнх дуудлагатай завгүй явдаг энэ амьдралын арыг нь баталгаатай даадаг гэр бүлүүд байдаг байх.

-Онцгой байдлын алба хаагчдын гэр бүл, үр хүүхдүүд маань бидэнд ууссан байдаг шүү дээ. Манай хүүхдүүд гэхэд чинь л багаасаа аав шигээ мэргэжилтэй гал сөнөөгч болно гэдэг. Багаасаа л энэ байгууллагатайгаа холбогдсон болохоор бидний хоёр дахь гэр болсон. Алба хаагчдынхаа гэр бүлээр бахархаж явдаг. Та нар минь мундаг шүү. Бид чинь байнга хэлэхгүй ч гэсэн дотроо бодоод явдаг шүү.

Үргэлжлүүлэн гал унтраах багт зургаан сарын өмнө орсон 20 настай залуу сөнөөгч Н.Батбаяртай ярилцлаа.

-Гал унтраачхаад буцаад ирэх л гоё, оргилсон мэдрэмж дүүрэн байдаг-

-Яагаад энэ албыг сонгох болов?

-Хамгийн том буян шүү дээ. Хүмүүсийг аварч, тэднийг аюулаас хол байлгахад сэтгэл дүүрээд л явчихдаг. Мэдээж улаан гал руу орох хүнд, гэхдээ эртнээс сэтгэл зүйгээ бэлдчихсэн байх болохоор сандарч, тэвдэх зүйл байхгүй ээ.

-Хүмүүс энэ албыг хатуу гэдэг. Гэр бүлийнхэн нь энэ сонголтыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Дотроо бол санаа зодвог л байх. Гэхдээ нэг ч удаа ажлаа боль гэж байгаагүй. Үргэлж намайг дэмждэг.

-Таны нэг өдөр хэрхэн яаж, өнгөрч байна вэ?

-Бид амрах үедээ амарна. Хамтдаа хоолоо хийж иднэ. Тэгээд өөрт ногдсон ажлаа хийнэ. Хонх дугарвал улаан машиндаа суугаад л гал руу давхина.

-Өөрсдөө хоолоо хийдэг хэрэг үү?

-Тиймээ амралтын өрөөний хажууд гал тогоотой. Нийлж байгаад л юу хүссэнээ хийж иддэг.

Ийнхүү тус ангитай танилцлаа.

Тэд гэнэтийн дуудлагатай үедээ амралтын өрөөнөөс доош буухдаа үүгээр буудаг. Энэ нь илүү цаг хэмнэдэг аж.

Тэд хоногийн 24 цаг, нэг жилийн 365 хоногт үргэлжийн мөнхөд галын хонхны хангинах чимээнд бэлэн байдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 16, 2025 02:30

Үнэхээр баатарлаг хүмүүс шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button