К.Ёолк: Өрсөлдөгч шагайгаа гэмтээхэд “Үүрээд ч болов багш руу нь аваачиж өгье” гэж бодсон

Одоогоос арав гаруй жилийн өмнө жүдо бөхийн спортоор хичээллэж буй олон хүүхдийн адил К.Ёолк хүү "Жүдо" гэх спортод хөл тавьж, эхний бэлтгэлдээ очиж байжээ. Ингэснээр тэрбээр тэсвэр хатуужлийн их спортод амьдралаа холбох сууриа тавьжээ. Тэрбээр бэлтгэлийн үеэр IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны зүгээс бэлэглэсэн жүдогийн өмсгөлийг гардан авч, энэ спортоор тасралтгүй хичээллэх болсноор түүний замнал, өнөөдрийн амжилтын гараа эхэлсэн байна.
Энэ сард зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн жүдо бөхийн ДАШТ-ий 60кг-ийн ангилалд хүрэл медаль хүртэж эх орондоо ирсэн даруйд нь түүнтэй уулзаж, цөөн хором ярилцлаа.
-Аав минь "Энэ спортод хөл тавьсан л бол буцах замгүй" гэж байсан. Тэр цагаас хойш нэг ч шантраагүй, өөрийгөө улам их хурцалсан-

-Хүүхэд нас руу нь буцая. Балчир байхдаа их спортыг сонгох болсон шалтгаан юу байсан бэ?
-Би багын хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Манай аав Үндэсний бөхөөр барилддаг. Сумын заан цолтой хүн бий. Аав маань надад их нөлөөлсөн. Аавыгаа дагаж аймаг, сумын наадмаар их явна. Аавынхаа барилдаж байхыг хараад бахархах сэтгэл төрдөг байв. Би ч гэсэн аав шигээ бөх болж яагаад болохгүй гэж боддог байлаа. Тэр бүхнээс үүдээд бөхөд дуртай болсон. Тэгээд сургуульд ороод долдугаар ангиа төгсдөг хавар, манай гудамжны Шаравжамц ах нэг өдөр “Чи бөхийн спортоор хичээллэх үү гэж асуусан. Би тэгье л дээ” гээд бөхийн секцэнд дагаж явсан. Анх тэгэж л бөхийн спорттой холбогдсон.
-Бөхийн спортын гараагаа анх хэдэн настайдаа, хаанаас эхэлж байсан бэ?
-Бөхийн спортын гараагаа Дархан-Уул -аймгаас эхэлсэн. Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын нэгдүгээр дунд сургуулийн зааланд Д.Балжинням багш дээр анх дугуйланд явж эхэлсэн. Самбо болон жүдо бөхөөр хичээллэдэг байлаа. Бас намайг багаас эхлэн биеийн тамирын багш Ц. Ганбат маань их дэмжсэн.
-Сүүлийн жилүүдийн УАШТ-д тогтмол амжилт үзүүлж, медаль хүртсэн. Самбо, жүдо бөхөөр гаргасан амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-ОХУ-ын Хабаровск хотод болсон олон улсын тэмцээнээс мөнгө медаль авч байлаа. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө, хүрэл медалтай. Дотоодын цуврал тэмцээнд хоёр түрүүлж, хоёр хүрэл медаль авсан. Самбо бөхөөр өсвөр үеийн дэлхийн аваргын хүрэл медальтай. Азийн аваргын хүрэл, Азийн хүүхдийн их наадмын хүрэл медальтай. Насанд хүрэгчдийн УАШТ-аас алт, хошой хүрэл медаль хүртэж байсан. Тэгээд л сая насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медалиа хүртлээ.
-Багаасаа тамирчны замналаа бэлдсэн таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ?
-Би эмээ дээрээ өссөн. Өглөөд хичээлдээ яваад, өдөртөө бэлтгэлээ л хийнэ. Жаахан байсан учир айхтар олон цагаар бэлдэхгүй. Бэлтгэлийн цаг дуслаа л бол гарч найзуудтайгаа шавиагаа ханатал тоглоно. Тоглохгүй бол болохүй шүү дээ.
-Харин одоо таны нэг өдөр хэрхэн өнгөрч байна вэ?
-Өглөө босоод цайгаа ууж, өөрийгөө бэлдчихээд гүйнэ. Бэлтгэлдээ очно. Бэлтгэлээ халтуурдалгүй чин сэтгэлээсээ хийнэ. Тэгээд л нэг өдөр өнгөрнө. Эртхэн унтаж амарна. Ерөөсөө л ингэж өнгөрнө. Би амьдралаа энэ спортод өгсөн хүн учраас эргэж, буцах эрхгүй гэх үү дээ. Чин сэтгэлээ л зориулна
-Ер нь таны хувьд тамирчин хүн байна гэдэг ямар байхыг хэлдэг вэ?
-Төлөвшсөн, даруухан, сахилга баттай байхыг хэлнэ. Ер нь спорт хүнд асар их тэвчээр хатуужил өгдөг. Тэр хэрээрээ хэрхэн яаж, боловсорч байгаа вэ гэдгийг нь олон нийт таньж, хардаг байх даа.
-Жүдо, самбогоор хичээллэж эхэлж байхдаа "Больё" гэж бодож, шантарч байсан удаа бий юу?
-Жаахан байхдаа найзуудтайгаа барилдаж, ноцолдохыг л маш их хүсээд зааланд гүйгээд оччихно. Хичээл эхлэхээс өмнө юм уу, тараад оччихоод найзуудыгаа хүлээгээд суучихна. Хичээл тарсан л бол гурав, дөрвөн цагаар ч хамаагүй харанхуй болтол зааланд ноцолдоно. Найзуудтайгаа хөгжилтэй байх хүсэл эрмэлзэл, заалны тэр орчин л намайг жүдод дурлуулсан гэж боддог. Сүүлд өсвөр насанд байхад шантрах үе гаралгүй л яах вэ. Тэр үед аав минь "Энэ спортод хөл тавьсан л бол буцах замгүй" гэж байсан. Тэр цагаас хойш нэг ч шантраагүй, өөрийгөө улам их хурцалсан.
-Өрсөлдсөн тамирчин маань бэртэхэд, "үүрээд багш дээр нь аваачаад өгье" гэж хамгийн түрүүнд бодогдсон-

-Тамирчин хүн бишгүйдээ л их бэртэл гэмтэл авах байх. Бэртэх үеийн сэтгэлзүйгээ ямар түвшинд байлгадаг вэ?
-Хөнгөн бэртлүүд наад захынх шүү дээ. Сахилга баттай баж хүнд бэртэл авахгүйг л ихэд хичээдэг. Наад захын гэмтлүүд яах вэ, асуудал биш. Давж боломгүй том асуудал биш шүү дээ. Том зорилго тавьчихсан байхад жижигхэн саад бол бэрхшээл болохгүй ээ.
-Таны барилддаг 60 кг-ын жинд ур эвтэй, өрсөлдөхүйц барилддаг тамирчин хэн байна вэ?
- Монголын 60 кг ундаргатай жингүүдийн нэг. Дотоодын өрсөлдөөнийг улам нэмэгдүүлж байж гадагшаа сайн барилдана гэж боддог. Одоогийн манай жингийн монгол тамирчид мундаг барилдацгаана шүү дээ.
-Гадаадын орны бөхийн бэлтгэл арай ондоо байж магадгүй. Барилдааны үед ялгаа хэр мэдрэгддэг вэ?
-Мэдээж бэлтгэл сургуулилт тэс өөр. Гэхдээ хэдий өөр байсан ч яг өөрийнхөө сууриар л өөрөөрөө л барилдах хэрэгтэй. Юу сурсан, яаж бэлдсэн түүнийгээ л барилдааны үеэр хийнэ.
-Тэмцээн уралдаанд барилдахын өмнө анхаарлаа хэрхэн төвлөрүүлдэг вэ?
-Дуу сонсоно. Ихэвчлэн зохиолын эсвэл уртын дуу сонсоно. Нутаг усны, ээж аавын тухай дуу сонсож, тайвширч, өөрийгөө бэлддэг.
-Дархан-Уул аймгийн дэвжээнээс эхэлж, дэлхийн тавцанд гарах үеийн мэдрэмжээсээ хуваалцвал?
-Өөртөө ч итгэхгүй байсан. Медалиа авах үедээ, "Чи энийг хийчихлээ гэж үү, чадчихлаа гэж үү" гээд маш их юм бодогпсон. Ээж аав, нутаг ус, намайг дэмжсэн түмэн олон гээд өнгөрсөн амьдрал нүдний өмнө зурайсан. Тэгээд л амжилтаа ахиулах, дараагийн зорилгоо биелүүлэх гээд бүх л юмаа эргэж бодсон.
-Нууц биш бол дараагийн зорилго нь юу вэ?
-Мэдээж тив дэлхийд нэрээ гаргах. Олон жилийн_ хөдөлмөр, багш нарын хичээл зүтгэл, намайг хайрласан бүхний хариуг өөрийн амжилтаараа эргэн төлөх шүү дээ. Олон хүний мөрөөдөл болсон олимпод оролцох, гээд олон зорилт бий.
-Сүүлийн мөчид өрсөлдөгчөө үүрээд дэвжээнээсээ буусан. Энэ нь дэлхий дахины олон хүний хайрыг татаж байна.
-Спорт бол хүндлэл. Барилдахын өмнө мэхийж, барилдсаны дараа гар барьдаг. Өрсөлдөгч маань доголоод, бэртчихэнгүүт "үүрээд багш дээр нь аваачиж өгье" гэж л хамгийн түрүүнд бодсон. Энэ нь надад багаас суулгасан эмээгийн минь хүмүүжил байх. Аав, ээж хоёр маань ч их хэлдэг. Энэ хүмүүжил л минь надад хамгийн нандин юм даа.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сайн байцгаана уу. Улам их хөдөлмөрлөж, УХААН~УР~ЧАДВАР ИЖ БҮРЭЛДСЭН ТАМИРЧИН ГЭГДСЭН ТӨДИЙГҮЙ, ОЛИМПЫН МЕДАЛЬТАН, ОЛИМПЫН АВАРГА БОЛООРОЙ ДҮҮ МИНЬ.
Амжилт!
Хүмүүжил хандлага гэдэг маш чух�##� юм. Сайн хүү бна.
ЗА ДҮҮ МИНЭЭ ОЛИМП ДЭЛХИЙН АВАРГЫН АЛТАН МЕДАЛЬ МАШ ОЙРХОН БАЙНА ШҮҮ СЭТГЭЛ ЗҮЙГЭЭ БЭЛТГЭ ДАРААГИЙН ТЭМЦЭЭНД АЛТАН МЕДАЛИЙН ТАВЦАН ДЭЭР ЗОГСОЖ БАЙГААГААР ТӨСӨӨЛӨН ДАЛД УХАМСАРАА СЭРЭЭ ОЛИМПИЙН АВАРГА ЁОЛК ЯМАР СОНСОГДОЖ БАЙНА ГОЁ БАЙГАА БИЗ АМЖИЛТ ДҮҮ ЧИ ЧАДНАА.