ChatGPT-г бүтээсэн “OpenAI” Пентагонтой $200 саяын гэрээ хийв

Пентагон даваа гарагт /2025.06.16/ мэдэгдэхдээ “OpenAI” компанитай 200 сая ам.долларын үнэлгээ бүхий гэрээ хийсэн гэжээ. Энэ гэрээгээр тус компани хиймэл оюун ухаан хөгжүүлж, цэргийн болон үндэсний аюулгүй байдлын зориулалтаар ашиглах юм.
“OpenAI” нь хүмүүс өдөр тутмын амьдралдаа ашиглах болсон ChatGPT чатботыг хөгжүүлсэн компани. Пентагон мэдэгдэл хийхдээ “Энэ гэрээний хүрээнд OpenAI нь дэвшилтэт хиймэл оюун ухааны туршилтын загваруудыг боловсруулж, дайн байлдаан болон байгууллагын удирдлагын салбарт тулгарч буй аюулгүй байдлын чухал асуудлыг шийдвэрлэхэд зориулна” гэсэн байна. Пентагон мэдээлснээр энэ тендерт нийт 12 компани өрсөлджээ.
Энэхүү нэг жилийн хугацаатай гэрээ нь “OpenAI” компанийн батлан хамгаалахын салбарт хийсэн анхны гэрээ юм. Гэхдээ тус компани өмнө нь АНУ-ын засгийн газартай хамтран төсөл дээр ажиллаж байсан.
Энэ мэдээллийн дараа “OpenAI” компани “OpenAI for Government” нэртэй шинэ санаачилга эхлүүлж буйгаа зарлажээ. Энэ нь тус компанийн төрийн байгууллагуудтай өмнө нь хамтран ажиллаж байсан бүх төслүүдийг нэгтгэсэн хөтөлбөр юм. “OpenAI” блогтоо бичихдээ, уг санаачилга нь цэргийн албан хаагчдад үзүүлдэг эрүүл мэндийн үйлчилгээнээс эхлээд цахим аюулгүй байдлыг сайжруулах хүртэл олон салбарт өөрчлөлт авчрах боломжтой гэжээ.
Блогтоо гаргасан мэдэгдэлдээ тус компани “Бид эдгээр санаачилгын хүрээнд төрийн албан хаагчдын өдөр тутмын ажлыг хялбарчлах, илүү үр дүнтэй ажиллахад нь туслахыг зорьж байна” хэмээн бичжээ.
Нэгдүгээр сард “OpenAI”-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хамт Цагаан ордонд мэдэгдэл хийж, 500 тэрбум ам.долларын өртөгтэй “Stargate” хэмээх үндэсний хиймэл оюун ухааны дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслийг танилцуулсан.
2024 онд “OpenAI”, “Anthropic” болон “Meta” компани хиймэл оюун ухааны ашиглалтын бодлогоо өөрчилж, АНУ-ын агентлагууд батлан хамгаалах болон тагнуулын зорилгоор ашиглахыг зөвшөөрсөн. Хамгийн сүүлд “Google”-ийн толгой компани “Alphabet” 2018 онд өгч байсан амлалтаасаа буцаж, бодлогынхоо хуудаснаасаа хиймэл оюун ухааныг зэвсэг болон хянан шалгах системд ашиглахгүй гэх дүрмээ хассан байдаг.
Эх сурвалж: Business Insider, Data Center Dynamics
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.