Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-д өнгөрсөн жил өдөр бүр мянга гаруй хүн шинээр саятан болжээ

АНУ-д өнгөрсөн онд өдөрт дунджаар мянган хүн шинээр саятан болсон гэж “UBS” хөрөнгө оруулалтын банк шинэ тайландаа дурджээ. “UBS”-ийн гаргасан Дэлхийн хөрөнгийн жилийн тайландаа дэлхийн 56 улсын иргэдийн хөрөнгийн байдлыг шинжилж үзжээ. Үр дүнд нь 379 мянга гаруй америк иргэн анхны удаа 1 сая ам.долларын хөрөнгөтэй буюу "саятан" болсон аж. АНУ шинэ саятны үзүүлэлтээр дэлхийн бусад орнуудыг тэргүүлжээ.

2024 онд шинээр нэмэгдсэн саятнуудын тал гаруй хувь нь АНУ-ын иргэд байсан юм. Үүний гол шалтгаан нь хөрөнгийн зах зээлийн өсөлт байв. Өнгөрсөн жил АНУ-ын хамгийн том 500 компанийн хамардаг S&P 500 индекс 23 хувиар өссөн нь үүнд ихээхэн нөлөөлсөн аж.

“UBS”-ийн шинжээчид: “Хөрөнгийн өсөлт голчлон Хойд Америкт үзэгдсэн. Үүнд ам.долларын тогтвортой байдал болон хөрөнгийн зах зээлүүд нөлөөлсөн” гэж тайландаа бичжээ.

Дэлхий даяар 2024 онд нийт 680 мянган хүн шинээр саятнуудын эгнээнд нэгдсэн нь өмнөх оноос 1.2 хувиар өссөн үзүүлэлт юм. “UBS”-ийн таамгаар дараагийн таван жилд энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатай. 2029 он гэхэд 5.34 сая хүн хөрөнгөө 1 сая ам.долларт хүргэнэ гэж тус банк таамаглаж байна.

Саятнуудын тоо нэмэгдэж байгаа ч Америкчуудын дийлэнх нь ийм хэмжээний хөрөнгөтэй биш. Тайланд дурдсанаар 2024 оны эцэст Америк тивд насанд хүрсэн хүний дундаж хөрөнгө 312 мянган ам.доллар орчим байжээ.

Өнгөрсөн онд дэлхий даяар хүмүүсийн хувийн хөрөнгө 4.6 хувиар өссөн бол Америк тивд хувийн хөрөнгө 11 гаруй хувьтай өссөн аж. UBS тайландаа “2024 онд АНУ-ын хөрөнгийн зах зээл бусдаас илүү амжилттай байсан ба ам.доллар тогтвортой байснаар энэ бүс нутгийн хөрөнгийн өсөлт бусадтай харьцуулахад онцгой байсан” гэжээ.

Ийнхүү шинээр нэмэгдсэн саятнуудыг өмнөх саятнуудтай нийлүүлж үзвэл 2024 онд дэлхийн нийт саятнуудын 40 орчим хувь буюу 24 сая нь Америк тивд байсан байна. Үүний дараа Ази, Номхон далайн бүс (36 хувь), Европ, Ойрх Дорнод болон Африк (25 хувь) тус тус орсон юм.

Энэхүү тайланд “хөрөнгө” болон “цэвэр хөрөнгө” гэсэн ойлголтыг ижил утгаар ашигласан байна. Тухайн хүний мөнгө, үл хөдлөх хөрөнгө зэрэг бүх хөрөнгийн нийт үнэ цэнийг авч, зээлийн өрийг хасаж тооц аж.

АНУ нь саятны тоогоороо дэлхийд тэргүүлдгээс гадна хамгийн олон тэрбумтантай орон юм. “Forbes” сэтгүүлийн сайтаас харвал 2025 оны байдлаар дэлхий даяар 3 мянга орчим тэрбумтан байгаа аж. Тэд нийтдээ 16.1 их наяд ам.долларын хөрөнгөтэй. Үүний гуравны нэг орчим нь буюу 902 тэрбумтан АНУ-ын иргэн юм. Тэд нийтдээ 6.8 их наяд ам.долларын хөрөнгөтэй. 100 тэрбумаас их хөрөнгөтэй 15 хүн байдгийн 13 нь АНУ-ын иргэн.

Эх сурвалж: CBS News, Forbes

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button