УЛС ТӨРУлс төрийн ярилцлага

Х.Тэмүүжин: Идэхийн тулд бусдыг хороодог "зомби" Засгийн газар байгуулагдлаа

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-МАН, АН-аа жийж гаргаад хоёр жижиг намтай хамтран шинэ Засгийн газраа байгууллаа. Тэргүүнээр  нь Г.Занданшатар ажиллаж байна. Ер нь ямар Засгийн газар байгуулагдчихлаа гэж харж байгаа вэ?

-Анх Ерөнхий сайд томилогдохоос эхлээд процессын алдаа завхрал явж эхэлсэн. Хуулиараа парламентын засаглал бүхий улсад Ерөнхий сайдыг парламентын олонх нь тодруулж, нэр дэвшүүлдэг. Уг нь олон суудал авсан нам олонхын бүлэг дээр түшиглэж Ерөнхий сайдаа тодруулах ёстой. Атал манайд Үндсэн хуулийн заалтыг гажуудуулж дандаа парламентын гаднаас нам Ерөнхий сайдаа дэвшүүлдэг болж зарчим анхнаасаа алдагдсан.

Мөн ямар ч Ерөнхий сайд бүтэц, бүрэлдэхүүнээ эхлээд УИХ-аар зөвшөөрүүлж байж цааш явдаг. Гэтэл энэ Ерөнхий сайд ажлаа хийсэнгүй. Сайдаа томилох нь Ерөнхий сайдын бүрэн эрх боловч ямар бүтэц, бүрэлдэхүүнээр энэ Засгийн газар ажиллах вэ гэдгийг УИХ шийддэг. Харин энэ удаа Ерөнхий сайд УИХ-аас тойрч зугтаад бүтцээ бүрдүүлчихсэн.

Ингэхдээ өмнөх Ерөнхий сайдын бүтэц, бүрэлдэхүүнээр ажиллана гэсэн өнгө аястай. Л.Оюун-Эрдэнийн кабинетын гишүүдийг үргэлжлүүлэх маягаар бүтцээ зурлаа. Эндээс үндсэндээ огцорсон Засгийг буцаан амилуулах маягтай буюу бусдын арьсан дотор өөрсдөө ороод хуучин эд эрхтнүүдийг нь чихэж аваад цааш явах гэж байгаа дүр зураг харагдаж байгаа юм.

Тэгэхээр энэ Засгийн газрыг би “Зомби” л гэж харж байгаа. Зомби гэж амилсан үхдэл. Амилчхаад амьд хүн шиг ааш гаргахаар илүүтэй зөвхөн идэж, уухын тулд дандаа бусдыг үхүүлж явдаг зохиомол амьтныг хэлдэг. Үүнтэй энэ удаагийн Засаг яг адилхан болчихлоо.

Нийтийн ашиг сонирхлын тухай ойлголт энэ Засгийн газарт алга. Шударга ёсны тухай ойлголт алга. Эдийн засгийн бодлого болоод олон зүйлээрээ эрс өөрчлөлт гарахгүй гэдэг нь тодорхой харагдлаа. МАН өнгөрсөн 11 жил засгийн эрх барьж байгаа. Энэ хугацаанд ихэвчлэн дангаараа засагласан. Одоо дахиад дангаараа цааш үргэлжлэх гэж оролдож байна. Үүгээрээ энэ нам юуг ч өөрчлөхгүй гэдгээ тодорхой хэлчихлээ. Эдийн засаг, төсвийн нөхцөл хүнд байхад сангийн сайдаа үргэлжлүүллээ. Эрчим хүчний салбар дордоод байхад сайд нь улирчихлаа. Гол суурь бодлогууд дээрээ ямар ч өөрчлөлт хийсэнгүй.

Тиймээс би энэ Засгийн газрыг үлгэн, салган зомби гэж хараад байгаа юм. Цаашид засаг сайд нараа тэжээхийн тулд Монгол Улсын юуг золиослохыг мэдэхгүй байна. Бас хэр тогтвортой байх эсэхийг мэдэхгүй юм.

-Ирэх жил гарах хүндрэлүүдийг энэ засаг давж чадахгүй. Нурж унаад, бууж өгөх байх-

-Г.Занданшатар маш том гацаанд орсон Ерөнхий болчихлоо. АН-ыг орхиод засагласан ч, хоёр намтай хамтарсан ч Ерөнхий сайдад хэцүү байх нь. Ер нь МАН Бага хурлаараа АН-ыг гаргасан нь буруу алхам байсан юм биш үү?

-Хоёрдугаар эгнээнийх нь хоолондоо орох гэж байхад зөв буруугийн тухай яриа утга муутай. Сайд больё гээд бодчихсон сандал суудлын төлөө аав, ээжийгээ зарахад ч бэлэн байгаа хүмүүс зөв, буруугийн тухай огт бодохгүй.

Нөгөө талд УИХ-аас дэмжлэг муутай Ерөнхий сайд өөрийнхөө кабинетыг өөрөө толгой мэдэн бүрдүүлэх ямар ч боломжгүй. Тиймээс санал болгоны араас гүйж, цуглуулсан. Ингэж бүрэлдсэн засаг цаашид дэвшилттэй, зоригтой алхам хийнэ гэдэгт ч итгэхгүй байна. Яагаад гэвэл зоригтой алхам эрсдэл дагуулдаг. Өөрөө ийм суурь муутай Засаг эрсдэлтэй алхам хийгүй. Тэд бүх юмыг бөөрөнхийлж, будаад ялзарсан бол тэрүүхэн тэнд нь булахаас өөр юм хийж чадахгүй.

Ийм ирээдүйгүй, тодорхойгүй, бодлогогүй Засгийн газарт орох хэцүү байна гээд урилга авсан нэг хүн нь хойшоо суучихлаа. Би үүнээс илүү шүүмжилж хэлэх гэхээр хэтэрхий хатуудах гээд байна.

-Гурван нам хамтарсан Засгийн газрыг хэр тогтвортой, урт настай байна гэж харж байна вэ?

-Эхний төсвөө батлуулж чадах болов уу гэж эргэлзэж байна. МАН сурсан зангаараа кноп цуглуулах ажлаа хийх байх. Тэр үед хэн хэн худалдагдахыг харья. Ерөнхий харахад ирэх жил гарах хүндрэлүүдийг энэ засаг шийдэж, давж чадахгүй. Нурж унаад, бууж өгөх байх.

-Дөнгөж эхний жилдээ Засгийн газар солигдлоо. Дараа жил гарах хүндрэлүүдийг давахгүй Г.Занданшатарыг танхим мөн огцрох асуудал яригдвал хоёр жилд хоёр удаа Засгийн газраа солино. Ингээд нэг парламентад гурав дахь Засаг орж ирвэл гадаад, дотоод нөхцөл байдалд хэрхэн сөргөөр нөлөөлөх вэ?

-Маш олон сөрөг нөлөө байгаа. Бизнесүүд урагшаа явахад хүндрэлтэй болчихлоо. Тогтворгүй, хүчгүй, бодлогогүй Засгийн газарт хөрөнгө оруулалт хэн хийх вэ гэдэг эргэлзээтэй болно. Урт хугацаанд төлөвлөлт хийж чадахгүй болчихоор хүмүүс юун мөрөөдөл, бизнес, зорилго руугаа мөнгө хийх байгаа мөнгөө гудсан доороо хийж хоолондоо нөөцөлж эхэлнэ. Энэ хэрээр бизнесүүд хумигдаж эхэлнэ. Ажлын байранд ч цөөн хэд нь үлдээд бусад нь байхгүй болно гэсэн үг.

Мөн гадаад нөхцөл байдал тун зовлонтой болно. Энэ бүгдийг харахаар ер нь өнөөдрөөс илүү маргаашаа тооцдог тархи, төлөвлөдөг оюун ухаан МАН дотор огт байхгүй байгаа юм. Маргаашаа харахгүйгээр өөрсдийгөө л магтаад “бид тийм байж билээ” гэж түүхээ ярьсан хэдэн өвөө нар шиг хэдэн нөхөд энэ улс орноор тоглож байна.

-Зүг чигээ зөвхөн даргынхаа үгээр шийддэг болж хувирсан МАН-д эрүүл саруул дуу хоолой гарч ирэх хэцүү. Орж ирсэн гайгүй залуустаа эрх мэдэл гэдгийг харуулж, нүдэн дээр нь дарж байна-

-МАН яагаад ганцаараа засагласангүй вэ. Зориг нь хүрсэнгүй юу?

-Угаасаа чадахгүй гэдэг нь ойлгомжтой байсан. Тэднээс юу ч хүлээх арга байхгүй. Хамтраад юм шийдэх гэхээр зоригтой алхуулж чадахгүй байгаа нам дангаараа юу ч хийхгүй. Хөндлөнгөөс АН ороод ирэхээр мэдээлэл задарч байна. Олон юмны үзүүр дээр АН суугаад эхэллээ гэдэг болгоомжлолоос Засаг солигдох суурь эхэлсэн. Үүн дээр нэмээд хэн эрх мэдэлтэй вэ гэдгээ харуулах явган жижиг амбиц нэмээс болж байгаа юм. МАН Ерөнхий сайдаа сольж болно. Харин АН-ын хөөж гаргана гэдэг нь сууриа эвдэж байна гэсэн үг.

УИХ-д хэт олон суудалтай байгаад дангаараа засаглаад удсан. Хүний үг авдаггүй. Мөнгөний хэмжээгээ алдчихсан. Зүг чигээ зөвхөн даргынхаа үгээр шийддэг болж хувирсан МАН-д эрүүл саруул дуу хоолой гарч ирэх хэцүү юм байна гэдгийг харж байна. Гайгүй залуучууд орж ирсэн ч давж дугарч, асуудлаа шийдвэрлүүлнэ гэдэг худлаа гэдгийг нөгөөдүүл нь харуулж байна. Энх мэдэл хэнд байдаг вэ. Олон юм яривал яах вэ гэдгийг нь зүгээр нүдэн дээр нь харуулж байгаагаас харахад энэ намаас ямар ч эрүүл хүлээлт байхгүй.

-Өмнөх Засгийн газарт хамаг галтай төслөө аваад урагшлуулж О.Алтангэрэл, Ц.Туваан зэрэг сайд нарын оронд бүр шинэ хүмүүс оруулж ирлээ. Нөгөө төслүүд нь одоо яах бол?

-Өнгөрсөн найман сарын хугацаанд яг гал авч ажилласан нь АН-ынхан байлаа. Одоо гал авч ажиллах хэмжээний сайд шинэ Засаг орсон эсэхийг мэдэхгүй байна. Миний харснаар ихэнх нь зүгээр л бөөрөнхийлдөг. Аль болох сүүдэрт нуугддаг хүмүүс сайдын суудалд оччихлоо. Ямартай ч харья. Гэхдээ харах юм ч гарахгүй байх даа.

-Г.Занданшатарт энэ зориг дутна. Тэр хэтэрхий популизмд автамхай зөөлөн хүн-

-Улс төрд олон жил байсан нэгнээ мэдэх хүмүүсийн хувьд та шинэ Ерөнхий сайд Г.Занданшатарыг ямар улс төрч гэж хардаг вэ. Хүлээлт байгаа юу?

-Би чуулган дээр жаахан дутуу хэлсэн бай. Ер нь мууг нь түрүүлээд хэлчихсэн нь дээр байдаг юм. Г.Занданшатар гэдэг хүний таван зүйл дээр би эргэлзэж байгаа.

Нэгдүгээрт, Г.Занданшатар Гадаад хэргийн сайд байхдаа гаднын хөрөнгө оруулалтыг хөөсөн. Сайдаар ажиллаж байхдаа хуулийн төслийг нь санаачилж, УИХ-д өргөн барьж байсан хүн. Монгол Улсыг гадаад ертөнцтэй холбож, гаднаас хөрөнгө босгож оруулж ирэх чин үүрэгтэй алба хашиж байхдаа, албаны үүргээсээ эсрэг ажиллаж байсан. Ийм хоёр тохиолдол бий.

Тэр хэтэрхий популизмд автамхай хүн. Олон нийтийн зөв зохистой дууг дагах улс төрчийн бодлого. Зөв биш. Улс оронд хорлонтой дуу хоолойг сөрж зогсох нь харин улс төрчийн зориг байдаг. Г.Занданшатарт энэ зориг дутна. Тиймээс түүнийг улс төр, эдийн засаг дээр өмнө нь гаргаагүй зоригоо гаргана гэдэгт жаахан эргэлзэж байгаа.

Хоёрдугаарт, Г.Занданшатар спикер байхдаа парламентын эрх мэдлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл рүү чирч гүйгээд тэр үед Ерөнхийлөгч байсан нутгийн ахдаа тал засаж эрх мэдлийн хуваарилалтыг үгүй хийсэн. Үр дүнд нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шүүх, прокурорыг шүүн хэлэлдэх эрх мэдэлтэй болж, Монгол Улсыг гурван даргын улс болгоход маш их хувь нэмэр оруулсан. Монгол Улсын парламентын засаглал Үндсэн хуулийн байгууллаас тэр ингэж урваж байсан хүн.

Түүний ингэж хэн нэгэн Ерөнхийлөгчид тал засаж урвадаг ааш нь одоо бас байх вий дээ. Нутгийн ахдаа үйлчилж байсан бол одоо намын ахдаа үйлчлэх юм биш биз.

Гуравдугаарт, Г.Занданшатар парламентыг “Орос, Монголын парламентын комисс” гэж нэг хурал болгох гэж оролдож байсан. Засгийн газрын комисс байж болж байна. Харин парламент хоорондын комисс гэдэг байгуулж, хуралдана гэдэг бид аль нэг улсын хавсарга парламент болж хувирна шүү дээ. Тэр ийм үйлдлийг сөрж зогсох спикер байгаагүй. Тусгаар улсын бие даасан байдлыг хамгаалж зогсох субъект нь парламент. Тэр дундаа спикер нь байдаг. Гэтэл тэр үед Г.Занданшатар парламентаа хамгаалах гэж оролдоогүй. Одоо Ерөнхий сайд болчхоод үүнээс илүү гүйж, аль нэг улсын төлөө явчих вий дээ гэдэг болгоомжлол бас бий.

Дөрөвдүгээрт, Г.Занданшатар гэдэг хүн Үндсэн хуулийн өөрчлөлт болон олон зүйл дээр манлайлж алхсан. Гэхдээ хамгийн түрүүнд зөв гэж бодож байгаа бодлогоосоо хойшоо ухардаг хүн юм байна лээ. Үндсэн хуулийн өөрчлөлт дээр намууд зөвшилцөөд хүний эрхийн хамгаалалт бий болгох чиг гаргаад явж байсан. Гэтэл тэдгээр өөрчлөлт дээр Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцсөн нэрийн дор хамгийн түрүүнд буулт хийж байсан хүн. Дэвшилттэй үзэл санаа, зоригтой алхмаас хэн нэгэнтэй зөвшилцөх нэрийн дор хамгийн түрүүнд буулт хийдэг зөөлөн зан чанар нь яг зоригтой хүн Засгийн газраа манлайлах ёстой энэ цаг үед хэт зөөлдөх вий.

Мэдээж олон жил улс төрд явсан учир туршлага, харилцаа, хэлхээ холбоо байгаа байх. Мөн түүнд улс төрд үлдээсэн сайн зан мөр ч бий. Тиймээс шинээр зураг боломжтой нугарлын цэг дээрээ Ерөнхий сайдын албан тушаалаар өмнөх алдаагаа давтахгүй шинэ түүх бүтээхийг үгүйсгэхгүй. Хүн алдаж, өөрчлөгдөж л байдаг. Тиймд одоо шинэ Ерөнхий сайд юу хийхийг харах л үлдлээ.

-Сая МАН-аас анх сонгогдсон гишүүд шинэ Ерөнхий сайддаа хуучин сайд нарыг улираахгүй байх шаардлага тавьсан. МАН-д харагдаж байгаагүй энэ ёс суртахууныг сандал суудлын тэмцэл, хуулийн зөрчил болгож шүүмжиллээ. Та үүнийг юу гэж харсан бэ?

-Би бол тэдгээр 30 залуу гишүүнийг огт шүүмжлэхгүй байгаа. Эрүүл үзэгдэл шүү дээ. Тэд энэ хүнийг тавиад өгөөч гэж хэлээгүй байна лээ. Зарчмын хувьд хуульд хүйсийн квотыг барих уу. Сайд томилуулах гэж байгаа зарчим чинь ямар байгаа юм. Тэр процесс чинь ил байж болох уу гэдэг л шаардлага тавьсан. Ирж яваа цаг өөрийнхөө дууг дуулж байна. Тэднийг буруутгах юм алга. Буцаж яваа цаг зөрүүлээд өөрийнхөө тоглоомыг хийлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 20, 2025 09:08

Үнэн л ярьж

Зочин
Зочин
6 сар 20, 2025 09:48

за одоо хэт намын да�##�гавраа үнэртүүлээд эхэллээ. Ажил явах нь чах�##� болохоос ардчилсан нам хожих нь чух�##� биш шүү Тэмүүжээн

ZZOCHIN
ZZOCHIN
6 сар 20, 2025 10:52

MAHAN TOLGOITOI DUNKUUDUU ERUNHII SAIDSHUUDEE....

Зочин
Зочин
6 сар 20, 2025 10:58

ЯМАР ХАРАМСАЛТАЙ ЮМ БЭ? ШИНЭЭР БАЙГУУЛАГДСАН ЗАСГИЙН ТЭРГҮҮН САЙДУУДТАЙГАА ЗОМБИ ШААЧЛАА ДАА ЭНЭ ЗАСАГ НЭЭГ ИХ УДАХГҮЙ ОЮУНЭРДЭНИЙХЭЭС ИЛҮҮ ЦОХИЛТОНД ӨРТӨЖ ХЭД ТАТВАГНААД АМЬ ТАВИХ НЬ ОЙЛГОМЖТОЙ БОЛЧЛОО.ЗАНДАНШАТАР ӨӨРИЙХӨӨ ҮЗЭМЖЭЭР ЦААШИД САЙН АЖИЛЛАЖ ШУДАРГУУ ЗАРЧМААР ЯВАХ САЙД НАРАА ӨӨРӨӨ СОНГОЖ ЧАДААГҮЙ ДАНДАА ШАХААНЫ ХҮМҮҮС ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЭЭД САЙД БОЛСНЫХОО МАРГААШНААС ХУРАЛДААНАА ТАСАЛЖ АРХИНД НЭВТ ШАРТАН ҮМХИЙ ҮНЭРТҮҮЛЖ ХЭВТСЭНИЙГ МОНГОЛ ХАРЛАА ҮЗЛЭЭ ГУТАРЛАА ИЧЛЭЭ.ХАГАС ЖИЛИЙН НАС ХАЙРЛА БУРХААН

Иргэн
Иргэн
6 сар 20, 2025 11:17

Эндээс дарангуйл�##� - мөн шинэ гишүүдээ чи болоогүй дуугүй бай үнэртээд л Удахгүй Огцорох үнэр үнэртчихлээ ????????!!!!!!!

Зочин
Зочин
6 сар 20, 2025 11:51

Та нар л идэхийн тулд АМГИГ-н дарга Амарсайхан хороочихоод бурхан болсных нь дараа нь ял өгч байсан ш дээ.

Зочин
Зочин
6 сар 20, 2025 13:26
Reply to  Зочин

АН идээд идээд танай МАНгас ху намын МАНГАС ходооны хажууд юу ш�##�ив гэж 🙂

Холбоотой мэдээ

Back to top button