НИЙГЭМНийгэм мэдээ

Эхний таван сарын байдлаар 18 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ

2024 онд нийт 30,977 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 2,520 хүн хүнд болон хөнгөн гэмтэл авч, 631 хүн нас баржээ. Эдгээрээс  69 нь хүүхэд байв. Мөн 2024 оны эхний таван сарын байдлаар 1,578 хүүхэд авто осолд өртсөн гэх тоон мэдээлэл ЦЕГ-т бүртгэгджээ.

Харин 2025 онд зам тээврийн ослоор хэчнээн хүүхэд хохирогч болсон талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад, "2025 оны эхний таван сарын байдлаар нийт 400 гаруй хүүхэд гэмтэл авсан бол 18 хүүхэд нас барсан. Эдгээр тоо нь зам тээвэртэй холбоотой олон хүчин зүйлээс хамааралтай. Жишээ нь цахилгаан дугуй, суррон, автомашины осол гэх зүйлс бүгд багтана" хэмээн хэллээ.

Сүүлийн үед цагдаагийн байгууллагад хүүхэдтэй холбоотой бүртгэгдсэн зам тээврийн ослуудаас жишээ дурдъя:

  1. /2025-06-01/ Баян-Өлгий аймагт 12 дугаар ангийн хөвгүүд нийлж шөнөөр автомашин жолоодон осол гаргаж гурав нь газар дээрээ нас барж, жолоо барьж явсан 17 настай хүү эмнэлэгт хүргэгдэн хагалгаанд орсны дараа нас барсан хэрэг гарсан. Урьдчилсан байдлаар ахыгаа унтаж байхад нь машиных нь түлхүүрийг хулгайлан гарч замын хөдөлгөөнд оролцсон нь тогтоогдоод буй билээ.
  2. /2025-06-08/-ний шөнө. Сүхбаатар дүүрэг Сэлбэ зуслангийн замд 15-16 насны зургаан хүүхэд автомашин жолоодон осол гаргаж нэг хүүхэд амь эрсэдсэн хэрэг гарсан. Тодруулбал, тухайн өдрийн 23 цагт 16 настай эрэгтэй хүүхэд аавынхаа машиныг хулгайлан таван найзын хамт автомашин жолоодон хөдөлгөөнд оролцжээ. Улмаар зам тээврийн осол гаргаж автомашинд зорчиж явсан 15 настай хүү амь насаа алджээ.
  3. /2025-06-09/-ний 06.00 цагт Сүхбаатар дүүрэг, Баянбүрдийн замд 13-15 насны гурван хүүхэд автомашин жолоодон хөдөлгөөнд оролцон осол гаргасан байна. Шалгалтын үеэр аавынхаа машиныг мөн хулгайлан унаж явсан тогтоогдоод байгаа аж.

Одоогийн байдлаар дээрх хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаа харъяа дүүрэг, аймгийн цагдаагийн газарт үргэлжилж байна.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан дараах байр суурийг илэрхийллээ.

-Д.Будзаан: Хүүхэд жолоо атгаж осолдож буй эцэг эхчүүдийн хараа хяналтгүй, хайхрамжгүй байдалтай шууд холбоотой-

"Аав ээжийнхээ машиныг хулгайлж унаад осол гаргачихлаа гээд буй. Энэ бол худлаа. Тухайн эцэг эхчүүд машины өөрсдөө өгч явуулж байгаа. Тухайлбал 14-16 настай хүүхдүүдийг том болсон хэмээн үзэж ахуйн ажилд туслуулах үүднээс хөдөөд бол мотоцикл хамгийн түрүүнд унуулж сургадаг. Гэтэл дийлэнхдээ бүрэн бус тээврийн хэрэгсэл байдаг. Хамгаалалтын малгай, техник хэрэгсэл дутуу тээврийн хэрэгслээр гурав дөрвөөрөө сундалж давхиад осол гаргах, амь насаа алдах, эрүүл мэндээрээ эрсдэх тохиолдол их гарч байна. Мөн жижиг оврын ачааны машин, суудлын машин унуулж сургадаг. Жолоодох эрхийн үнэмлэх авах нас нь ч хүрээгүй байхад толгой даалгаж тээврийн хэрэгсэл жолоодуулах нь маш буруу үйлдэл.

Баян-Өлгий аймагт гарсан хэрэгтэй ижил зам тээврийн осол 2019 онд үйлдэгдэж байсан. УАЗ 469 маркийн автомашиныг насанд хүрээгүй хүүхдүүд жолоодон гол руу сэлэхээр явж, усанд живж амь насаа алдаж байсан.

Хүүхэд жолоо атгаж осолдож буй эцэг эхчүүдийн хараа хяналтгүй, хайхрамжгүй байдалтай шууд холбоотой. Иймээс эцэг эхчүүд анхаарлаа сайжруулж болзошгүй эрсдэлээс хүүхдээ хамгаалаарай гэж зөвлөмөөр байна" хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button