Нийгэм мэдээ

БНХАУ үерийн гамшгаас сэрэмжлүүлэх улаан түвшний дохио зарлав

Энэ жил Хятадад борооны улирал эрт эхэлж, усархаг аадар бороо их хэмжээгээр орж байгаагийн улмаас төвийн болон өмнөд бүс нутгуудаар үерийн гамшгаас сэрэмжлүүлэх улаан дохио асаасан байна. Хятадад үерийн гамшиг хот суурин, дэд бүтцэд маш их хохирол тарьдгаас гадна үерийн дараа хөдөө аж ахуй, тариалангийн салбар ихээхэн хямардаг байна.

Хятад улс он гарснаас хойш анх удаа байгалийн гамшгийн улаан дохио идэвхжүүлээд байна. Өчигдөр оройноос эхлэн Ань Хуй, Хө Нань, Ху Бэй, Хунань, Гуижоу, Гуанши аймгуудад улаан дохиолол асаажээ. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас усархаг аадар бороо, үерийн гамшиг илүү хүчтэй нүүрлэх болсон. Эдгээр цаг уурын онц ноцтой үзэгдлүүд илүү хүчтэй болж байхад эсрэгээрээ үерийн хамгаалалт улам хуучирч, хохирол улам нэмэгдэж, олон сая хүн орон гэрээсээ дайжиж байгаа нь Хятадын эрх баригчдад томоохон сорилт болж байна.

Үелсэн олон давхар байгууламжуудаас тогтсон уулархаг нутгийн Чун Цинь хотод аль хэдийн усархаг аадар борооны улмаас доод хэсгүүдэд нь үерлэж, хүчдэлийн шугамын дээд хэсэгт хүрчээ. Чун Цинь хотын суурин хэсгээс одоогоор 300 орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Гуандун мужид мөн үерийн улмаас энэ долоо хоногт тог цахилгаан тасарсан. Үерийн гамшиг ихэвчлэн 7-р сард хамгийн их тохиодог ч энэ жил борооны улирал эрт эхэлсний улмаас үерийн гамшиг эрт эхэлж, удаан үргэлжлэх төлөвтэй байна. Өнгөрсөн оны 7-р сард болсон үерийн гамшгийн улмаас Хятадын эдийн засагт 10 тэрбум долларын хохирол учруулжээ.

Хамгийн сүүлд 2020 онд Хятадад үер усны улирал хамгийн удаан буюу  60 гаруй хоног үргэлжилж байсан. Борооны улиралд үер усны улмаас их хохирол амсдаг ч үерийн дараа хохирол үргэлжилсээр байдаг.

Тухайлбал, үерийн дараа ихэвчлэн хэт халуун эхэлж, усаар ханасан хөрсөнд үр тариа ургахад хүндрэл үүсэж, хөрсний гулгааны улмаас зам дэд бүтэц сүйдсэн байдаг. Хамгийн сүүлийн үеийн байдлаар Хунань мужийн Луншан сууринд үерийн улмаас орон сууцны зоорь нь давхрын зогсоолд гурван хүн эндсэн гэж Синхуа агентлаг мэдээллээ.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button