1900 км алхсан Г.Дамдинсүрэн: Би цаг завтайдаа биш өөрийнхөө дуртай зүйлд цаг гаргасан

Одоогоос долоон жилийн өмнө эгчдээ "ууланд алхаад үз" гэж хэлснийхээ дараа үгэндээ ороогдож хамтдаа ууланд алхдаг болсон. Эхний өдөр ууланд гарахад, “Ээ би эгчдээ юу хэлчхэв ээ” гэж бодож байсан. Харин хоёр дахь өдөр оргил дээр нь гарчхаад үгээр хэлэхийн аргагүй гоё мэдрэмж авсан. Тэгээд л уул болон уртын алхалтад дурлаж эхэлсэн гэх түүнийг Г.Дамдинсүрэн гэдэг. Тэрбээр Алтай таван богдоос Улаанбаатар хот хүртэлх 1900 км замыг 44 хоног алхаж туулсан аж. Ийнхүү түүнийг уртын алхалтаа дуусгаад ирсний дараахан уулзаж, цөөн хором ярилцлаа.
-Юун түрүүнд алхалтаа амжилттай дуусгасанд баяр хүргэе. Эхлээд энэ бүхний эхлэл хэсэг рүү очьё. Танд юу нөлөөлсөн бэ, анх алхалтад хэрхэн нэгдсэн бэ?
-Анх эгч маань жин нэмээд “яах вэ, яаж турах вэ” гэж асууж байсан юм. Тэр үед нь ууланд алхахаар жигтэйхэн их турдаг гэсэн. Та ууланд алх гээд л хэлчихсэн. Тэгээд эгч намайг дагуулж ууланд гардаг болсон. Тэр үед "Ээ би эгчдээ юу хэлчихэв ээ” гэж бодож байсан. Харин хоёр дахь өдөр оргил дээр нь гараад үгээр хэлэхийн аргагүй гоё мэдрэмж авсан. Тэгээд л уул болон уртын алхалтад дурлаж эхэлсэн
-Аялалын сонин хачнаас хуваалцая. Яагаад ийм холын аялал хийхээр болсон бэ, юу нөлөөлөв?
-Би Дорнод аймгийнх л даа. Алхаж эхлээд нутаг руугаа алхах мөрөөдөлтэй байсан. Гэтэл яг надтай ижил зүйл боддог назтай гэдгээ мэдсэн. Тэгэхэд манай найз надад "Алтай таван богдоос алхая" гэж хэлсэн. Өөрийгөө сорьж үзмээр санагдсан учраас саналыг зөвшөөрч алхахаар болсон. Аяллаа анх тавдугаар сарын 3-нд эхэлсэн. Таньдаг дүү маань бид хоёрыг тосож аваад Алтай таван богдын Цагаан гол дээр хүргэж өгсөн. Тэндээс бидний аялал эхэлсэн. Нийт 1900 км замыг 44 хоногт туулаад яг одоо /2025.06.18/ орж ирж байна. Маршрутаа гаргахад Монгол Улсын хилийн нэгдүгээр баганаас Улаанбаатар хотын төв цэг Сүхбаатарын талбайд ирэхэд яг 1900 км туулахаар байсан. Ерөнхийдөө бол өдөрт 30 орчим км гэж тооцон нийтдээ 70 орчим өдрийн дараа ирнэ гэж тооцсон. Гэвч бүх зүйл өөрөөр эргэсэн.
-Бүх зүйл өөрөөр эргэсэн гэдэг нь.
-Найзын маанв хөл бэртэж, хэдий өөрсдөө аргалаад яваад байсан ч сүүлдээ аргалахын аргагүй болсон. Тэгээд л найзыгаа суурин бараадуулж, хот руу явуулаад өөрөө ганцаараа алхаж, эхэлсэн.
-Тэгэхээр хоёулаа байсан хүн гэнэт ганцаараа болчихоор сэтгэлзүйн хувьд нэлээдгүй өөрчлөлт орох байх?
-Тэгэлгүй яах вэ. Үүрч байгаа ачаа хоёулаа байхад арай хөнгөн байсан бол ганцаараа болох үед нэлээн хүнд болсон. Амрах үедээ майхнаа ганцаараа барих чинь нэлээн чанга ажил. Удаан амрахаар ганцаардаад "юу ч хийх билээ дээ, эртхэн газар хорооё" гэж бодогдоно. Ядахнаа хоёулаа байсан бол инээж, ханиагаад хөзөр эргүүлсэн шигээ байх байсан.
-Замын унаа, малчин айл гээд хэр их хүнтэй таарч байв?
-Зөндөө таарна. Зарим хүмүүс намайг гадаад хүн л гэж бодсон бай. Үгийн зөрүүгүй усё өгчхөөд явна. Энд тэнд отоглох үеэр айлууд дурангаар хардаг юм шиг байна лээ. онож амарчхаад өглөө нь явахаар бэлдэх үетэй зэрэгцээд хоол цай аваад ирнэ. Гэр лүгээ дагуулж явна. Аян замын хүнс өгнө. Угтаа авмаар байдаг. Даан ч ачааны нэмэр шүү дээ. Үлдээхээс өөр замгүй.
Сүлжээ орох тоолонд найз нөхөддөө хэл дуулгана. Зарим нь таньдаг мэддэг хзнээ явуулна. Суурин газар очвол аль болох буудалд амрахыг хичээнэ. Арай тав тухтай. Хүмүүс юу хийж яюааг маань мэдчихээд үнэгүй буудалдаа оруулна. Хоол хийж өгнө, хоол авч өгнө. Бүхий л зүйлсээр тултал дэмжинэ. Зөндөө сайхан хүмүүстэй таарсаар ирсэн дээ.
-Аяллын хамгийн тод дурсамжаасаа хуваалцвал, хамгийн түрүүнд юу бодогдож байна вэ?
-Эхний өдрөөсөө л адал явдал эхэлсэн. Найзтайгаа хамт хилийн багана руу алхаж байхдаа чонотой таарсан. Бид хоёроос үргээд зугтахаар нь чоно бид хоёроос зугтчихлаа гээд онгироод явж байсан чинь баавгайтай таарсан. Харанхуйд бүрсийж мэдэгдэх тэр том амьтнаас өөрийн эрхгүй айж, зугтсан. Хар эрчээрээ л харсан зүг рүүгээ гүйдэг юм билээ. Гэхдээ баавгай маань зүгээ буруулж, бид алхалтаа үргэлжлүүлсэн.
-Уртын ганцаараа аяллыг дуусгаад, энд ирэх мэдрэмжээсээ хуваалцвал?
-Ганцаардах, ихийг бодсон үеэ даваад ирсэндээ л баяртай байна. Үгээр хэлэхийн аргагүй л гоё байна. Хамт олон найз нөхөд гээд бүгд л халуун дотноор хүлээж авсан. Хамгийн чухал нь 70 нас дээр гарсан миний ээж их баяртай байгаа.
-Анх энэ шийдвэрийг гаргахад гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Хэлээгүй. Ганцхан манай дүү л мэдэж байсан. Санаа нь зовоод явуулахгүй шүү дээ. Тийм болохоор аль хэдийн бүх юм эхэлснхий дараа л хэлсэн. Ээж нэлээнь санаа нь зовсон. Очсон газар бүртээ мэнд байгаагаа мэдэгдсэн болохоор гайгүй л байлаа.
-Тэгэхээр аялалын туршид ганцаараа байна гэдэг бол нэлээн хүнд аваа байж магадгүй. Хэрхэн давж туулав?
-Хүн чинь тэгээд ганцаар байхдаа шийдэмгий болж, хурцлагдах үедээ хурцлагддаг юм билээ.
-Юу бодсон түүнийгээ эхлэх л хэрэгтэй-
-Больё гэж бодож, шантарсан үе байв уу?
-Мэдээж байсан. Ганцаараа 44 хоног алхана гэдэг амар биш юм байна лээ. Клубийнхэнтэйгээ холбогдоод больчихдог юм билүү гээд хэд хэдэн удаа хэлсэн. Тэр болгонд "Миний найз чадна. Миний дүү чадна" гэдэг үгээр намайг хурцалж, урам зориг өгч байсан. Сэтгэлзүйгээр тэгж дэмжээд байхаар хүн урагшлаад л байдаг юм байна лээ.
-Цахим орчинд аяллынхаа тухай мэдээлэл нэлээн оруулсан. Хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?
-Зарим нь алхлаа, аяллаа гэхээр "хийх ажилгүй юм уу. Тэгж өөрийгөө зовоох ямар хэрэг байдаг юм" гэсэн. Зарим нь үнэхээр их дэмжсэн. Гэхдээ үнэн хэрэгтээ бол би одоохондоо завтай бас залуу байна. Энэ бол миний хобби, миний мөрөөдөл учраас хэн юу гэж хэлэх нь надад тийм хамааралтай зүйл биш.
-Та эхний алхалтаа ингэж амжилттай дуусгасан юм чинь дараагийн төлөвлөгөөгөө гаргачихсан байгаа байх?
-Хамгийн түрүүнд энэ аяллаас нэг л юмыг ойлгож авсан. Багаар алхалт хийх хэрэгтэй юм байна. Нэг нь бэртлээ гэхэд орь ганцаар үлдэхгүй байх хэрэгтэй. Тиймээс багаа бүрдүүлж байгаад нэг тийш алхах байх. Өөрөө өөртөө чадсан болохоор одоо уртын алхалт биш ууланд алхдаг болно гэж бодож байна.
-Таниас үлгэр дуурайлал авах залуучууд олон байгаа байх. Тэдэнд хандаж зөвлөгөө өгвөл?
-Юу бодсон түүнийгээ эхлэх л хэрэгтэй. Эхэлчихсэн байна гэдэг чинь бүх зүйлийн үндэс шүү.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан мэдээлэл бн. Энэ хүнтэй яаж холбоо барих уу? Багт нь оръё.