Нийгмийн

“Эрдэнэс Монгол” нэгдэл ТХЗ-ын Нөлөөллийн стандартыг нэвтрүүлнэ

Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-ын Хөгжлийн хөтөлбөр, “Эрдэнэс Монгол” нэгдэл хамтран Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-ын Нөлөөллийн стандартын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Тогтвортой хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 06 дугаар сарын 19-нд зохион байгуулж, Тогтвортой Хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд уул уурхайн салбарын манлайлал, нөлөөллийн талаар хэлэлцлээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс боловсруулсан Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-ын Нөлөөллийн Стандарт нь байгууллагуудын стратеги, засаглал, үйл ажиллагаанд тогтвортой хөгжил, ил тод байдал, урт хугацааны үнэ цэнийг нэвтрүүлэхэд чиглэсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн загвар юм.

Хэлэлцүүлэгт ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска болон байгаль орчин, ногоон хөгжил, хариуцлагатай уул уурхайн чиглэлийн мэргэжилтнүүд оролцлоо.

Энэ үеэр “Тогтвортой бизнесийн дэлхийн чиг хандлага ба хөрөнгө оруулагчдын хүлээлт” болон “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр-ISO Тогтвортой хөгжлийн зорилтын Нөлөөллийн стандарт” зэрэг үндсэн илтгэлийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Дэвахути Чоудхури танилцуулж, дараа нь “Эрдэнэс Монгол нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө ба Тогтвортой Хөгжлийн зорилтууд” сэдэвт илтгэлийг тус компанийн Геологи, үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Ц.Төгсбуян танилцуулан арга хэмжээний үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчдын асуултад хариулав.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэн хамтарсан хэлэлцүүлгийг дүгнэж хэлэхдээ “Нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө олон улсын жишигт нийцүүлж, уул уурхайн салбарыг хариуцлагатай, байгаль орчин, хүндээ ээлтэйгээр хөгжүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллах эхлэлийг тавьж байна. Ингэснээр “Эрдэнэс Монгол” нэгдэл салбартаа төдийгүй төрийн өмчит компаниудад манлайлал-нөлөөлөл үзүүлж, үйл ажиллагаагаа тогтвортой хөгжлийн зарчмуудад нийцүүлж ажиллана” гэлээ.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд үйл ажиллагаандаа Тогтвортой хөгжлийн зорилгын Нөлөөллийн стандарт, байгаль орчин, нийгэм, засаглалын (БОНЗ)-ын тайлагналыг нэвтрүүлснээр бизнесийн урт хугацааны тогтвортой өсөлтийн үндэс суурь болно гэдэгт оролцогч талууд санал нэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button