Б.Бат-Эрдэнэ: Би Боловсролын сайд болохгүй. П.Наранбаярын бүх баримт байгаа тул Г.Занданшатарт дүгнэлт хийх боломж бий

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй улс төрийн цаг үеийн асуудлаар ярилцлаа. БОАЖ-ын сайд, ШӨХТГ-ын дарга байхад нь гээд бид гурван ч удаа ярилцжээ. Ажилсаг сайд асан энэ парламентад хоёр ЗГ дамнан зөвхөн гишүүнээр ажиллаж байгаа. Гэтэл саяхан Н.Батсүмбэрэл, Д.Бум-Очир нарын гишүүнтэй тэр нийлж, Боловсролын сайд П.Наранбаярыг огцрохыг шаардаж эхлэв. Л.Оюун-Эрдэнэтэй ойр шадар нөхөрлөж ирсэн, зоригтой энэ улстөрчөөс зарим асуултад хариулт авлаа.
-Гэнэт юун П.Наранбаяр болоод явчихав аа?
-Гэнэт биш шүү дээ, би өнгөрсөн жилээс хойш түүнд холбогдох асуудлаар ярьж байгаа.
-Гэнэтхэн л энэ хүнийг сандал суудлаас буулгах, цаад эрх ашигтай акцыг удирдчихав уу гэж харагдаад байна.
-П.Наранбаяр өөрөө Хөвсгөлийнх. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын хуучирсан сургууль, цэцэрлэгийн асуудлыг бид гаргаж тавьж л байсан. 100 сая төгрөгийн одон медалийг ярьсан. Олон асуудлыг хөндөж байсан шүү дээ.
Тойрогтоо ажиллаж байхад хамгийн хүнд нь боловсролын салбар гэдэг нь харагддаг. Иймд энэ салбарыг тогтолцоогоороо зөв яваасай гэж хүсэж явдаг.
Энэ удаагийнх бол маргаангүй албан тушаалын гэмт хэрэг, ярихаас аргагүй. Сургуулийн менежментийг сайжруулах сургалт хөтөлбөр гэдэг энэ зүйл Л.Энх-Амгалан сайдын үед явж байсан. Гэхдээ үүнийг хувийн, өөрийн эрх ашигт ашиглаагүй. П.Наранбаяр урьдын ажлыг үргэлжлүүлсэн гэж ярьж байна. Бид энэ бодлогыг нь буруутгаагүй, ажил үргэлжилж болно, зөв зүйтэй гээд төсвийг нь ч баталж өгсөн. Баталж өгсөн төсвөөр хувийн эрх ашгаа хангаж л болохгүй юм.
-120 сургууль өөрсдөө “Сургуулийн судалгаа хөгжлийн шинэ Монгол төв” гэж ТББ-аас энэ сургалтыг авъя гэж сонгосон, ингээд 10 сая төгрөгөө шилжүүлсэн хэмээн П.Наранбаяр тайлбарлаж байна?
-Нийт 1.2 тэрбум төгрөгийн ийм асуудалд тендер зарлаж болох л байсан. Боловсролын салбарт хамгийн их мөнгө угаагддаг. Татвар төлдөггүй учир. Одоо харвал бүх том бизнесүүд сургуультай болсон байна. Тэр сургуулиудаар мөнгө угаагддаг гэж би хардаж байгаа. Татвараас зайлсхийсэн мөнгө сургууль руу орж, боловсрол, хүүхдийн нэрийг барьж хаацайлагдаж байна.
Хэрэв тендер зарлаад, мөнөөх ТББ нь оролцоод, 120 сургууль үнэхээр сонгож, гэрээ байгуулаад явсан бол болж байна. Хамаарал бүхий гэдэг асуудал хөндөгдөх ч гэлээ ядаж ном журмаараа явах байсан. 20 сая төгрөгөөс дээш дүнтэй бол тендер зарлах ёстой. Тийм учир 1.2 тэрбумыг 10, 10 саяар нь 120 сургуульд хуваан байршуулсан. Ингээд дараа нь тендергүй гэрээ хийх замаар хамаарал бүхий ТББ дээрээ буцаан төвлөрүүлсэн. Энэ бол албан тушаалын гэмт хэрэг. Сургуулиудын шилэн дансан дээр тухайн ТББ руу “Менежментийн хөтөлбөр” гэж 10 сая төгрөг шилжүүлсэн баримт нээлттэй бий.
-Энэ асуудлаар та бүхэн АТГ-т хандаж байгаа юу?
-Манай намын ах нар үүнийгээ больчхооч гээд байгаа. АТГ-ын хяналт, шалгалт дууссаны дараа ярья зэргээр хандсан.
Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдоод гурван зүйлийг хэлсэн. Нэг нь, хэрэв сайд нар авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчилд холбогдвол шууд чөлөөлнө гэсэн. Шууд шүү. Г.Занданшатар гэдэг хүн үнэн хэлсэн үү, худал хэлсэн үү гэдгийг өнөөдөр харах гэж байна. Хоёрт, зарчим барьж ажиллана гэдгийг хэлсэн. Үүнийгээ ярих биш үйлдлээрээ батлан харуулна гэсэн. Гуравт, үнэн байя гэсэн. Бид өөрийнх нь хэлсэн зүйлийг л буцаагаад асууж байгаа юм.
-Тэгэхээр АТГ дээр П.Наранбаярын асуудал явж байгаа гэж ойлголоо?
-Бидэнд шалгагдаж дууссаны нь дараа хөндөөч гэж байна лээ. Би бол нэгэнт асуудал үүссэн гэж үзэж байна. Бүх баримт нь байна. Г.Занданшатарт дүгнэлт хийх бүрэн боломж байна.
Сайд нараа томилохоос гадна шууд чөлөөлөх нь бас Ерөнхий сайдын бүрэн эрх. Л.Оюун-Эрдэнэ урьд Н.Уртнасанг сайдаас чөлөөлж байсан, асуудал үүссэн өдөрт нь. Энэ бол Ерөнхий сайд нь сайдаа чөлөөлсөн анхны тохиолдол. Л.Оюун-Эрдэнэ бол чөлөөлж чадсан. Г.Занданшатар чөлөөлж чадах эсэхийг одоо бид харна. Үүн дээр Л.Оюун-Эрдэнэ шударга уу, Г.Занданшатар шударга уу гэдэг асуудал харагдана.
-Та элдэв явуулгын, хардлага сэрдлэгийн асуулт гэж битгий хараарай. Боловсролын сайдын сандал суудал тийм чухал байгаа юм уу. Та урьд нь энэ салбарын талаар төдийлөн дуугарч байгаагүй учир шууд л анхаарал татаад байх юм?
-Авлига, албан тушаалын зөрчлөөс ангид байна гэж сайд нар тангараг өргөдөг. Тангараг өргөж байгааг нь бид хараад сууж байдаг. Би Боловсролын сайд болохгүй. Энэ бол баталгаатай. Мөн энд эрх ашиг ер хөндөгдөөгүй. Бид ХҮН намтай гэрээ байгуулж, Засгийн газар байгуулаад явж байгаа улс. Энэ гэрээний асуудлыг огт хөндөөгүй. Боловсролын яамыг МАН руу ав гэдэг асуудлыг ч хөндөөгүй шүү дээ. Ийм сайдаа боль оо л гэж байгаа. Үхэн хатан явлаа, чичирлээ гэж харж байгаа бол бид нар энэ саналаа татаж болно. Гэхдээ Засгийн газрын гишүүний ийм асуудалд ингэж хандаж байгаа хүмүүс цаашдаа авлига гэж дуугарах эрхгүй. Төрд шургалсан хулгайг цэвэрлэх гэж л бид явж байгаа.
Би улайрч байгаа юм биш шүү. Хэрэв П.Наранбаярыг сайдаас буулгахгүй бол бид дараагийн асуудлыг хөндөнө. Энэ бол УИХГ-ээс нь эгүүлэн татах асуудал. Мөн “хамтрагч” Ж.Галбадрах гэж гишүүнийг нь бас татах асуудлыг ярина. Энэ бол зарчим. Анхнаасаа зарчим барихгүй бол төрд хулгай гарсаар л байх болно.
-П.Наранбаярын талаар ашиг сонирхлын шинжтэй мэдээллүүд бол сонсогддог байсныг үгүйсгэхгүй. Харин энэ сайд олон нийтэд эерэгээр хүлээн зөвшөөрөгдөж чадсан шиг байна.
-Намар улсын төсөв хэлэлцэж байхад Ж.Галбадрах тэр хоёр нийлж Чингэлтэй дүүрэг дэх нураах ёстой сургуулийг болиулж, оронд нь өөр газар, шинэ барилга худалдаж авъя гэдэг төсвийг оруулж ирсэн. Үүнийг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байсан. Н.Батсүмбэрэл гишүүн миний хажууд суудаг. Гэтэл П.Наранбаяр хүрч ирээд, “Батсүмбэрэл гишүүн ээ, энэ асуудлыг намаараа дэмжүүлж өгөөч. Би таны тойрогт нэг сургуулийн мөнгө гаргаж өгнө шүү” гэж хэлж байсан. Шударга хүн ийм байдаг уу. Н.Батсүмбэрэл дор нь хариуг барьж, зааланд “П.Наранбаяр аа, аятайхан байгаарай” гэж хэлсэн.
Энэ асуудал үүсэхэд ч П.Наранбаяр надтай уулзсан. Эхний асуулт нь юу байсан гээч. “Та яамаар байна?”. Би үүнийг юу гэж ойлгох вэ. “Чи надад авлига амлаж байгаа юм уу, ийм зүйл хийчихээд?” гэхэд “Тийм ээ, хийсэн. Мэдээгүй юм аа” гэж хариулсан, өөрөө хүлээн зөвшөөрсөн ш дээ.
-Улирч сонгогдсон сайдад хариуцлага ярьж байгаад мөн талархалтай хандах тал байна. Та Ерөнхий сайд Г.Занданшатарт шаардлага тавьсан 30 гишүүний нэг. Өнгөрсөн 1-2 сарын хугацаанд улс төрд стандарт бус олон асуудал болж өнгөрлөө. Жагсаал цуглаанаас эхлээд Л.Оюун-Эрдэнэ огцрох хүртлээ улс төр халах үед таны байр суурийг төдийлөн олж хараагүй?
-Залуусын жагсаалыг би зөв гэж бодсон. Тухайн үедээ ч үүнийг хэлж байсан. Бид нийгмээ, ард түмнээ мэдэрдэг байх ёстой. Өнөөдөр байгалийн баялаг иргэдэд биш төрд очдог, тэнд хулгайч нар ширээ тойрон суудаг учир ард түмэн уурлаад байгаа. Харин Үндэсний баялгийн санг хуульчилсан нь Л.Оюун-Эрдэнийг гавьяа юм. Цүнх, бөгж энэ тэр нь нотлогдоод явах ёстой. Тэр өөрөө хэлсэн шүү дээ. “Намайг говь яваад ирэхэд дараагийн Засгийн газар зурагдчихсан байсан. Кабинетын гишүүд Ерөнхий сайдаасаа урвасан. Иймд энэ ЗГ-т итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ-д оруулж ирлээ” гэсэн.
Энэ бол зөвхөн Л.Оюун-Эрдэнэд төдийгүй түүний Засгийн газар, сайд нарт ч итгэл үзүүлэхгүй тухай асуудал байсан. Энэ зарчмыг ярихгүй бол Г.Занданшатарын ЗГ ч ийм нөхцөлөөр огцрохыг үгүйсгэхгүй байна. Ерөнхий сайдтайгаа нэг завин дээр сууж чадахгүй, цоолж орхичихоод өөр завь руу үсэрч аврагдах асуудал байж болохгүй л дээ. Нэг эхийн хэвлийгээс төрсөн ихэр хүүхэд ч үзэл бодол өөр байдаг биз дээ. Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар ч бас өөр хүмүүс шүү дээ. Тэгэхээр өмнөх ЗГ-ын хүмүүс дараагийн ЗГ-т ордоггүй байх зарчмыг яримаар байна. Энэ бол төрийн бодлого ард түмэнд чиглэх гол зарчим.
-Тэгсэнгүй л дээ.
-Г.Занданшатар гэдэг хүн тэгсэнгүй. Өөрийнх нь бодол байх. Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхэд нь бид халдах боломжгүй.

-Би таныг сайд байхад хоёр ч удаа ярилцаж байсан. Үүнээс хойш байгаль орчны салбарт таны хийж байснаас эсрэг ажил ч явлаа, ухралтууд хийгдчихлээ гэж харах тал бий. Харахаар таны хэл загатнах нь хэр вэ?
-АН-ын сайд нар мундаг ажилласан л гээд байгаа. Үгүйсгэхгүй. Гэхдээ Эгийн голын УЦС бол С.Одонтуяа сайдын үед яваагүй. БНСУ-ын хөрөнгө оруулалттай хяналтын суурин харуулыг орон нутагт байгуулах ажил ч мөн хийгдээгүй. Харин төрийн залгамж халаа гэж бол байдаг. Н.Уртнасан сайдын эхлүүлсэн ажил миний үед дуусах, миний эхлүүлсэн нь С.Одонтуяа сайдын үед дуусах ийм залгамж халаа бол явж байгаа. Хэн нэг сайд автор болж үлдэх утгагүй байдаг. Сайдаар төрж, сайдаар үхэхгүй хойно. Түүнчлэн Ерөнхий сайдын нэр дээр легаси үлддэг. С.Баярын Засгийн газарт хэн хэн ажилласан бэ гэвэл бараг нэрлэж чадахгүй шүү дээ. Ерөнхий сайдаараа Засгийн газар нь нэрлэгддэг. Иймд Ерөнхий сайдаа түшээгүй, завийг нь цоолж үсэрсэн сайд нарт би дургүйцээд байгаа юм. Ядаж залуус үүн дээр сэтгэлээ нэгтгэх ёстой. Тэгж байж зарчим үйлчилнэ. Чингис хааны үед урвагчдын толгойг авдаг байсан шүү.
-Б.Батбаатар сайд ажиллаж чадах уу?
-С.Одонтуяа сайд хүний нөөцөөр оролдсон нь хамгийн том алдаа болсон. Бусдаар би түүнийг олон зүйл дээр өмгөөлж, хамгаалж байсан. Надаас бүр “АН-ын хүнийг яагаад өмөөрөөд байгаа юм” ч гэж асуудаг байсан. Хүний нөөцөөр бол оролдож болохгүй. Оролдчихсон. Туслахаа дарга болгосон. Би яг үнэнийг хэлэх үү, Б.Батбаатар юу ч хийж чадахгүй. Ийм хүний нөөц дээр одоо бурхан очоод ч юм хийж чадахгүй.
-Тэгж их халаа, солио хийсэн юм уу?
-Маш их, мэргэжилтний түвшинд хүртэл орсон. Монгол төрийн үйл ажиллагаа бол төрийн албан хаагчид дээр явдаг. Сайд дээр биш. Харамсалтай нь ТАЗ төрийн албан хаагчдаа өнөөдрийг хүртэл хамгаалахгүй байна. Хэн нэгэн этгээд улс төрийн албан тушаалд томилогдоод, цүнх баригчдаа дарга болгодог тогтолцоо 35 жил үргэлжилсэн учир л Монголын хөгжил зогссон.
-Цөлжилтийн COP17-г зохион байгуулах ажлыг бас л та олж ирсэн. Азербайжанд явахдаа энэ хурал яаж явагддагийг үзсэн. Одоо төсвийг нь татсан гэсэн. Ер нь амжилттай зохион байгуулах боломж одоо харагдаж байна уу?
-Уг нь завшаан л даа. Дэлхийн 193 орон ирнэ гэдэг л эхний завшаан. Талуудын бага хурлаар дамжуулж Грета Тунбергээс эхлээд Дональд Трампыг Монголд авчрах боломж бол энэ. Түүнчлэн, байгаль орчны төсөл хөтөлбөрөөр дамжуулж 4-7 их наяд төгрөгийг татах боломжтой. Мөн усны төсөлд хөрөнгө татаж чадна. COP17-оор дамжуулж 1 их наядыг цөлжилтийн эсрэг, усжуулалт руу татаж болж байна. Монголд үүсдэг шуурга Ази, Номхон далайн орнуудын санааг зовоож байгаа. Монгол төдийгүй дэлхий хөрсөө алдаж байгаа. Монгол Улсын цэвдэгшилт 2019 онд 29 хувьтай байсан. 1976 онд 63 хувь байлаа. Одоо 23 хувь руу орж байх шиг байна. Өнөөдрийн агаарын температур 2050 он хүртэл 6 хэмээр нэмэгдэнэ. Бид усаа, мөнх цасаа, цэвдгээ, хөрсөө алдана гэсэн үг. Бүх юмаа алдана. Тийм учир COP17-г 2027 онд Монгол Улсад хийнэ гэдэг нь түүхэн цаг хугацаа. Атал байгаль орчны салбар А-гаа мэдэхгүй хүнээр удирдуулж, ажиллаж байгаа хүмүүс нь хүртэл тийм хэмжээнд очиж дордсон явдал харамсалтай. Үүнийг бид засах ёстой.
-Гарцыг нь яаж харах юм?
-6, 7 мянган хүнийг 14 хоног байлгаж, хооллож ундлаад буцаах бол болно оо.
-Тэр нь ч бас хүнд л ажил юм билээ.
-Яаж ийж байгаад л болгоно. Харин үүгээр дамжуулж 1-2 тэрбум ам.долларын төсөл босгож чадах эсэх л чухал. Б.Пүрэвдорж гишүүн “400 тэрбум зарлагадах нь” гэж яриад байна лээ. Орлогоо харахгүй байна. 400 тэрбум гарч болно, харин 4 их наяд болгохоо л бодох ёстой. Хоёрт, энэ хурал хөгжиж байгаа оронд л хийгддэг. Өөрөөр хэлбэл баян тансаг байх албагүй, энгийн түвшинд зохион байгуулдаг. Гэтэл 400 тэрбумаар байшин барина гэж дуулдав уу даа. Тийм биш, хамгийн их цөлжиж байгаа газарт асар бариад хийсэн ч болно. Тэнд хувийн хэвшлээ уриалж, ирж байгаа 6 мянган хүнд усаа хүртэл зарна шүү дээ. Бүгдээрээ л мөнгө. Эдийн засгийн бас эргэлт болно. Монголбанкнаас хийсэн судалгаагаар, Монголд нэг жуулчин долоо хоноод явахдаа дунджаар 2000 ам.доллар үлдээдэг. Тэгвэл, багадаа 5 мянган хүн ирлээ гэж бодвол ямар дүн гарах билээ. Зардал өөрөө ороод ирэх боломжтой.
-Аль эрт больсон салбарынх нь талаар үргэлж асуух бас утгагүй л юм. Гэхдээ таны үед бол хөдөлгөөн, шинэчлэлт өрнөж байсан. Өнөөдөр та өөрийгөө өөр сэдвээр, одоогийн ажилд төвлөрч, шинэ нүдээр хараасай гэж хүсдэг үү?
-Хоёр хоногийн өмнөөс боловсролын салбарыг яриад эхэлчихсэн байна шүү дээ. Байгаль орчин гэдэг сэдэв сарниж байна.
-Одоо тэгвэл боловсролын сэдвээр таныг харвал зүгээр гэсэн үг үү?
-Уул уурхайн салбарыг ч хөндөнө. УИХ-ын гишүүн гэдэг бол зарчмаа барьж, хуулиа мэдэж, ард түмний мэдрэмжийг мэдрээд л ажиллах ёстой. Тэнд хүлээсэн үүрэг, өргөсөн тангараг байгаа. Надад асуудал байгаа бол шалгуулна. Сайд нь хяналт шалгалтын газрын даргаараа АТГ-ын комиссарыг авчирч, бүрэн эрхийг нь өгч ажиллуулсан тохиолдол Монголын төрийн түүхэнд байхгүй. Анхнаасаа авлигаас ангид байхын тулд, хоёрт тогтолцоо өөрөө авлига руу оруулаад байх магадлалтай учир би тэгж ажилласан. Хэрэв би магадгүй П.Наранбаяр шиг байсан бол агнуурыг дуудлага худалдаа болгохгүй, ховор эмийн ургамалтай холбоотой асуудлыг аймаг руу шилжүүлэхгүй, газар олголтыг зогсоохгүй байсан. Манай тогтолцоо өөрөө алив албан тушаалтан гэмт хэрэгтэн болох магадлал үүсгэдэг, ийм онцлогтой. Тийм учир АТГ-ын комиссар гарын үсэг зураагүй бол би зурдаггүй байсан.
-Уул уурхай гэхээр юу юм бэ?
-Ашигт малтмал бол нэг асуудал. Стратеги гэдэг нь мөн өөр асуудал. Хил дагасан ашигт малтмалуудыг хэзээ ашиглах вэ гэдгийг би хөндөнө. Өнөөдөр 1.3 км-ын доор уурхай байгуулж, далд уурхай дотор машин явж байна. Тэр доороос хүдрийг газрын гадарга дээр гаргаж ирж байна. Бид нар хил дагасан баялгийг яаралтай авах ёстой. Өнөөдөр автомашинаар нүүрс тээвэрлэдэг шиг асуудал ард хоцорч байна шүү дээ. 10 км нүхэлж ухаад, тунель байгуулж, техник явуулдаг болчихлоо. Өнөөдөр олон улсын зөрчил мөргөлдөөний цаана ч ашигт малтмал хөндөгдөж буй. Тийм учир хамгийн түрүүнд би стратегийн асуудлыг, хил дагасан байгалийн баялгийг ярина.
-Ихэнх нь алтны ордууд бий байх аа?
-Тийм.
-Алтны үнэ өндөр, “Алт-3” хөтөлбөр санаачилж байгаа энэ үед оновчтой байж мэдэх юм. Гэхдээ би зөв ойлгосон уу. Хил дагасан баялгаа ашиглахгүй бол урд хөршөөс газар доогуур тунель ухаж, мэдэгдэлгүй ухаад явж байж мэднэ гэж та хэлчихэв үү?
-Би аль нэг орны тухай яриагүй. Солонгос Монголтой хиллэдэг үү, АНУ хиллэдэг үү? Энд хоёрхон орон л яригдана. Дэлхийн технологи ийм түвшинд оччихлоо л гэж байгаа юм. Үүнийг бид хийдэггүй юм гэхэд мартаж болохгүй.
-Тусгай хамгаалалттай газрын асуудал зөрчилдөнө биз дээ. Та уг нь Нарансэвстэйн боомт дээр чухал байр суурь илэрхийлж байсан. Гэтэл энэ бол ёстой нөгөө их говийн мазаалай, хавтгайн нутаг дахь үлэмж том Талын мэлтэс, Хатан суудлын алтны орд шууд хамаарах асуудал шүү дээ?
-Тэгэхээр Засгийн газар бодлогоо оруулж ирэх учиртай. Бид түүнийг нь харах ёстой. Үүн дээр УИХ-ын гишүүд олонхоор шийдвэр гаргана. Уул уурхайн стратеги дээр Засгийн газар ямар байр суурь баримталж байгааг эхэлж мэдэх ёстой. Жирэмсэн эмэгтэйг хараад хүүхэд нь төрчихлөө гэж баярлаж болохгүй. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэдэг үг тохирно.
-Өөр хил дагасан том ордууд хэр байдаг юм бэ?
-Зөндөө. Өмнөговь тэр чигтээ байгаа.
-О.Амгаланбаатар гэж гишүүн Нарансэвстэйн боомтыг нээнэ гэж лоббидсон. Сүүлд дахиад чоныг зөвшөөрөлгүй агнах үүд хаалгыг нээчихлээ. Таны ажиллаж байсан бодлогын дандаа эсрэг хөдлөх юм?
-Байгаль хамгаалал гэхээр уул уурхай л гэж хардаг. Гэтэл амьтан ч бас орно шүү дээ. Би чонон дээр эцсээ хүртэл эсэргүүцсэн. Байгаль орчны салбарынхныг би дуугараасай гэж хүссэн, дуугараагүй. Учир нь чоно агнах гээд явж байгаа хүн шантаажчдад мөнгө төлдөггүй. Харин уулыг ухуулахгүй гээд явбал амьдрал нь цэцэглэдэг тул тэмцдэг. Сая ус тос нь ялгарсан.
-Үүний араас ирвэсийг оруулж ирэх магадлалтай гэж бодитой юу?
-Бодитой. Үүдийг нь нээчихлээ. Үүд нэгэнт онгойсон бол түүгээр орж, гарна. Н.Наранбаатар гишүүний ярихыг сонссон уу. Ирвэсийг бас хөндсөн шүү. Тийм учир би зааланд “Хоёр сонгогдсон Н.Наранбаатар хуулиа уншаарай” гэж хэлсэн байгаа.

-Дахиад л байгаль орчин яриад явчихлаа. Би танаас дахин хэдэн асуулт асуумаар байна. Таныг Л.Оюун-Эрдэнийн ЗГ-т багтана гэж бодсон. Энэ удаад ч бас багтсангүй. Та өөрөө сайдад амбицлахгүй байна уу, эсвэл таныг болгохгүй байна уу?
-Зарчимтай л байх ёстой. Би тэр үед хамтарсан ЗГ-т орохгүй гэдгээ хэлсэн. Саяын тохиолдолд бол...
-Тэр ч аргагүй, хамтарсан ЗГ-т орохгүй гэсэн нь?
-Иргэд МАН-ыг олонх болгосон, суудал өгсөн. Хүний хүнд биш өөрийн хүнд итгэ гэсэн хэлбэр энд зарчим болж явах байсан. Хамтарсан ЗГ ард түмнийг дэмжсэн бол тоог нь тэнцүүлэх байв, тэгээгүй. Гэхдээ 68, 58 гэдэг харьцаа бол тоглоом биш. 58+6 гэхээр 64 болчихно. Гэвч ард түмэн нэгэнт саналаа өгсөн. МАН өөрсдийнхөө гишүүдэд, өөрсдийн бодлогод итгэх ёстой. Итгээгүй. Нэг ёсондоо улс төрийн айдастай байгаа тул хамтарсан ЗГ байгуулсан. Айдсыг даралгүй орсон алив ажил үр дүнд хүрдэггүй.
-Айх шалтгаан тэр үед л үүсчихсэн юм биш үү. Ойрын үед МАН доторх үеийн болон бусад хагарал их тодорхой харагдаад эхэллээ. Тан шиг байр сууриа ил хэлдэг гишүүдээс үүн дээр байр суурь сонсмоор байгаа юм?
-Урваач шарваач, хов жив зөөгч нар үеийн үед хонхортоо л нэр төдий амьдарсан байдаг. Ил тод, шударга шулуун нь хэдийгээр шуурганд өртдөг ч зарчим нь тодоос тод үлддэг. Түүхэнд урваачаар дуудуулах уу, зарчим барьж тодоор үлдэх үү гэдэг сонголт. Би өөрийн сонголтоо хийгээд явж байна. Мөн бусдын сонголтод хүндэтгэлтэй хандана.
-Ерөнхийлөгчийн институтийн асуудал бас өндрөө авч анхаарал татаад эхэллээ. Бид нэг мэдэхэд ер нь парламентын засаглалтай бил үү, юу билээ гэж эргэлзэх байдал руу орчихлоо шүү дээ?
-Парламентын засаглал байснаар Ерөнхийлөгчийн тодорхой эрх мэдлийг хязгаарладаг. Парламент, Ерөнхийлөгч хоёулаа ард түмнээс сонгогддог. Энэ хоёр том субъектийн засаглалын асуудал үүсдэг. Иймд парламент Ерөнхийлөгчийн эрх үүргийг хязгаарлахаас гадна Ерөнхийлөгч ба гүйцэтгэх эрх мэдлийн зөрчилдөөнийг тодорхой хэмжээнд багасгаж байдаг. Тийм учир дэлхий дахинд парламентын засаглал илүү хүчтэй байдаг. Ерөнхийлөгчийн засаглалтай болбол ард түмнээс сонгогдсоны хувьд легитим шинж чанар нь орж ирээд хэнд ч дийлдэхгүй болно. Шударга, сайн Ерөнхийлөгчийн үед сайн явна. Хуудуутай Ерөнхийлөгчийн үед муу явна. Гэхдээ бид нэг тал руу хэвгийж, бүгдийг муугаар харж болохгүй. БНСУ-ын Ерөнхийлөгч саяхан тодроод, тангарагаа өргөөд явж байна. Долдугаар сарын дунд хүртэл Засгийн газраа бүрдүүлнэ. Харин парламент, Ерөнхийлөгч хоёрын зөрчил үүссэн учраас л Ерөнхийлөгчөө импичмент хийлээ. Харин Ерөнхийлөгчийнх нь эхнэрийн цүнхний асуудал огт байгаагүй. Манайд мэдээлэл дандаа эд хөрөнгөд тулгуурлаж явдаг. Засаглалд нь тулгуурлах учиртай юм. Энэ зөрчлийн дараа юу болов. Том компаниудынх нь хувьцаа уналаа. Воны ханш 1600 давлаа. Бараа, бүтээгдэхүүний үнэ өслөө, гадаад нэр хүнд уналаа. Инфляц, бодлогын хүүнд нь нөлөөлсөн. Энэ бол тодорхой хэмжээнд эсэргүүцлийн жагсаал үүсэх, хувьсгал гарах хэмжээний суурийг бэлдчихлээ.
Харин Монгол Улс бол парламентын засаглалтай. Ерөнхийлөгч парламентад орж ирж алив асуудалд оролцох бүрэн эрхтэй. Мөн сошиал орчинд өөрийн хаягаас бичсэн, биечлэн ч хэлсэн. Парламентын засаглалыг дэмжинэ гэдгээ, мөн түүнийг байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй гэдгийг хэлсэн. Уржигдар бил үү, О.Амгаланбаатар их эвгүй мэдэгдэл хийлээ. Нөгөө “чоно” чинь.
-Ард нийтийн санал асуулга явуулна гэж байна лээ?
-100-гаас бага болгохоор ард нийтийн санал асуулга явуулна гэсэн. Энэ бол Үндсэн хуульд гар хүрнэ гэсэн. Бид алив асуудалд бодолтой хандмаар байна. Төр түвшин, түмэн амгалан байх зарчмаа л бид нэг дугаарт тавих ёстой. Энэ бүр улстөрчдийн амьдралын философи байх ёстой. Ийм биш хүн улс төрөөс явах ёстой.
-Та өөрийгөө урваж шарваагүй гэхээр, энэ хүртэл Л.Оюун-Эрдэнээ дэмжсээр байсан гэж хэлж байна гэсэн үг үү?
-Анх Л.Оюун-Эрдэнэ намайг JCI байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга байхад санал тавьж байсан. Би улс төрд хожуу орж ирсэн хүн. Би нэг за гэж хэлээд нөхөрлөлийнхөө төлөө явбал түүндээ үнэнч байдаг. Л.Оюун-Эрдэнэ НАМЗХ-ны Ерөнхийлөгч, би ерөнхий нарийн бичгийн дарга нь явлаа. Гурван жил АНУ-д сураад ирэх хооронд гал тогоог нь би барьж байсан. Тэнд олон юм болсон. Намайг ерөнхийлөгч болгох процесс ч явсан. 2016 оны УИХ-ын сонгуульд нэг нь надад квот авч өгч, нөгөө нь мөнгө гаргаж гишүүн болгох асуудлыг ч хөндсөн. Гэхдээ би тэр үед нөхөрлөлөө худалдаагүй.
Өнөөдөр би УИХ-ын гишүүн. Би Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт БОАЖ-ын сайдаар ажиллаж байсан.
2024 оны сонгуулийн дараа, магадгүй нөхөрлөлөө бодсон бол, үнэнч байдлаа бодсон бол, саяынх шиг процесс дээр арыг нь хамгаалах найз нөхөр гэж бодсон бол намайг сайдаар авч үлдэх байсан. Би энэ нөхөрлөлийг ашиглаад албан тушаал авъя гэж бодсон бол сайдаар үлдэх тухай ядаж нэг удаа ярих байсан. Тэгэхээр бид зарчмаа барьж байгаа. Би бол зарчмаа л барьсан. Алсын замд энэ биднийг түших, тулах хамгийн гол суурь.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дарга нарын �######�ийг арчих нь х�##�гүй Пороро ингэж ярихгүй ээ
Энэ муу хужаагийн эрлийз, хятадын хунхууз их га лзуу рах нь ээ, шавар хаасан шар луухаан бүү хуцаарай !!!
Чи хужаагийн эрлийз гэдгтийг нь яаж мэдээд байгаа юм бэ? Ямар ч байсан, чамаас төө илүү дээр, шударга хүн байна. Бусдыг доромжлох хэрэггүй.
ЗГ-ын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа улсын машинаар хүүхдээ сургуульд зөөж баригдаад хариуцлага хүлээгээгүй,байг�##�ь орчны сайд болчихоод �##�бан туша�##�аа ашиглаж гишүүн болох сурт�##�чилгаагаа татвар төлөгчдийн мөнгөөр хийж улайрсан дүнкүү,сая зандкаагийн засагт сайд болно гээд хор хутгаад амжилт олоогүйдээ өс санасан хогийн нохой шдээ энэ хунхууз
Энэ батэрдэнэ номин 2 тэр цүнх бөгжний эх үүсвэрийг бэлдэж өгдөг бсн юм бнлэ. Ичсэн хүн хүн �##�на гэчээр оюунэрдэнийг ш�##�гаж бгаад өөр дээр нь тулаад очихын өмнө их үймүүлэхээр шийджээ
Байг�##�ь орчны сайд байсан үеийг ухв�##� мөн ч их булхай гарч ирнэ дээ.
Луухаан шиг юм
Энэ х�##�тар өөрөө �######�ах хэрэгтэй!!
НАРАНБАЯРЫГ МАШ ТҮРГЭН �######�УУЛАХ ХЭРЭГТЭЙ МӨН САЯН БАГШ НАРЫГ АМРАЛТТАЙ БАЙХАД НЬ ДУУДАЖ БҮТ ИЙН АЖИЛТАНГУУД ХУЛАА ГӨРДӨЖ ХҮЧЭЭР НОЙЛЛОЖ БАГШ СУРАГЧДЫН ХӨДӨЛМӨРИЙГ ҮГҮЙСГЭНЭ АСУУДЛЫГ ЯАХ ГЭЖ БАЙНА ҮҮНИЙГ ЗҮГЭЭР ОРХИХГҮЙ НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ ХҮНИЙГ ДАРАМТАЛЖБАЙГАА НЬ ЭНЭ БАЙГУУЛЛАГА ХЭНИЙ ТӨЛӨӨ БАГШ СУРАГЧДЫН АЖИЛЫГ ҮГҮЙСГЭЭД БАЙГАА ЮМ БЭ ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ГАЗАР ГЭЭД СҮРТЭЙ НЭРИЭЙ ГАЗАР ЮУ ХИЙЖ БАЙНА АА ХҮНИЙ ЭРХ НОЦТОЙ ЗӨРЧСӨН ШҮҮ
НАРАНБАЯР МЭТИЙН ХУЛГАЙЧ НАРЫГ ТӨРӨӨС ББҮР �######�УУЛААД ХУЛГАЙ ХИЙСЭН ХЭРГЭЭР НЬ ЯЛЫГ НЬ ӨГӨӨД ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ МӨН БҮТ ИЙН ТӨВРҮҮ БАГШ МЭРЭГЖИЛИЙН КОМИССТОЙ ШАЛГАЛТ ОРУУЛЖ ШАЛГАЛТЫН МАТЁРАЛЫГ ДАХИН ШАЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭХГҮЙЙ БОЛ ГАНТУЯА МЭТИЙН МЭРЭГЖЛИЙН БУС ТҮҮНИЙ ДОР АЖИЛЛАЖ БАЙГАА ТОРООЛУУД НЬ БҮГДИЙГ НЬ ХҮЧЭЭР ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ТЭГЛҮҮСЭН ХЭРЭГ ГАРСАН ШҮҮ ЭНЭ БОЛ МАШ НОЦТОЙ
Энэ м�##�ыг татах хэрэгтэй.