Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Трампаас болж унасан АНУ-ын хөрөнгийн зах зээл одоо түүхэн дээд түвшинд хүрэв, энэ өсөлт хэр удаан үргэлжлэх вэ

АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн саруудад олон сорилттой тулгарсан. Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татвар, инфляц, Ойрх дорнодод үүссэн хурцадмал байдал зэрэг олон асуудлаас болж хөрөнгө оруулагчдын санаа зовниж байв. Гэсэн ч S&P 500 болон Nasdaq индекс сэргэж, түүхэн дээд түвшинд хүрчээ.

Өнгөрсөн Баасан гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээл өдөр өндөрлөж, долоо хоногийг хүчтэй өсөлттэй дуусгасан. S&P 500 3.4 хувь, Dow Jones 3.8 хувь, Nasdaq 4.3 хувиар тус тус өссөн байна.

Энэ өсөлт үргэлжлэх үү, эсвэл түр зуурынх уу гэх асуулт гарч ирж буй. Хөрөнгө оруулагчид сүүлийн үед үзэгдээд буй өсөлт зах зээлийн урт хугацааны өсөлтийн эхлэл үү эсвэл дараагийн уналтын өмнөх богино хугацааны тэсрэлт эсэхэд эргэлзэж байна. Үүний хариуг олоход туслах зүйлсийн нэг бол, өсөлт зөвхөн цөөн хэдэн компанийн ачаар үүсэж байгаа эсэхийг харах юм.

Тоо баримтаас харвал АНУ-ын технологийн салбарын аваргууд зах зээлийн өсөлтийг хөтөлж байна. Өнгөрсөн жил хувьцааны индексүүд шинэ рекорд хэд хэдэн удаа тогтооход технологийн долоон компани хамгийн их түлхэц үзүүлсэн.

Тэгвэл технологийн салбар ч гэсэн энэ удаагийн өсөлтийн гол хөтлөгч болж байна. Тодруулбал “Apple”, “Microsoft”, “Nvidia”, “Amazon”, “”Google”, “Meta”, “Tesla” компани дөрөвдүгээр сарын 8-наас хойш зах зээлийн үнэлгээ нь 4.7 их наяд ам.доллароор нэмэгдэж, нийт үнэлгээгээ 18 их наяд ам.долларт хүрсэн юм. Энэ долоон компанийг гайхамшигт долоо гэж нэрлэх болсон.

S&P 500 индекс дэх хамгийн сайн үзүүлэлттэй хувьцаа нь Coinbase байв. Дөрөвдүгээр сарын 8-наас хойш 140 хувиар өсжээ. Мөн “Seagate” ба “Microchip Technology” компаниудын хувьцаа ч 100 хувиас дээш өсөлт үзүүлсэн байна.

Зургийн эх сурвалж: CNN

S&P 500 доторх мэдээллийн технологийн салбарын компаниудын хувьцаа дөрөвдүгээр сараас хойш 41 хувь, харилцаа холбооны үйлчилгээний салбарын компаниудын хувьцаа 28 хувиар өссөн байна. Энэ нь S&P 500-ийн ерөнхий өсөлт болох 24 хувиас давсан үзүүлэлт юм.

Зах зээлийг хамарсан өргөн хүрээний өсөлт үү

Зах зээлийн хамарсан өсөлт байгаа эсэхийг хэмжих хэд хэдэн үзүүлэлт бий. Үүний нэг нь Нью-Йоркийн хөрөнгийн биржийн өсөлт-бууралтын шугам (A/D line) бөгөөд юм. Энэхүү үзүүлэлт нь өссөн ба буурсан хувьцааны тоон ялгааг харуулдаг. Өсөлт-бууралтын шугам өнгөрсөн пүрэв гарагт /2025.06.26/ бүх цаг үеийн хамгийн дээд түвшинд хүрсэн. Энэ нь өсөлт өргөн хүрээтэй, олон компанид ажиглагдсан болохыг харуулж байна гэж судлаач Том Эссай тайлбарласан байна.

Мөн аж үйлдвэр, санхүү, түүхий эдийн салбарууд ч өсөлттэй байжээ. Жишээлбэл, аж үйлдвэрийн салбарын хувьцаа 27 хувь, санхүүгийн болон түүхий эдийн салбарын хувьцаанууд  тус бүр ойролцоогоор 19 хувь өссөн байна.

Хөрөнгө оруулагчид болгоомжилсон хэвээр

Гэхдээ бүх зүйл эерэг биш байгаа юм. S&P 500 доторх хувьцааны ердөө 50 хувь нь 200 өдрийн дунджаасаа дээш ханштай байна. Эрүүл зах зээлд энэ үзүүлэлт 65-80 хувь орчим байх ёстой. Гэвч тус үзүүлэлт 50 хувь байгаа нь зарим салбарын өсөлт үнэхээр хүчтэй байгаа ч, бусад нь зүгээр л богино хугацааны өсөлт үзүүлж байж магадгүйн дохио юм.

S&P 500-ийн жигд жинтэй индекс (Equal Weight Index) дөрөвдүгээр сараас хойш 18.7 хувь өссөн бол үндсэн S&P 500 индекс (том компаниудад илүү жин өгдөг) 24% өссөн байна. Энэ нь өсөлт технологийн салбарт илүү төвлөрч байгааг харуулж буй.

“WEBs Investments” компанийн гүйцэтгэх захирал Бен Фултон хэлэхдээ, зөвхөн технологи биш, бусад салбар ч энэ өсөлтөд оролцох хэрэгтэй гэж хэлжээ. Үүний тулд АНУ-ын Холбооны нөөцийн сан хүүгээ бууруулах шаардлагатай байж магадгүй гэж тэр хэлсэн юм.

Эдийн засгийн хэтийн төлөв сайжирч байна

Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж буй нэг шалтгаан бол Трампын тарифын бодлогын зөөлөрч буй явдал. АНУ БНХАУ, Их Британи зэрэг худалдааны гол түншүүдтэйгээ хэлэлцэж, гэрээ байгуулсан.

АНУ-ын Холбооны нөөцийн сан  оны эцэс гэхэд бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулах магадлалтай байгаа нь тарифууд инфляцад тийм ч ноцтой нөлөөлөөгүй байж магадгүй гэх дохиог хөрөнгө оруулагчдад өгсөн байна. Ойрх дорнодод Израил ба Ираны зөрчил зогссон нь мөн хөрөнгө оруулагчдын хандлагад нөлөөлжээ.

Эх сурвалж: Market Watch

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button