Макрон: Хүчирхэг орнууд гаалийн татвар оноож байгаа нь сүрдүүлгийн нэг хэлбэр

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон даваа гарагт /2025.06.30/ хэлэхдээ, хүчирхэг орнууд гаалийн татвар ногдуулах нь ихэнхдээ худалдааг тэнцвэржүүлэх арга биш харин айлган сүрдүүлгийн нэг хэлбэр гэжээ. Тэрбээр Испанийн Севил хотноо болсон Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх олон улсын бага хурал дээр үг хэлэхдээ ингэж хэлсэн байна. Гэхдээ тэр АНУ болон АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг дурдаагүй юм.
Макрон “Бид худалдааны саад тотгор, тарифыг ашиглах бус олон улсын худалдааны эрх чөлөө, тэгш байдлыг сэргээх хэрэгтэй. Тарифыг дэлхийн хамгийн хүчирхэг орнууд худалдааг тэнцвэржүүлэх бус айлган сүрдүүлэх зорилгоор ашигладаг” гэж хэлсэн байна. Тэрбээр мөн Дэлхийн худалдааны байгууллагыг санхүүгийн тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгод нийцүүлж өөрчлөхийг уриалжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп дөрөвдүгээр сард дэлхийн улс орнуудад өргөн цар хүрээтэй гаалийн татвар тавьж буйгаа мэдэгдсэн. Гэхдээ тэр удалгүй тарифаа 90 хоногийн турш зогсоож мөн бууруулах арга хэмжээ авсан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.