15 настай өсвөрийн бөх Б.Уужимсамади: 48 хуудастай 3 дэвтэр дээр том барилдааныг тэмдэглэсэн

Баяр наадмын өдрүүд үргэлжилж байна. Бид Төв цэнгэлдэх хүрээлэнд өсвөрийн бөрийн барилдаанд оролцохоор ирсэн, жил жилийн наадмаар барилдсан бөхчүүдийн оноолт, давааг тэмдэглэдэг 15 настай Б.Уужимсамадитай цөөн хором ярилцлаа.
-Хүүхдийн өсвөрийн барилдаанд анх удаагаа зодоглох гэж байна уу?
-Улсын наадмын өсвөрийн барилдаанд анх удаа зодоглож байна. Сумын наадмуудад ганц, хоёр удаа зодоглож байсан. Барилдахаасаа илүү орчин нь бараг таалагдаад, бөхөө үзээд, үзэгчдээ хараад их гоё байна.
-Үндэсний бөхийн спортыг яагаад сонирхох болсон бэ. Энэ спортын чамайг татдаг гол зүйл нь юу вэ?
-Таван настайгаасаа үзэж эхэлсэн, нагац ах маань аймгийн начин цолтой хүн байдаг. Нагац ахыгаа бэлтгэл рүү нь их дагаж явдаг тэр болгонд гоё санагддаг байсан. Хар багаасаа нагац ахаасаа үлгэр дуурайлал явч байгаад, сонирхож эхэлсэн.
-Яг зурагтын өмнө суугаад 12 цагаас эхлээд орой нар жаргахад түрүү бөх үзүүрийг хараад дуусгадаг даа-

-Жил жилийн наадмаас онцолвол аль наадам нь сайхан санагддаг вэ. Барилдааны онцлог ер нь ямархуу байдаг вэ?
-Надад 2022 оны наадам их тод үлдсэн. Бүтэн барилдааныг зурагтын өмнө үзээд сууж байсан. Б.Орхонбаяр ахыг их дэмждэг, хурдан шаламгай, мэхээ бүрэн гүйцэд сайн хийж чаддаг. Тэр жилийн наадам сайхан байсан.
-Ер нь жил жилийн наадмыг шимтэн үздэг үү?
-Тийм. Яг зурагтын өмнө суугаад 12 цагаас эхлээд орой нар жаргахад түрүү бөх үзүүрийг хараад дуусгадаг даа.
-Одоо өсвөрийн барилдаанд зодоглож байна гэхээр ирээдүйд бөх болохоор шийдсэн гэсэн үг үү?
-Тийм. Одоо хичээлээ хийнэ, бас бөхөөрөө барилдана. Гэрийнхэн хичээлээ хий, давтлагандаа суу гэж их загнуулна. Заримдаа ам мурийх зүйл гардаг. “Би барилдмаар байна, энэ миний сонирхол” гээд. Ирээдүйд ер нь барилднаа.
-Улсын наадмын бэлтгэлийг хэрхэн базаасан бэ?
-Голын эрэг дээр ахтайгаа ноцолдоод, бэлтгэлийг бол ахтайгаа базаасан.
-Өмнө жилийн өсвөрийн барилдааныг үзсэн үү. Хүүхдүүдийн барилдааныг судалсан уу?
-Өмнө жилийн өсвөрийн барилдааныг ганц , хоёр үзсэн. Манай насныхан гэвэл Омар гээл бас байна шүү дээ. Хүүхэд болгон сайн бэлтгэлтэй байх шиг байна. Өнгөтэй байна гэдэг шиг, бүгд гоё өнгөтэй байна даа.
-Хэр барилдана гэж бодож байна?
-Өө… нэг их юм санасангүй, тэгээд санасан хэмжээндээ барилдана даа.
-Энэ спортод дурлуулах болсон шалтгаан яг юу вэ? /Аав, ээж нь бас их дэмждэггүй л гэж байна тийм ээ/
-Тийм. Манайх бөхийн удамтай. Аав ээж болохоороо намайг ирээдүйд боловсролтой хүн бол гэж хэлдэг, би болохоороо барилднаа л гэдэг. Барилдах их дуртай. Наадам дөхөхөөр зодог, шуудагаа өмсөж үзээд л, толинд хараад л гоё байдаг. Омогшоод л байдаг.
- Энэ жил цахилгаанд цохиулсаар байгаад түрүү магнай болох байх гэж бодож байна-

-Энэ жилийн наадмаар хэнийг түрүүлнэ гэж голчлон харж, дэмжиж байна вэ?
Би хоёр дэмждэг бөхтэй. Улсын начин Батмагнай, Улсын харцага цахилгаан Зоригтбаатар гээд. Энэ жил цахилгаанд цохиулсаар байгаад түрүү магнай болох байх гэж бодож байна. Энэ жилийн бөхчүүдийг таах хэцүү, бүгд бэлтгэл сайтай байна.
-Есдүгээр анги гэхээр хэдэн настай гэсэн үг вэ?
Одоо энэ жил 15 хүрч байна. Дараа жил ахиад өсвөрт барилднаа.
-Гутлаа хаана хийлгэсэн бэ. Янзын сайхан харагдаж байна?
-Энэ жил цагаан сараар бас өсвөрт барилдсан, яг цагаан сараас долоо хоногийн өмнө өвөө маань авч өгсөн. Манай өвөөг Хөхөө гэдэг. Өвөө намайг их дэмждэг, одоо ч яриад л байна. Миний хүү сайн барилдаарай, өвөө нь дэмжиж байгаа шүү, зурагтаар үзэж байна шүү гээд л. Би өөдөөс нь “яах гэсэн юм бэ өвөө намайг дагаад сандаргачих юм” гээд.
-Ер нь монгол бөхийн түүх, угсаа гарвал хэр сайн мэдэх вэ?
-Би 3-6-р анги хүртлээ бөхийн талаар дэвтэртээ бичдэг байсан. Тэр жилийн оноолт, цагаан сарын барилдаан, ерөнхийлөгчийн цом гэсэн гурван барилдааныг бичдэг байсан, одоо нилээн зузаан дэвтэр дээр байгаа. Өөрөө бараг оноолт хийчихдэг байсан. 2016 оноос хойш тасралтгүй бөхөө үзэж байна. Одоо бараг 10 жил болж байна даа.
-Тэр дэвтэр алсдаа нилээн их түүхийг өгүүлсэн, архив болоод үлдэх нь байна?
-Ирээдүйд бас өөрийн барилдааныг тэгэж тэмдэглэнэ гэж бодож байгаа. Одоо бол 48 хуудастай гурван дэвтэр байгаа. Гэхдээ бас жоохон том болоод ирэхээр бичхээсээ илүү үзэх нь гоё санагдаад үздэг болоод бичих нь багассан.
-Ингэхээр бас бөхийн спортод хэр их хайртай нь харагдаж байна даа.
-Тийм ээ. Бөхийн спортод их хайртай. Ард түмэн маан бөхөө илүү үзээсэй гэж бодож байна. Энэ жил цэнгэлдэх дүүрэн сайхан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар хөөохөн хүү вэ. Амжилт 2 их аваога брлоорой
Хөөрхөн ярьдаг хүү вэ
Сан хүү байна ховорхон түүх үлдэнэ дээ бичээд байгаараы хүү минь баяр хүргэе