АНУ бэлэн байгаа жирэмснээс хамгаалах хэрэгслүүдийг улс орнуудад өгөхийн оронд мөнгө зарцуулж шатаана

АНУ-ын санхүүжилтээр үйлдвэрлэсэн, нийтдээ 10 сая ам.долларын үнэтэй жирэмслэлтээс хамгаалах хэрэгслүүдийг Франц руу илгээж устгалд оруулах болжээ. НҮБ болон гэр бүлийн төлөвлөлтийн байгууллагуудын буурай орнуудад зориулж тэдгээр хэрэгслийг худалдах эсвэл илгээх санал Вашингтонд тавьсан ч хүлээн авахаас татгалзсаны гэж хоёр эх сурвалж “Reuters” агентлагт хэлсэн байна.
Тэдгээр хэрэгсэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп гадаад тусламжийг царцаах шийдвэр гаргасны дараагаар Бельгийн Антверпен мужийн Геел хот дахь агуулахад хэдэн сарын турш гацжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр шатаахаар төлөвлөж буй зүйлс нь жирэмслэлтээс сэргийлэх суулгац, эм гэх мэт зүйлс аж.
Агуулахад хадгалагдаж буй хэрэгслүүдийг Франц дахь эмнэлгийн хог хаягдал устгах байгууламжид шатаахаар төлөвлөж байгаа юм. АНУ-ын Засгийн газар үүнд 160 мянган ам.доллар зарцуулахаар төсөвлөсөн хэмээн энэ талаар мэдээлэлтэй эх сурвалжууд хэлжээ.
АНУ-ын Конгресс энэ сард тэдгээр хэрэгслийг устгахаас сэргийлэх хоёр хуулийн төсөл өргөн барьсан юм. Гэвч хүмүүнлэгийн тусламжийн байгууллагуудын хэлж буйгаар, энэ хуулиуд хугацаандаа батлагдах магадлал багатай байна
Бельгийн Гадаад хэргийн яам АНУ-ын эрх баригчидтай хэлэлцээ хийж, устгалаас сэргийлэх бүхий л боломжит хувилбаруудыг судалсан аж. Тус яам “Reuters”-т мэдээлэл өгөхдөө “Ийм хүчин чармайлт гаргаж, нөгөө тал бүрэн хүндэтгэлтэй хадсан ч гэсэн тохиролцоонд хүрэхэд бэрхшээл тулгарсан. Гэсэн хэдий ч Бельги улс энэ харамсалтай үр дүнгээс зайлсхийх шийдэл олохоор идэвхтэй ажиллаж байна” гэжээ. Мөн “Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд нь үзэл суртлын хязгаарлалтад өртөх ёсгүй” хэмээсэн юм.
Агуулахад хадгалагдаж буй, нийт 9.7 сая ам.долларын үнэтэй эдгээр хэрэгслийн хугацаа 2027 оны дөрөвдүгээр сараас 2031 оны есдүгээр сарын хооронд дуусах товтой.
“MSI Reproductive Choices” нэртэй ашгийн бус байгууллагын Сурталчилгаа, хамгааллын асуудал хариуцсан захирал Сара Шоу “Reuters” агентлагт хэлэхдээ, “USAID”-ийн тэмдэггүйгээр хэрэгслүүдийг дахин савлаж, буурай орнуудад хүргэх бүх зардлыг гаргах санал тавьсан ч АНУ-ын Засгийн газар татгалзсан гэжээ.

Шоу нэмж хэлэхдээ “MSI дахин савлалт, тээвэр, импортын татварыг өөрсдөө төлөхөөр болсон ч тэд энэ хувилбарыг зөвшөөрөөгүй. АНУ-ын Засгийн газар зөвхөн зах зээлийн үнээр худалдаалах нөхцөл тавьсан” гэсэн байна.
Трампын засаг захиргааны үр хөндөлт ба гэр бүлийн төлөвлөлтийн талаарх хатуу байр суурьтай нь татгалзсан шийдвэртэй холбоотой гэж үзэж буйгаа Шоу илэрхийлсэн юм.
Тэр “Энэ нь мөнгө хэмнэх тухай асуудал биш. Харин нөхөн үржихүйн эрхийн эсрэг үзэл суртлын довтолгоо. Энэ нь эмэгтэйчүүдэд аль хэдийнээ хор хөнөөл үзүүлж эхэлсэн” гэсэн байна.
Тэрбээр мөн Сахарын цөлөөс өмнөд хэсэгт орших Африкийн олон орон жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн нийлүүлэлтийн хувьд “USAID”-ээс хамааралтай байсан юм. Тусламжийн санхүүжилт тасарснаар аюултай үр хөндөлтийн тоо нэмэгдэх болно Шоу анхааруулжээ.
НҮБ-ын Хүн амын сан (UNFPA) ч мөн жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг шууд худалдан авах санал тавьсан тухай гурван эх сурвалж “Reuters”-т хэлсэн байна. Гэхдээ хэлэлцээр үр дүнд хүрээгүй, АНУ-ын Засгийн газраас тодорхой хариу ирээгүй тул уг саналыг хэрэгжүүлж чадаагүй гэж эх сурвалж хэлсэн байна.
Нэг эх сурвалж хэлэхдээ Трампын засаг захиргаа “Мехико хотын бодлого”-ынхоо дагуу ийм арга хэмжээ авч байгаа гэжээ. Энэ нь үр хөндөлтийн эсрэг баримт бичиг. Трамп нэгдүгээр сард ажлаа хүлээн авахдаа дахин хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бодлого дор АНУ-ын Засгийн газар үр хөндөлтийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай хамтран ажиллах, тэдгээрт тусламж үзүүлэхийг хориглодог юм.
Мөн тэр эх сурвалжийн хэлснээр, “UNFPA” эдгээр хэрэгслийг үр хөндөлт хийдэг бүлгүүдэд тараахгүй байх баталгаа гаргаж чадаагүй тул АНУ-ын Засгийн газар бодлогын зөрчил үүсэх эрсдэлтэй гэж үзжээ.
Түүнчлэн эдгээр хэрэгсэл USAID-ийн лого, тэмдэгтэй тул АНУ-ын тал уг брэндтэй бүтээгдэхүүнийг өөр газар илгээхийг хүсээгүй гэж нэмж хэлжээ.
“MSI” байгууллага өөрсдийн цахим хуудсандаа мэдэгдэл хийхдээ “Хүн бүр жирэмслэлтээс хамгаалах, үр хөндөлт хийх эрх чөлөөтэй байх ёстой ирээдүйн төлөө тэмцэж байна” гэсэн юм. Мөн АНУ-ын Төрийн департамент “Бусдын амь насыг аварч болох эмнэлгийн хэрэгслийг устгана гэж зориуд зүтгэж, АНУ-ын татвар төлөгчдийн мөнгийг нэмэлт зардалд зарцуулж байна” хэмээн “MSI” буруутгасан байна.
“Reuters”-д мэдээлэл өгсөн хоёр эх сурвалжийн нэг нь эдгээр хэрэгслийг Франц руу олон тооны ачааны машинаар тээвэрлэнэ гэжээ. Энэ ажил дор хаяж хоёр долоо хоног үргэлжлэх төлөвтэй байгаа хэмээсэн юм. Гурав дахь эх сурвалж ч мөн ийм хугацаа шаардана гэж хэлжээ.
“USAID” дөрөвдүгээр сард гаргасан дотоод санамж бичигтээ жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл агуулахад их хэмжээгээр хадгалж байгаа хэмээсэн юм. “Хог хаягдал болон нэмэлт зардал гарахаас өмнө яаралтай өөр байгууллагад шилжүүлэх хэрэгтэй” гэж тус санамж бичигт дурдсан байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.