НийгмийнСПОРТ

Боксын ДАШТ-нд оролцох монголын 10 боксчны найм нь тодорлоо

Их Британийн Ливерпүүл хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 4-14-ны өдрүүдэд болно.

Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч О.Батхүү, Ж.Еркин нарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Боксын насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг анх удаа нэг дор зохион байгуулах гэж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд А.Баттулга, 55 кг-д Х.Билгүүнсайхан, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Л.Алтанцэцэг, 51 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д О.Есүгэн, 57 кг-д М.Энхжаргал, 60 кг-д М.Намуун нар тулалдана.

Эрэгтэйчүүдийн 60 болон 65 кг-ын жинд дөрвөн тамирчны дунд энэ сарын 20-нд сорил явуулж, ялагчийг ДАШТ-д эх орноо төлөөлөх эрх олгоно. Монголын боксчид насанд хүрэгчдийн ДАШТ-ээс нийт 16 медаль хүртсэн ба анхны медалийг 1982 онд гавьяат тамирчин Р.Отгонбаяр (57 кг-д мөнгө) хүртэж байсан бол отгон медальтан нь гавьяат тамирчин Б.Чинзориг (63.5 кг-д мөнгө), Б.Мишээлт (67 кг-д хүрэл) нар юм.

ДАШТ-ээс хос медальтай нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба (Милан-2009-өөс алт, Баку-2011-ээс хүрэл), гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ (Милан-2009-өөс хүрэл, Алматы-2013-аас хүрэл) нар билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button