Б.Чинзориг ДАШТ-ий хоёр дахь ялалтаа авч, 1/8 шигшээд шалгарлаа

Боксын дэлхийн аварга шалгаруулах “Ташкент-2023” тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээний 63.5 кг-ийн жинд эх орноо төлөөлөн тулалдаж буй ОУХМ Баатарсүхийн Чинзориг хоёр дахь ялалтаа авлаа.
Түүний хувьд гурав хоногийн өмнө Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний тулаанаа Австралийн Маклеритай хийж 5:0-ээр ялсан юм. Харин хоёр дахь тулаанаа Камеруны Мохамед Оумароутай өчигдөр хийж мөн л 5:0-ээр илүүрхэв.

ОУХМ Б.Чинзоригийн хувьд “Жакарта-2018” Азийн наадмын мөнгө, Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт тамирчин юм. Тэрбээр маргааш 1/8 шигшээд Туркменистаны Хурсанд Имангулиев, Конгогийн Муламба Мбайя нарын ялсантай нь гурав дахь тулаанаа хийнэ.
Энэ жилийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тухай
Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ тавдугаар сарын 1-14-нд Ташкент (Узбекистан) хотод болно. Тус тэмцээнд 104 орны 640 боксчин 13 жинд өрсөлдөх юм.
Энэ ДАШТ сонирхогчдын бокс төдийгүй сонирхогчдын спортын түүхэнд хамгийн өндөр буюу 5,2 сая ам.долларын шагналын сантай болж байгаагаараа онцлог. Нийт 13 жингийн аваргууд тус бүр 200 мянган ам.доллар хүртэнэ. Мөнгөн медальтай тамирчин 100 мянган ам.доллар, хүрэл медальтан 50 мянган ам.доллар халааслаад эх орондоо харих юм.
Ташкентын ДАШТ-д өнгөрсөн тэмцээний дэлхийн долоон аварга оролцоно
Тодруулбал, Казахстаны Сакен Бибосынов, Софиан Омиха (Франц), Томоя Цүбои, Севонретс Оказава (хоёул Япон), Лорен Альфонсо (Азербайжан), Йоэнлис Эрнандес Мартинес, Хулио Ла Круз (хоёул Куба) нар юм.
Тэмцээнд АНУ, Герман, Их Британи, Нидерланд, Филиппин, Швед, Ирланд, Польш, Украин зэрэг улсын тамирчид оролцохгүй бойкот зарласан
Узбекистаны шигшээ багийн дасгалжуулагч Рахматжон Рузиохунов энэ талаар “Эсэргүүцэл зарлаж, Ташкент хотод ирээгүй шигшээ багууд бидэнд ямар ч нөлөө үзүүлж чадаагүй. АНУ-ын баг гэхэд зөвхөн 80 кг-ийн жинд л сайн тамирчидтай. Америкийн баг ирсэн ч өрсөлдөөн үзүүлж чадахгүй байсан. ДАШТ-д 104 орон оролцоно шүү дээ. Хэрэв 104 орон эсэргүүцэл хийгээд 14 орон л оролцож байсан бол байдал өөр байх байлаа. Тэгвэл ДАШТ-ий нэр хүнд, түвшин уналаа гэж хэлж болох байсан. Аравхан орон ирээгүй гээд 104 орон оролцож байгаа тэмцээнд ямар ч нөлөө байхгүй” хэмээн ярьсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.