Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мёнтой уулзжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт /2025.08.25/ Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мёныг Цагаан ордонд хүлээн авч уулзах үеэр талууд Умард Хойд Солонгосын асуудлыг хэлэлцэж, Ким Жөн Унтай энэ онд уулзах хүсэлтэй байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч илэрхийлжээ.
Уулзалтын үеэр Д.Трамп “Би Ким Жөн Ун болон Умард Солонгосын талтай маш сайн харилцаатай. Бусад бараг бүх хүнээс илүү сайн харилцаатай" хэмээгээд Ли Жэ Мёнтой АНУ, Өмнөд Солонгосын худалдааны харилцааг нухацтай хэлэлцэх болно гэж мэдэгдсэн байна.
Харин Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Ли Жэ Мён Д.Трампт хандан хөлөг онгоцны үйлдвэрлэл болон үйлдвэрлэлийн бусад салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Үүний зэрэгцээ, Д.Трамп Өмнөд Солонгос дахь Америкийн баазууд байрладаг газрыг АНУ авахыг хүсэж байгааг хэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч 28,500 орчим америк цэргийг байрлуулахын тулд илүү их мөнгө төлөхийг холбоотноосоо шаардсан байна. “Бид бэхлэлт барихад маш их мөнгө зарцуулсан, Өмнөд Солонгосын оруулсан хувь нэмэр ч бий. Гэхдээ бид түрээсийн гэрээнээс салж, цэргийн баазтай газраа өмчлөх боломжтой эсэхийг мэдэхийг хүсэж байна” гэж Д.Трамп хэлжээ.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.