Путин, Зеленский нүүр тулах нь чухал ч, уулзах магадлал багасч байна

Дөрвөн жил гаруй үргэлжилж буй Украины дайнд томоохон ач холбогдолтой зүйлс энэ сард болж өнгөрсөн. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг Аляска мужид хүлээн авч уулзсан. Хэдхэн хоногийн дараа Трамп Зеленский болон Европын холбооны удирдагчдыг Цагаан ордонд хүлээн авч дайны асуудлыг хэлэлцсэн юм.
Тус хэлэлцээний дараа Путин, Зеленский хоёрыг уулзалтыг зохион байгуулах тал дээр тохиролцоод байсан. ОХУ-ын талаас, Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Хамтын ажиллагааны аливаа хэлбэрээс татгалзахгүй. Хоёр талт, гурван талт гэх мэт. Ямар ч уулзалтыг үе шаттайгаар бэлтгэх хэрэгтэй” гэсэн билээ.
Мөн Трамп уулзалтын дараа мэдэгдэл хийхдээ ОХУ, Украины удирдагчид нүүр тулан хэлэлцэхэд зориулж бэлтгэл ажил хийж эхэлсэн гэсэн юм. Тэрбээр өөрийн сошиал хуудас дээрээ “Тэр уулзалт болсны дараа бид гурвалсан хэлэлцээ хийх болно. Уулзалтад хоёр улсын ерөнхийлөгч болон би оролцоно. Дахин хэлэхэд дөрөв гаруй жил үргэлжилж буй дайныг дуусгахад чиглэсэн маш сайн эхний алхам байлаа” гэж нийтлэл оруулсан.
Путин, Зеленский хоёрын уулзалтын улс төрийн ач холбогдол
Зеленский, Путин хоёр нүүр тулан уулзсан тохиолдол ердөө ганцхан удаа байдаг. Тэр нь 2019 оны арванхоёрдугаар сард Парист болсон Украйны зүүн бүс дэх дайныг шийдвэрлэх асуудлаарх хэлэлцээ дээр байсан юм.
Хэрэв Путин Зеленский уулзахыг зөвшөөрвөл, үүнийг зүгээр нэг ухралт биш гэж олон хүн үзнэ хэмээн ОХУ-ын улс төрийн шинжээч, Тафтсын их сургуулийн Флетчерийн хуулийн ба олон улсын харилцааны сургуулийн судлаач Павел Лузин хэлжээ.

Лузин “Энэ уулзалт ОХУ-ын эрх баригчдын хувьд асар том үзэл сурталын сорилт болно. Украин өөрсөдтэй нь эн тэнцэх дайсан биш гэж тэд мэдэгддэг. Оросын эрх баригчид одоо ч гэсэн Украины Зэвсэгт хүчнийг нацист бүлэглэл, зэвсэгт дайчид гэх мэтээр нэрлэсээр байгаа. Тэгээд Украин бол бүрэн эрхт, тусгаар тогтносон улс гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй” гэсэн юм.
Тэрбээр нэмж хэлэхдээ 2019 онд Оросын төлөөлөгчид Зеленский "Украин бууж өгч буй баримт бичигт гарын үсэг зурах нь гарцаагүй гэж итгэж байсан. Хэрэв тэд 2025 онд дахиж уулзаад, Украин бууж өгөхгүй бол энэ нь ОХУ-ын орчин үеийн үзэл суртлын бүх тогтолцоог ганхуулна” хэмээжээ.
2019 он хүртэл Женев дэх НҮБ-ын Байнгын төлөөлөгчийн газарт ажиллаж байгаад 2022 онд огцорсон Борис Бондарев үүнтэй санал нийлжээ. Украины бууж өгөхгүйгээр өндөрлөх нүүр тулсан уулзалт Путинд “доромжлол” болно гэж тэр хэлэв. “Өөрөө нь дор хүнтэй уулзаж, эцэст нь ялагдсан мэт ард түмэндээ харагдах болно. Зеленскийг буулгаж авч чадаагүй нь түүнийг ялагдсан харагдуулна” гэсэн юм.
Трамп Украины дайныг дуусгах хүчин чармайлт нь томоохон амжилт ороогүйд тэвчээр алдах болсон. Ийм учир Путин Трампыг илүү залхаахыг хүсэхгүй байгаа гэж Бондаревийн нэмж хэлжээ.
Харин Зеленский өмнө нь Путинтэй хэд хэдэн удаа нүүр нүүрээ харж уулзах санал тавьсан. Саналыг нь хүлээн аваагүй тохиолдол бүрт ОХУ энх тайван тогтоохоос татгалзаж байна гэж Зеленский мэдэгдсэн. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ Путинтэй уулзаж, дайныг зогсоохоос сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийж байна гэж ОХУ-ыг буруутгасан байна. Зеленский “ОХУ-аас ялгаатай нь Украин хоёр орны удирдагчдын хооронд уулзалт зохион байгуулахаас огт айхгүй байгаа” хэмээсэн юм.
Украины тал ийнхүү мэдэгдэл хийж байгаа нь Трампын ая эвийг олж, ОХУ энх тайван хүсэхгүй байна гэж түүнд итгүүлэх зорилготой. Хэрвээ тэгж итгэвэл Трамп Москвагийн эсрэг илүү хатга хориг арга хэмжээ авах магадлалтай юм. Одоогийн нөхцөл байдлаас харвал Украин Трампын ая эвийг олох тал дээр ялж байгаа бололтой. Үүний нэг шинж тэмдэг бол энэ долоо хоногт хоёр орны удирдагчдын хооронд уулзалт хийх талаар Украин, АНУ-ын албан тушаалтнууд хэлэлцэнэ гэж Зеленский мэдэгдсэн явдал юм.
Энэ мэдэгдлээрээ Зеленский Путинтэй уулзахад бэлэн гэдгээ Трампт дахин илэрхийлж буй. Харин хоёр орны удирдагчийг уулзуулах талаар АНУ-ын талтай хэлэлцэж байгаа гэж ОХУ-ын ямар нэгэн албан тушаалтан мэдэгдээгүй байгаа.
Уулзалт болох магадлал багасав
Ийнхүү нааштай зүйл яригдаж байсан ч олон улсын мэргэжилтнүүд тэднийг нүүр нүүрээ харж уулзах магадлал бага гэж үзэж байсан юм. Харин энэ долоо хоногоос дайтаж буй хоёр улсын удирдагчид уулзах магадлал буурав.

Гадаад хэргийн сайд Лавров Сергей Лавров “NBC News”-ийн “Meet the Press” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө “Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө бүрэн боловсруулагдсан үед Путин Зеленскийтэй уулзахад бэлэн. Харин энэ төлөвлөгөө огтхон ч бэлэн болоогүй байна” гэсэн юм.
Тэр мөн “Бид Украинд энх тайван тогтоохыг хүсэж байна. Ерөнхийлөгч Трамп ч гэсэн Украинд энх тайван хүсэж байна. Аляскын уулзалт, Вашингтонд болсон Европын төлөөлөгчдийн цугларалт болон тэд Вашингтоноос буцсаны дараа хийсэн үйлдлүүд нь Украин үнэндээ энх тайван хүсэхгүй байгааг харуулсан” хэмээсэн байна. Өөрөөр хэлбэл бид биш харин Украин л энх тайван хүсэхгүй байна гэж Лавров хариу мэдэгдэл гаргажээ.
Мөн Лавров Москва Зеленскийг хууль ёсны удирдагч гэж үздэггүй учраас Путин түүнтэй энхийн гэрээнд гарын үсэг зурж чадахгүй гэж хэлсэн юм. Тэрбээр “Бид түүнийг дэглэмийн де-факто тэргүүн гэж хүлээн зөвшөөрдөг. Энэ байр сууринаас нь уулзахад бэлэн. Харин хууль эрх зүйн баримт бичигт гарын үсэг зурах тухайд бол өөр. Гарын үсэг зурж буй хүн үнэхээр хууль ёсны эсэхийг бүгд маш тодорхой ойлгосон байх шаардлагатай” хэмээсэн байна. Ийнхүү Лавров бид энх тайван хүсэж байгаа харин Украин үгүй, мөн Зеленскийтэй уулзаж болно, уулзалтаас зайлсхийхгүй ч энхийн хэлэлцээнд гарын үсэг зурах эрх түүнд байхгүй гэх мессежийг илэрхийлсэн юм.
Ийнхүү хоёр тал бие биеэ энх тайвныг хүсэхгүй байгаа гэж буруутгаж байх хооронд Трампын тэвчээр шавхагдсаар. Түүнээс Путин яагаад Зеленскийтэй уулзахаас татгалзаж байгаа талаар асуухад, Трамп “Учир нь тэр түүнд дургүй, тэд нэг нэгэндээ дургүй” гэж хэлжээ.
Хоёр удирдагч уулзахгүй бол ОХУ-д ямар нэгэн арга хэмжээ авах уу гэсэн асуултад Трамп “Асар том үр дагавартай байх болно, гэхдээ юу болохыг харъя. Магадгүй маш том арга хэмжээ авна. Учир нь энэ дайн заавал зогсох ёстой” гэж хариулсан байна. Мөн Трамп Зеленскийг хууль ёсны бус удирдагч гэх мэдэгдлийг үгүйсгэж, ОХУ-тай эдийн засгийн дайн үүсгэж болно хэмээжээ. Гэхдээ дайн зогсохгүй бол Украинд ч мөн арга хэмжээ авч магадгүй гэсэн юм.
Эх сурвалж: ABC News, Kyiv Independent, New York Post, Time
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Л�##�ар хар муу Зомби Л�##�аров л хамаг бүх гайг тарьж бгаа муу хүүр !
путлэр үхэж байж дайн дуусна