Гадаад мэдээДЭЛХИЙ

Ши Жиньпин Бээжингийн төсөөлж буй дэлхийн шинэ тогтолцоог цэргийн парадаараа харуулна

ШХАБ-ын 25 дахь дээд хэмжээний уулзалт БНХАУ-ын Тянжинь хотод явагдаж өнгөрсөн. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин 20 гаруй орны удирдагч оролцсон уулзалтын үеэр АНУ-ыг сорих, дэлхийн өмнөдийн орнуудыг эн тэргүүнд тавих аюулгүй байдал, эдийн засгийн олон улсын шинэ тогтолцооны тухай өөрийн үзэл бодлыг танилцуулсан юм.

Тэрбээр “Ноёрхол, хүчний бодлогын эсрэг тууштай байр суурьтай байж, жинхэнэ олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлсээр байх ёстой” гэж хэлсэн нь АНУ болон Ерөнхийлөгч Доналд Трампын тарифын бодлогод чиглэсэн үг байсан гэж үзэж болно. Ши Жиньпин нэмж “Дэлхийн засаглал салаа зам дээр ирлээ” хэмээсэн байна.

Энэ удаагийн ШХАБ-ын уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар оролцсон нь тус санаачилгад шинэ эрч хүч өгөв. Тус байгууллагыг бүс нутгийн аюулгүй байдлын эвсэл хэлбэрээj 2001 онд байгуулагдсан. Анхны гишүүдэд БНХАУ, ОХУ, Төв Азийн дөрвөн улс орсон бол Энэтхэг улс 2017 онд нэгдсэн юм.

Гишүүн орнуудын эв нэгдлийн уур амьсгалыг харуулах зорилготойгоор, Путин, Моди нар гар гараасаа хөтлөн Ши Жиньпин рүү алхаж буй дүр зургийг зохион байгуулагчид олон нийтэд харуулсан байна. “The China-Global South Project”-ын эрхлэгч Эрик Оландер “Энэ явдал зохиомол байсан уу, эсвэл өөрийн эрхгүй бий болсон уу гэдэг нь тийм ч чухал биш” гэж бичжээ.

Зургийн эх сурвалж: Reuters

Оландер “АНУ-ын ерөнхийлөгч болон түүний холбоотнууд тарифын шахалтаар Хятад, Энэтхэг, эсвэл Оросыг буулгаж авна гэж бодож байсан бол энэ дүр зураг үүний эсрэгийг харуулж байна” хэмээсэн юм.

Уулзалтын дараа Моди Путиний Аурус хуягт лимузинд сууж хоёр талын хэлэлцээ хийжээ. Моди энэ талаар Х дээр бичихдээ “Түүнтэй ярилцахад үргэлж шинэ санаа, ойлголт авдаг” гэсэн юм. Хоёр талын уулзалтын үеэр Путин Модид хандан оросоор “Хүндэт Ерөнхий сайд аа, эрхэм найз минь” гэж хэлжээ.

БНХАУ, Энэтхэг хоёр ОХУ-ын газрын тосны хамгийн том импортлогч орнууд юм. Трамп Энэтхэгийг ОХУ-аас газрын тос худалдан авч байна хэмээн нэмэлт гаалийн татвар ногдуулсан ч БНХАУ-д тийм арга хэмжээ аваагүй.

Ши Жиньпин өнөөдөр томоохон хэмжээний цэргийн парадыг удирдан явуулна. Дэлхий дахинаа тогтворгүй байдал нэмэгдээд буй одоо үед олон улсын шинэ тогтолцооны хамгаалагч нь Бээжин гэх байр суурийг Ши Жиньпин тодотгохоор зорьж байна.

Дэлхийн II дайны төгсгөлд Япон ялагдсаны 80 жилийн ойг тэмдэглэх “Ялалтын өдөр”-ийн арга хэмжээнд Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун зэрэг 20 гаруй орны удирдагч оролцоно.

Энэ арга хэмжээ нь АНУ-ын манлайлалд эргэлзээ үүсээд буй үед БНХАУ-ын цэргийн хүч чадал, дипломат нөлөөг харуулах зорилготой. Трамп гадаад тусламжийг танаж, олон улсын байгууллагуудаас гарч, холбоотон болон өрсөлдөгчидтэйгөө худалдааны дайн эхлүүлсэн байгаа билээ.

Азийн нийгэмлэгийн бодлогын хүрээлэнгийн Хятадын шинжилгээний төвийн судлаач Нейл Томас “Владимир Путин, Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан, Ким Жон Ун нарын оролцож буй нь БНХАУ дэлхийн тэргүүлэх авторитар хүч болсныг тод харуулж байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button