АН-ын даргаар О.Цогтгэрэлийг бүртгэх эсэх УДШ-ийн шийдвэр Х сарын 03-наас өмнө тодорхой болно

Ардчилсан нам өнгөрсөн долоо хоногт Ардчилсан нам ҮБХ-гоо хуралдуулж, их хурлаа хийсэн. Улмаар ҮБХ-ны гишүүдийн олонхын саналаар даргаараа УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг сонгосон. Мөн Улс төрийн намын тухай хуульд нийцүүлсэн боловсруулсан Үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталсан.
Улстөрийн намын тухай хуульд намын дүрэм өөрчлөх хугацааг 12 сарын 31 гэж заасан байдаг. Иймд энэ хуулиар 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө цаг хугацаандаа дүрмээ шинэчлээгүй, хуулиа мөрдөөгүй намыг бүртгэхгүй гэдэг шийдвэр хэрэгжиж эхэлнэ.
Ямартай ч АН дүрмээ шинэчлээд, намын даргаа сонгоод бүртгүүлэх хүсэлтээ өгчихлөө. УДШ-д өчигдөр /2025.09.03/ хүргүүлсэн аж.
Одоо процесс хэрхэх вэ,
15.3.Намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, намын даргыг томилсон шийдвэрийг 60 хоногийн дотор Улсын дээд шүүхэд албан ёсоор хүргүүлнэ.
15.5.Улсын дээд шүүх энэ хуулийн 15.3-т заасны дагуу гаргасан хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн байна.
Тэгэхээр ирэх аравдугаар сарын 03 гэхэд УДШ АН-ын хүсэлтийг бүртгэх эсэх нь тодорхой болох юм байна.
Үндэсний бодлогын хорооны хуралдааны үеэр дүрмээ эхэлж батлуулаагүй тул намын даргыг нь УДШ бүртгэж авахгүй байх магадлалтай хэмээх шүүмжлэл хөвөрсөн. Өнгөрсөн хугацаанд УДШ-ээс намуудад эхлээд дүрмээ бүртгүүл, тэгээд даргаа сонго гэдэг чиглэл өгч байсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.