Байгаль орчинНИЙГЭМ

Зэрлэг амьтдын төл тэжээдэг С.Нараа: Энэ жил Бэмби нэртэй янзага өсгөж байгаа

Эхээсээ төөрч өнчирсөн 10 орчим бугын тугал, бор гөрөөсний янзагыг тэжээж байгальд нь тавьсан Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхийн гэргий С.Нараатай хэдэн хором ярилцлаа.

Тэрбээр энэ жил мөн л өнчирч үлдсэн бор гөрөөсний янзагыг тэжээж буй юм. Түүнийг хэзээний туршлагатай хэмээн Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрынхан иргэдийн олж авч ирсэн, өөрсдөө олсон зэрэг янз бүрийн өнчин зэрлэг амьтадаа аваачиж өгдөг аж.

Энэ айлын эзэн, гэргий, үр хүүхдүүд нь бүгд байгаль хамгаалах буянтай үйлсэд нэг насаа зориулж яваа хүмүүс.

Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх, Гэрий С.Нараа нар 2023 он

Зэрлэг амьтад үргэнэ хэмээн нохой ч тэжээдэггүй энэ айл хүний хөлөөс зайдуу уул бараадан суурьшиж, энэ жил Бэмби гэх янзага тэжээж байна.

-Янзагаа анх хаанаас ямар байдалтай олдсон бэ?

-Энэ янзагыг өнгөрсөн зургаадугаар сард Хөвсгөлийн тусгай хамгаалалтын захиргааныхан надад “тэжээгээд өгөөч” гэж өгсөн. Эхээсээ төөрч өлссөн байдалтай байхад нь Мөрөн сумын хүн олж тусгай хамгаалалттай газрынханд авч ирсэн юм байна лээ. Тэнд хэсэг тэжээж байгаад дээрдэхгүй байхаар нь туршлагатай гээд надад авч ирсэн юм. Анх жижигхэн, туранхай сар гаруйтай надад ирсэн.

-Сүү өгдөг үү. Яаж тэжээж гаршуулав?

-Тусгай хамгаалалттай газрынхан анх дэлгүүрээс сүү авч өгсөн ч хүний гараас ууж дасахгүй, бие нь дээрдээгүй юм байна лээ. Харин би шууд хөдөө мал руугаа аваад гарсан. Угжаар сайн ууж чадахгүй байсан болохоор аягаар үхрийн сүү өгсөн. Янзага маань амтыг нь аваад л шууд ууж эхэлсэн. Одоо өдөрт гурван удаа сүү өгдөг. Нэг удаа 700-800 грамм сүү өгнө. Болсон сүү өгвөл хошуугаа дүрж ганц амсаад уухгүй. Түүхий л сүү ууна.

-Одоо бие нь ч тэнхрээд, том болсон уу?

-Үхэрний сүү ууж, хөдөө байгальд тавиад эхэлмэгц таргалаад өнгө зүс орсон. Одоо сайхан таргатай, хүчтэй болсон. Тэгсэн хэр нь сүүнээсээ гараагүй л байгаа. Өглөө, өдөр, орой гуравт заавал сүүгээ ууна. Өгөхгүй бол надаас ер салахгүй эрх хүүхэд шиг дагна, сүүгээ нэхнэ. Тэгээд сүүг нь өгчихөөр жаахан маажуулж, ороож байгаад яваад өгдөг.

-Янзагандаа нэр өгсөн үү?

-Тусгай хамгаалалттай газрынхан Бэмбий гэдэг нэр өгсөн. Би түүгээр дуудаад дасгачихсан. Хаанаас ч дуудсан гүйгээд ирнэ. Нэрээ сайн мэддэг.

-Бэмбий нь идээшлэхдээ мал дагах уу, ганцаараа явчихдаг уу?

-Өдөртөө ганцаараа гэрийн ойролцоох ууланд гарч идэж байгаад сүүнийх нь цаг болохоор гүйгээд ирдэг. Ерөнхийдөө гэрээс холдоод явчихгүй, тэгсэн хэр нь зэрлэг чанараа алдахгүй уул, хад руу гүйгээд байна. Гэрийн ойролцоо ирэхээрээ манай үхрүүдийг бараадна. Анх хашаанд нь ороод хэвтэхээр үхрүүд үргээд мөргөх гээд байдаг байсан. Одоо бол хажууд нь хэвтэж байсан ч ажирдаггүй.

-Бэмбий хэзээ явах бол, янзага ер нь идээшилж байгаа газар нь холдсоор байгаад ирэхээ больдог уу?

-Тэгнэ. Намар болоод бие томроод ирэхээр биеэ даах боллоо гэж боддог юм уу. Идээшлэх газар нь цаашилж байгаад явчихдаг. Дараа жил нь амьд байгаа эсэх нь бас мэдэгдэнэ. Энд тэнд харагддаг. Хүнд дассан чанар нь байдаг болохоор хүнтэй таарвал үргэж, ажрахгүй ирдэг юм байна лээ. Би ч бараг жил болгон л нэг хөөрхөн янзага тэжээдэг болохоор ач, зээ нар маань дуртай. Бүгдээрээ амьтанд хайртай өссөн. Бэмбийг ирэхгүй жаахан удвал харуулдаад гадаа сууцгаачихна. Хүрээд ирэхээр бөөн баяр болоод тоглож гүйнэ. Энэ жилийн өвөл “Бэмбийдээ өгнө” гээд ач, зээ нар маань хадлан бэлтгэж байгаа.

-Тусгай хамгаалалттай газрынхан яагаад танаар тэжээлгэх болов?

-Би өмнө нь хэд хэдэн бугын тугал, бор гөрөөсний янзага тэжээж, байгальд нь явуулсан туршлагатай болохоор аваад ирсэн. Өмнө жил бас нэг бор гөрөөсний эхээсээ төөрсөн янзага авч ирснийг тэжээгээд намар явуулсан. Миний бас бүр өмнө нь тэжээж байсан бугын тугал согоо болчхоод тугалаа дагуулж хааяа манайд ирдэг. Талх идэж, хужиртай ус уугаад явна. Анх 1980 хэдэн онд “Соотон” гэдэг нэртэй бугын тугал тэжээсэн юм. Тэр бүр арван салаа эвэртэй болчхоод ууландаа явсан. Тэрнээс хойш согооны 4, 5 тугал. Бор гөрөөсний 4, 5 янзага тэжээж байна. Тэдний зарим нь явчхаад эргэж ирж амьд, мэнд байгаагаа харуулдаг.

-Танайх нохой тэжээдэг үү. Янзага нь нохойтой хэр эвцэлдэж байна.

-Нохой байхгүй. Зэрлэг амьтан тэжээж байгаа орчинд нохой байлгах ямар ч боломжгүй. Манайх ууланд ойрхон, хүний хөлөөс хол болохоор ууланд байгаа зэрлэг амьтадаа бас хамгаалах менежментийн дагуу нохой байлгадаггүй.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button