Судалгаа: Амны хөндийн бактери зүрхний шигдээст хүргэдэг байж магадгүй

Амны хөндийд байдаг бактериуд зүрхний шигдээс болоход шууд нөлөө үзүүлж байж магадгүйг шинэ судалгаа харуулжээ.
Финландын Тамперегийн их сургуулийн эрдэмтдийн баг титэм судасны өвчтэй 200 гаруй өвчтөнөөс авсан судасны бөглөрлийг шинжилсэн байна. Шинжилсэн дээжүүдийн ихээхэн хэмжээнд амны хөндийн бактери байсан юм.
Тамперегийн эмч Пекка Кархунен “Титэм судасны өвчинд бактери нөлөөлж байж болзошгүй гэдгийг эрдэмтэд удаан хугацаанд таамаглаж ирсэн. Гэвч шууд болон үнэмшилтэй нотолгоо хангалтгүй байсан юм. Манай судалгаа нь атеросклерозын товруу дотор хэд хэдэн төрлийн амны хөндийн бактерийн генетикийн материал – байгааг харуулсан” гэжээ.
Сүүлийн хэдэн арван жилд гарч ирсэн баримт нотолгоо нь амны хөндийн эрүүл мэнд болон зүрх судасны эрүүл мэндийн хоорондын холбоог батлах болсон. Энэ хоёр ихэвчлэн харилцан холбоотой байдаг тул тул Кархунен болон түүний хамтрагч судлаачид уг холбоог тайлбарлаж болох биомаркеруудыг хайсан байна.
Тэд судалгааны ажлаа зүрхний шигдээсний гол хүчин зүйлсийн нэг болох атеросклерозод төвлөрүүлсэн юм. Атеросклерозын үед титэм судасны хананд өөх тос, холестерин, кальци болон бусад бодис хуримтлагдан товруу үүсэж, судас нарийсах, цусны урсгал хязгаарлагдаж, заримдаа судас цоордог. Үүний улмаас зүрхний эдэд очих цусан хангамж буурч, улмаар зүрх зогсоход хүрнэ.
Судлаачид гэнэтийн үхлээр нас барсан 121 өвчтөнөөс, мөн судасны бөглөрлийг авах мэс засалд орсон 96 өвчтөнөөс титэм судасны товрууны дээжийг цуглуулжээ.
Эдгээр дээжийг тоон полимеразын гинжин урвалын шинжилгээ (qPCR), бактерийн хорыг илрүүлэх иммуногистохими, мөн генийн экспресслэлтийн түвшинг тооцдог транскриптомик аргаар шинжилсэн байна.
Шинжилгээгээр хэд хэдэн төрлийн амны хөндийн бактерийн биофильм илэрчээ. Тэдгээрээс хамгийн түгээмэл нь вириданс стрептококк бүлгийн бактериуд байсан юм. Гэнэтийн нас барсан өвчтөнүүдийн титэм судасны товрууны 42.1 хувь, мэс засалд орсон өвчтөнүүдийнх 42.9 хувьд амны хөндийн стрептококк илэрчээ.
Эдгээр бактериуд илрэл нь хүнд хэлбэрийн атеросклероз, зүрхний өвчнөөр нас баралт, зүрхний шигдээсээр нас баралттай өндөр хамааралтай байсныг судалгааны баг тогтоосон байна. Ялангуяа товруу цоорсон үед илүү хүчтэй хамаарал ажиглагдсан.
Бактерийн биофильмууд ихэвчлэн товрууны гол хэсэгт, дархлааны тогтолцооны хүрч чадахгүй газарт байжээ. Хэрэв бие махбодод нэмэлт стресс үүсгэх өөр хүчин зүйл гарвал биофильм үрэвсэж, товруу хагарахад хүргэж, ингэснээр зүрхний шигдээс үүсэж болзошгүй юм.
Судлаачид бусад төрлийн бактерийн халдвар, амьсгалын замын вирус, буруу хооллолт, эсвэл стрессийн даавар болох норэпинефрин нь уг үрэвслийг өдөөдөг хүчин зүйлсийн нэг байж магадгүй гэж үзэж байна.
Эх сурвалж: Science Alert
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.