Улс төрийн мэдээ

МАН-ын даргад өрсөлдөх спикерийн үг: Улстөржсөнгүй, парламентын ардчиллыг онцолж, 2026 оны төсвийг шүүмжлэв

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ.

Хэдхэн хоногийн өмнө МАН-ын даргад нэрээ дэвшүүлнэ гэж мэдэгдсэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нээлтийн үгэндээ урьдын янзаар улстөржсөнгүй. Тэрбээр цаг үеийн шинжтэй асуудлуудад мэдрэг хандаж, цохон онцлоод Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсөвт хоёр тодорхой шүүмжлэл хэлсэн. Нийт найман нүүр текст бүхий нээлтийн үгийг парламентын спикер уншлаа.

Энэ удаагийн нээлтэд үе үеийн УИХ-ын дарга нарыг урьж оролцуулсан нь онцлог мессеж болов. Нөгөөтээгүүр есдүгээр сарын 13-ныг Монголд байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны өдөр гэж тэмдэглэдэг. Энэ жил 35 дахь жилийн ой тохиож байгаатай холбогдуулан, парламентын агуулгыг чухалчилж үзүүллээ.

МАН-ын даргад өрсөлдөнө гэсэн мэдэгдлээ ч тэр яг есдүгээр сарын 13-нд хийсэн. Бүхэлдээ “Монгол бол ардчилсан засаглалтай, төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ юм” гэсэн мессежийг дахин дахин илэрхийлж байгаа нь өнөөгийн улс төрийн нөхцөлд тод анзаарагдахаар байна.

Цаашлаад намрын ээлжит чуулганы хугацаанд ямар асуудалд төвлөрөх нь зүйтэй гэж үзэж байгаа талаараа,

  • Нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх. Сангийн алдагдал нөхөхөд чиглэх төдий байж болохгүй. Иргэн бүр өөрийн хуримтлалынхаа эзэн нь байх шинэчлэлийн хуулийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлэх шаардлагатай
  • Татварыг бууруулах. Үүний тулд төсвийн орлого бүрдүүлэх тогтолцоог өөрчлөх эрх зүйн орчны нь бүрдүүлэх хэрэгтэй
  • Төрийн өмчит компаниудын үр өгөөжийг нэмэгдүүлэх ёстой. Өр төлбөр нь дэндсэн. Орон нутагт ч ялгаагүй тул засаглалыг шинэ шатанд гаргаж, мэргэжлийн хүмүүсээр удирдуулах нь зөв
  • Эрчим хүчний тухай хуулийг өөрчлөх, энэ салбарын төрийн өмчит хуулийн этгээдүүдийг шинэчлэх хэрэгтэй байна гэхчлэн онцолсон.

Нийгмийн анхаарлыг татаад байгаа цаг үеийн асуудлаар боловсролын салбарыг сонгожээ.

“Багшийн цалин урамшууллыг уян хатан болгох, ажлын ачааллыг шударгаар үнэлэх хэрэгтэй” гэхчлэн яриад, “Анги дүүргэлтийг 40 хүүхдээс хэтрүүлэхгүйн тулд нийт 108 сургууль шинээр барих шаардлагатай. Үүний өртөг нь 1.6 их наяд төгрөг болно. Асуудлыг ирэх гурван жилд үе шаттай шийдэхэд жил бүр 36 сургууль, 32 цэцэрлэг барих төсөв зайлшгүй хэрэгтэй” гэлээ.

Дараад нь эрүүл мэндийн салбарыг хөндөж, эмнэлгийн зардал байнга өсөж байгааг дурдаад “Бага зардлаар ихийг хийх зарчим баримтлах нь олон улсын туршлага” гэдэгт ерөнхий бодлого зангидагдах ёстой хэмээв. УИХ-ын хүрээнд эрүүл мэндийн асуудлаар гурван ажлын хэсэг байгуулагсаныг бас онцоллоо.

Эцэст нь 2026 оны улсын төсөвт анхаарсан.

Энэ удаа анх удаа таван шаттай хэлэлцэх юм. “Гишүүд төсөв санхүүгийн гүнзгий мэдлэгтэй байх, санхүүгийн тайлан, аудитын үр дүнг уншиж дүгнэх чадвараа хөгжүүлэх нийгмийн шаардлага бий шүү” гэж анхааруулсан.

Иргэд боловсролын салбарт илүү хөрөнгө төсөвлө гэж санал өгсөн. Гэвч тэгээгүй, өмнөх оныхоос нэмэгдээгүй орж ирсэн байна гэдгийг цохсон.

Мөн “Өмнөх жилийн зарчмаас өөр буюу 1.3 их наядын алдагдалтай төсөв орж ирснийг гишүүд анхааралдаа аваасай, сайтар тунгааж үзээсэй. Эдийн засгийн идэвхжил саарч байгаа ийм үед хэмнэлтийн бодлогын эрэмбэ, дэс дарааллыг зохистой хийх ёстой” гэсэн юм.

Товчхондоо ажил хэрэгч гэхээсээ ирээдүйд хүрэх ёстой цэгүүдийг дурдсан, “агаарын” маягтай ярианууд. Гэвч зорилтыг гарц шийдлийн хамт нэрлэж байсан нь сайшаалтай. Ирэх оны төсөвт шүүмжлэл хэлснийг эс тооцвол огт улстөржсөнгүй. Эдгээр өдрүүдэд МАН-ын Бага хурал зарлагдахад Д.Амарбаясгалан угаас хамгийн гол дүр болж харагдах юм. Ерөнхий сайд Г.Занданшатартай биеийн хэлэмжээр эелдэг, нөхөрсөг гар барьж харагдана лээ. Тэд хоёул МАН-ын даргын төлөө өрсөлдөнө.

Парламентын ардчиллыг агуулгаараа онцолсноос бусдаар Д.Амарбаясгалан удахгүй бужигнах улс төрийн өмнө намрын чуулганы нээлтийн үгээ даруухан л хэллээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button