Мэттью Макконахэй: Дүр бүтээнэ гэдэг “миний дотор тэр дүр яг хаана байна вэ” гэдгийг л олох аялал

Оскарын шагналт, алдарт жүжигчин Мэтью Макконахэй “The Talks” сэтгүүлд ярилцлага өгснийг орчуулан хүргэе.
– Ноён Макконахэй, та жүжигчний замналынхаа туршид үнэхээр олон янзын дүр бүтээсэн. Тэдгээрээс ямар төрлийн дүртэй илүү холбогдож чаддаг вэ?
– Кино уран бүтээлд жинхэнэ утгаараа автаж, ажлаа сайн хийж байвал, бүх дүр л би өөрөө юм шиг санагддаг. Дүр болгонд миний нэг хэсэг бий. Заримдаа би тэдний зан чанарын нэг хэсгийг ойлгохын тулд төсөөллөө илүү ашиглах хэрэгтэй болдог. Ингэж ойлгосныхоо дараа тэр нь миний нэг хэсэг болж хувирдаг. Тэгээд тэр ойлгосон хэсгийг нь илүү чанга дуугаар илэрхийлдэг.
Дүр бүтээнэ гэдэг бол “миний дотор тэр дүр яг хаана байна вэ?” гэдгийг л олох аялал. Ер нь бол тухайн дүр тодорхой чанартай бол би сайн ойлгож чадна. Сайн кино зохиолтой, дүр ямар чанартай вэ гэдэг нь тодорхой байвал бүр ч амар. Жишээ нь, “True Detective” киноны Раст Коулын дүрд би тэгж тоглосон. Тэнд дүрийн мөн чанар нь тодорхой байсан. Тийм учраас нэг их жүжиглэх шаардлага байгаагүй. Дүрийн хэлж байгаа үгсийг ойлгоод, тэрэндээ итгээд хэлэхэд л хангалттай байсан.
– Харин зохиол дээр дүрийн тэр чанар байхгүй бол яах вэ?
– Зохиолд дүрийн мөн чанар байхгүй бол өөрөө хайж олно. Муу бичигдсэн зохиолын дүрийг бүтээх хамгийн хэцүү. Өөрөөр хэлбэл “энэ дүрийг хэн ч бүтээж чадна” гэж санагддаг дүрүүд хэцүү. Харин хамгийн амархан нь “энэ дүрийг өөр хэн ч бүтээж чадахгүй” гэж мэдрэгддэг дүрүүд.
Би л чадна гэсэн тэр мэдрэмжийг авах дуртай. Жүжигчин болгон л тийм мэдрэмжид дуртай. Гэхдээ зураг авалтын хоёр долоо хоног өнгөрчхөөд байхад “За, мэдэхгүй ээ. Энэ дүрийг өөр олон жүжигчин тоглож болох л байсан” гэж бодоод байвал үнэхээр хэцүү.
– Тэгвэл сүүлийн хэдэн жил жүжиглэхээс түр завсарласан нь үүнтэй холбоотой юу? Дүрүүдэд таны хайж байсан чанар байгаагүй учраас уу?
– Зориуд завсарлага авсан юм. Би шинэ юмс судалж, өөр зүйлд манлайлахыг туршиж үзсэн. Ялангуяа бичихэд дурласан. Олон жил өөрийгөө зоригжуулсны эцэст нэг бичиж эхэлсэн дээ. Бичиж эхлэх үед урам зориг цаанаасаа л ороод ирсэн. Гэхдээ бичих нь их дотоод ертөнцийн ажил юм байна лээ. Би ганцаараа байхдаа л бичдэг. Бичих нь миний хувьд нэг төрлийн аялал болсон.
Амьдралаа бага зэрэг объектив байдлаар харах ёстой юм шиг надад санагдаж эхэлсэн юм. Учир нь жүжиглэх бол маш субьектив ажил. Буцаад жүжиглэж эхлэх үедээ би кино дүр бүтээхэд ямар их хайртай гэдгээ дахин ухаарсан. Нэгэн төрлийн донтолт шиг. Би зохиолдоо бүрэн төвлөрөөд, дүрдээ гүн орж, бүх жижиг зүйлийг нэг бүрчлэн хийж чадсан үедээ л сайн ажиллалаа гэж боддог. Тийм олон зүйл хийсэн ч гэсэн орой нь гэртээ ирээд гэр бүлтэйгээ уулзана. Их ажлын дараа гэр бүлтэйгээ уулзах нь цагаа сайн ашиглаж байгаа хэрэг гэж би боддог.

– Та завсарлага авсан үедээ дүр бүтээж, жүжиглэх ажлаа санасан уу?
– Үгүй ээ. Би жүжиглэж эхлэх үедээ л санасан. Жүжиглэхгүй байхдаа огт санаагүй, гэхдээ буцаад ажиллаж эхлэхэд “Өө, би энэ бүхнийг үнэхээр их санажээ” гэж бодсон.
– Та жүжиглэхээ бүр мөсөн болих талаар боддог уу?
– Үгүй ээ, больё гэж хэзээ ч бодож байгаагүй. Бидний жүжиглэн бүтээдэг түүхийг өөр хэн нэгэн бичиж, өөр хэн нэгэн найруулж, өөр хэн нэгэн эвлүүлж, өөр хэн нэгэн камераар бичдэг тухай харин бодож байсан. Харин би “Green Lights” номоо бичсэн туршлага үүнээс их өөр мэдрэгдсэн. Би өөрөө найруулагч, бичигч, өөрөө эвлүүлэгч нь болохоор. Тийм зүйл хийхийг хүссэн юм.
Би амьдралаа өөрийнхөө найруулж буй кино гэсэн өнцгөөс харсан. Бид төрөхөд “Action!”, үхэхэд “Cut!” гэж хэлнэ. Тэгвэл миний баримтат кино юу вэ? Миний бичиж буй зохиол юу вэ? Юу хаана болж байна вэ? Миний амьдрал гэж юу вэ? Би ямар кинонд амьдарч байна вэ? Сүүлийн хэдэн жил би энэ талаар нухацтай бодсон. Тэгээд “The Lost Bus” кинонд дүр бүтээн кино урлагт буцаж ирсэн маань яг л амралт шиг санагдаж, “Өөр хүний бичсэн зохиолд баярлалаа. Өөр хүн найруулж байгаад баярлалаа” гэж бодогдсон. Би үнэндээ өөрөө зохиохоос ядраад байсан юм.
– Яагаад энэ уран бүтээлийг кино урлагт эргэн ирэх бүтээлээрээ сонгосон бэ?
Пол Гринграсстай ажилламаар байсан учраас сонгосон. Тэр бол киноны үйл явдлыг үзэгчдэд үнэхээр хурц, яаралтайгаар мэдрүүлж чаддаг цөөн найруулагчдын нэг. Энэ кинонд адал явдал хүчтэй өрнөхийн зэрэгцээ хүний дотоод ертөнцийн тухай гүн түүх өгүүлдэг.
Гадаад, дотоод ертөнцийн харилцааг тэр маш сайн гаргадаг. Дээрээс нь, бодит үнэн дээр тулгуурласан түүх миний сэтгэлийг хамгийн их хөдөлдөг. Сайн зохиол, сонирхолтой дүр өөрөө сайхан байдаг. Гэхдээ энэ бүхэн жинхэнэ баримтад суурилсан бол бүр илүү үнэ цэнтэй санагддаг. Энэ л намайг улам зоригжуулдаг.
– Энэ нь бас бидний яриад байсан дүрийн мөн чанарыг бий болгоход тусалдаг байх, тийм үү?
— Тийм ээ. Пол бид хоёр хамтдаа их ажилласан. Ингэснээр би жүжигчин Мэттью гэдэг хүнийхээ хувьд цуглуулсан туршлагаа автобусны жолооч Кевиний дүрд оруулах боломжтой болсон. Киног болсон явдлаас сэдэвлэсэн тул Кевин зохиол биш жинхэнэ хүн. Пол бид хоёр “хоёр дахь боломж” гэх сэдвээр ярилцсан, энэ сэдэв кинонд шууд ил харагдахгүй. Гэхдээ энэ сэдвээр ярилцах нь надад хэрэгтэй байсан юм.
Жүжигчдэд тийм дотоод өгүүлэмж зайлшгүй шаардлагатай. Дотоод өгүүлэмж нь дүр ямар үг үйлдэл гаргахыг ойлгоход түлхэц болдог. Ийм зүйлс дүрийн шийдвэр, хөдөлгөөн, зан аашийг тодорхойлдог. Үзэгч шууд харахгүй байж болох ч энэ нь жүжигчний хувьд маш чухал.

— Тэгвэл энэхүү киногоор эргэж ирснээр жүжигчин хүний хувьд шинэ зорилго, шинэ амжилтын төлөвлөгөөтэй болсон уу?
— Тэгэхээр жүжигчин хүний хувьд би нэлээн зүйл хийж амжсан. Янз бүрийн төрөл жанрт тоглосон, янз бүрийн хүмүүсийн түүхийг гаргасан, шагнал ч хүртсэн. Гэхдээ “За, би чадлаа” гэж сэтгэл ханасан удаа огт байхгүй. Тэгж мэдэрсэнгүй. Ер нь бол би өөрийн амьдралаа л ухаж хармаар байдаг. “Би хэн юм бэ?” гэж өөрөөсөө асуумаар. Би нэг удаа романтик инээдмийн кинонд тоглохоос хоёр жил завсарлага авч байсан, санаж байна уу?
Амьдрал маань их чухал байсан мөртлөө, хийж байсан ажил минь тийм чухал санагдаагүй. Бас нэг юм хэлэхэд, хэдэн жилийн өмнөөс би харин эсрэгээрээ ажил маань амьдралаас илүү чухал юм шиг санагдах болсон үе бий. Тэгээд “Үгүй ээ, одоо жинхэнэ амьдрал руугаа эргээд харъя. Амьдрал минь эрч хүчтэй байна уу, миний хийж буй ажил ч бас эрч хүчтэй байна уу?” гэж бодогдсон. Одоо бол ердөө л амьдрал, ажлынхаа хэмнэл, тэнцвэрийг тааруулж явна даа.
Эх сурвалж: The Talks
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.