НИЙГЭМ

Оюутнууддаа шүдээ угаах цаг гаргаж, орчныг нь бүрдүүлсэн сургууль

Та өдөрт хэдэн удаа шүдээ угаадаг вэ. Мэргэжилтнүүдийн зүгээс "шүдээ өглөө, оройдоо нэг, нэг удаа угаах нь хангалтгүй. Хоол идсэнийхээ дараа болон шүд бохирдох бүрд угаах шаардлагатай" хэмээн зөвлөдөг. Гэтэл бидний дийлэнх нь өдөрт хоёроос хэтрэхгүй шүдээ угаадаг байна.

Зөвхөн гэртээ шүдээ угаадаг хэвшмэл ойлголтыг АШУҮИС-ын, Нүүр ам судлалын сургууль халж, оюутнууддаа шүд угаах цэгийг бий болгож, тогтмол цагийг гаргаж өгчээ. Иймд бид тус сургуулийн шинэ жишгийг сурвалжлахаар зорьж очсон юм.

Гэрэл зургийг: Г.Золбоо, Байршил: АШУҮИС, Нүүр ам судлалын сургууль

Тус сургууль цайны газрынхаа үүдэнд шүд угаах нэг цэгтэй. Энд гурван угаалтуур байх ба тус бүрд толь, шүдний оо, цагийг байршуулжээ. Ингэснээр оюутнууд заавал шүдний оо авч ирэх шаардлагагүй, зөвхөн сойзоо цүнхлээд ирэхэд болох аж.

Биднийг шүд угаах цэгтэй танилцахаар очих үед тус сургуулийн гуравдугаар дамжааны оюутан П.Ундрал хичээлийнхээ завсарлагаагаар шүдээ угааж байхтай нь таарсан юм.

"Намайг нэгдүгээр курст ороход л манай сургууль шүд угаах цэг, цагтай байсан. Тухайлан хэлбэл өдрийн 12.30-13.10 хүртэл их завсарлагаагаар өдрийн хоолоо идэж, дараа нь шүдээ угаах боломж бүрдсэн. Ялангуяа надтай адил шүдний аппараттай хүмүүс шүд бохирдох бүрд шүдээ угаахгүй бол завсарт нь хоолны үлдэгдэл хоцорчихдог юм л даа. Мөн шүд цоорох өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой гэж харж байгаа. Шүд угаах цагийг манай оюутнууд маш сайн ашигладаг. Түүнчлэн шүд угаах цэгт оо-г байршуулсан нь гэрээсээ оо авч ирэх шаардлагагүй болгож байгаа юм"

Нүүр, амны эрүүл ахуйн тэнхимийн багш Б.Нямдэлгэр: Манай сургуулийн хувьд шүд угаах нэг цэгтэй. Энэ цэгт гурван угаалтуур л байгаа учир олон оюутан нэгэн зэрэг шүдээ угаах боломж хомс. Тиймээс угаалгын өрөө бүрд шүдний оо-г байршуулсан. Ингэснээр их завсарлагааны үеэр оочерлох байдал үүсэхгүй байгаа. Өдрийн хоолны дараа сургууль болон ажлын орчинд шүдээ угаана гэдэг шүд цоорол өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм. Оюутнууд маань ч сайшаалттай хүлээн авч буй. Эхэндээ шүд угаах цагийг хэвшүүлэхийн тулд сойзтой ирсэн үгүйг нь шалгадаг байлаа. Одоо бол тэд өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөөх зайлшгүй дадал болгоод явж байгаа харагддаг.

Гуравдугаар дамжааны оюутан Б.Цэлмэг: Ихэнх сургуулиуд шүд угаах цэг, цаг байдаггүй юм байна лээ. Магадгүй дийлэнх хүмүүс зөвхөн өглөө, оройд л шүдээ угаадаг гэх хэвшмэл ойлголттойгоор л явдаг санагддаг. Манай сургуулийн оюутнууд шүд угаах цагийг маш сайн ашигладаг. Бүгд сойзтой ирдэг. Энэ дадал энгийн мэт боловч шүдний цоорол, түүнээс үүдэх өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх маш сайн арга. Мөн заавал их завсарлагааг хүлээх биш шүд бохирдох бүрд шүдээ угаачихдаг болсон. Энэ дадлыг бусад сургуулиуд хэвшүүлээсэй, өндөр төлбөрөөр эмчлүүлэхэд хүрэхээсээ өмнө эрүүл мэндийнхээ төлөө өөрийн чадах зүйлээ хийдэг байгаасай гэж уриалмаар байна.

-АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Б.Батбаяр: Шүдийг хаана ч угааж болно. Ширээнийхээ ард сууж байхдаа 3-5 минут угаачихаад, амаа зайлахад ч болдог-

,

-Танай сургууль шүд угаах цагтай, цэгтэй болж шинэ жишгийг тогтоожээ. Энэ талаар ярихгүй юу?

-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эрүүл шүд арга хэмжээ 312 дугаар тогтоол болон Ерөнхийлөгчийн санаачилсан Эрүүл Монгол хөтөлбөрийн хүрээнд шүд угаалтын цаг, шүд угаалтын цэгийг бий болгох гэсэн ажлууд хийгдэж байгаа. Манай сургуулийн зүгээс тухайн хөтөлбөрийн хүрээний ажилд манлайлж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Ингэхдээ дадал болгох үүднээс АШУҮИС болон Нүүр ам судлалын сургууль дээрээ шүд угаах цаг, цэгтэй болсон.

Анх 15 оюутантай нэг ангид ороход 2-3 хүүхэд сойзтой ирдэг байсан. Харин энэхүү арга хэмжээг явуулж эхэлсэнтэй холбоотойгоор эсрэгээрээ 2-3 хүүхэд сойзоо мартаж ирдэг болсон. Ингэснээр шүд угаалтын хувь нэмэгдсэн гэсэн үг.

Иргэд, олон нийтээс өдөрт хэдэн удаа шүдээ угааж байна вэ гээд асуухаар бүгд нэг тогтмол тоо хэлдэг. 2-3 гээд. Гэтэл шүдний сойзоо биедээ авч явж байгаа эсэхийг нь тодруулахад байдаггүй. Өдрийн ихэнх хугацааг сургууль, ажлын байран дээрээ өнгөрүүлж, хооллож байгаа хэр нь сойзгүй явж байгаа бол яав ч 2-3 удаа шүдээ угаах боломжгүй биз дээ. Харин бодитоор "өнөөдөр хэдэн удаа шүдээ угаасан бэ" гээд олон нийтээс асуухад нэг удаа, эсхүл угаагүй гэх хариултыг өгдөг. Угтаа шүд бохирдох бүрд угаах ёстой. Түүнээс тогтсон тоо байдаггүй.

Мөн хүмүүсийн дунд нийтлэг буруу ойлголт байна. Шүдээ зөвхөн гэрийн орчинд, угаалтуурт л угаах ёстой гэх. Энэ бол буруу. Шүдийг хаана ч угааж болно шүү дээ. Жишээ нь ширээнийхээ ард сууж байхдаа 3-5 минут угаагаад, угаалтуурт очоод амаа зайлахад болно.

-Монголчуудын дунд шүдний ямар өвчин зонхилж байна вэ. Ямар насныхан өвчлөлд ихээр өртөж байна?

-Хамгийн түгээмэл өвчлөл бол шүдний цоорол. Насны бүлгээр нь авч үзвэл 5-6 насныхан хамгийн их өвчилж байна.

Энэ өвчлөлийн дараагийн хүндрэл бол мэдрэлийн үрэвсэл, идээт үрэвсэл, ясны, зөөлөн эдийн хортой хоргүй хавдар, буглаа, нэвчээс гэх мэт өвчлөлүүд үүсэх эрсдэлтэй. Намайг Солонгост суралцаж байхад сургуулийн маань 60 орчим настай профессор "шүдний нэвчээс өвчнийг номоос л уншиж байсан. Таарч байгаагүй" гэж билээ. Энэ нь амны хөндийн арчилгаанаас шалтгаалсан эмгэгт өвчин. Гэтэл буглаа, нэвчээс эмчилгээг голчлон хийдэг Улсын нэгдүгээр эмнэлэг дээр долоо хоногт 2-3 нэвчээс өвчтэй хүн үйлчлүүлж байна. Тэгэхээр манай монголчуудын амны хөндийн эрүүл ахуй ямар байгааг ойлгож болохоор байна шүү дээ.

-Шүдний өвчлөлөөс сэргийлэх аргуудын талаар зөвлөж болох уу?

-Шүдний өвчлөлөөс сэргийлэх гурван л арга байдаг.

  • Нэгдүгээрт. Шүдээ тогтмол, зөв угаах
  • Хоёрдугаарт. Фторжуулах. Үүнийг дэлхийн олон улсын мэргэжилтнүүд зөвлөж байгаа.
  • Гуравдугаарт. Шүдэнд ээлгүй хоол хүнсийг хязгаарлах. Чихрийг 100 хувь хорих боломжгүй ч тодорхой хэмжээнд хязгаарлах боломжтой шүү дээ. Үүнийг хамгийн эхэнд гэртээ, дараа нь сургууль, нийгмийн орчинд хэрэгжүүлэх боломжтой.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 24, 2025 11:29

Sain jishig bn

Зочин
Зочин
9 сар 24, 2025 11:29

Shudee ugaah heregtei heregtei. Anhaarah l asuudal shuu

Зочин
Зочин
9 сар 24, 2025 11:29

Ajil deeree shudee ugaaj baimaar ym bn

Зочин
Зочин
9 сар 24, 2025 11:30

Busad surguuli ch bas hergjuuleesei

Зочин
Зочин
9 сар 24, 2025 11:30

Uuniig bugd murddug boloh n chuhal

Зочин
Зочин
9 сар 24, 2025 11:30

Heregtei survaljilga bnn

Budragchaa
Budragchaa
9 сар 24, 2025 15:07

Unuudur unshsan hamgiin saihan, hamgiin gegeeleg medeelel baina. Bayarlalaa, O.Onon… Amjilt?!?

Tsetsegee tseegii
Tsetsegee tseegii
9 сар 24, 2025 22:35

Bayrlalaa tanai surguuliin hamt olond vneheer vlger durailal awmaar medeelel baina.

Холбоотой мэдээ

Back to top button