М.Мандхай: Хүнсний хууль хувийн хэвшлийнхнээс стандарт шаардана. Зардал нэмэгдэх учир тэд дургүй байгаа

УИХ-ын гишүүн М.Мандхайтай Хүнсний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хүнсний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцүүлж эхэллээ. 13 жилийн дараа хөндөгдөж байгаа эл хуульд ямар, ямар чухал заалтууд орсон бэ?
-Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт ороогүй хугацаанд үйлдвэр, үйлчилгээ болон хоол, бүтээгдэхүүний төрөл, технологи инноваци бүхэн маш эрчимтэйгээр хөгжиж ирсэн. Хувийн хэвшлийн үйлдвэрлэж байгаа болон импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнийг ялгахаа больчихсон. Импортын хараат байдал 46 хувьд хүрчихсэн.
Үндэсний аюулгүй байдлын нэгэн чухал агуулга бол хүнсний аюулгүй байдал. Гэтэл импортын хараат байдал 50 хувь руу дөхөж байна гэдэг хүнсний аюулгүй байдал эрсдэлд орж байгаагийн шинж. Цаашилбал импортын барааны дийлэнх хувь нь БНХАУ-аас орж ирж байна.
Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хууль дээр хүнсний аюулгүй байдлыг тусгасан ч хүнсний баталгаат байдлаа хөндөж, тусгахгүйгээр энд хүрсэн.
Нэмэлт өөрчлөлтөд тусгагдсан хамгийн гол зүйл бол хүнсний бодлого. Үүнд хүнсний баталгаат байдал дээр гурван том тулгуур ойлголтыг багтаасан.
-Ямар тулгуур ойлголт юм бэ?
- Хүнсний шимт байдал
- Хүнсний хүртээмж
- Хүнсний хангамжийн асуудал.
Хүнсний сүлжээ бүр дээр энэ гурван тулгуур ойлголт яригдаж, хангахын төлөө ажиллах ёстой. Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль дээр хадгалалт, тээвэрлэлт, нийтийн хоол үйлдвэрлэл гэх ойлголтууд хуулиас гадуур, зохицуулалтгүй явсаар ирсэн. Бид хэчнээн органик, чанартай хүнсийг дотоодын тариаланчдаасаа авсан ч хоол үйлдвэрлэгч газруудад яаж эрүүл ахуйн шаардлага хангасан хоол хүнсийг үйлдвэрлэж байгаа эсэх нь тодорхойгүй. Стандарт, шаардлага хуульчлагдаагүй учир хэрэглэгчид юуг нь мэдэхгүйгээр идэж байгаа.
Манай улс элэг, ходоодны хавдраар дэлхийд нэгд жагсаж байна. Хавдар үүсгээд байгаа гол хүчин зүйлийн хувьд зохисгүй хоол хүнсний хэрэглээ. Дэлгүүрт зарагдаж буй бараа бүтээгдэхүүн нэг бүрийг баталгаатай эсэхийг хараад мэдэх аргагүй. Түүнийг тодотгох хаяг, шошго байхгүй. Үүнийг дэлхий даяар дагаж мөрдөж эхэлсэн тул бид хуульчлахгүй бол болохгүй болчихсон.
Цаашилбал хүнсний тээвэрлэлтийн асуудал хөндөгдөж буй. Хөлдөөсөн махны тээвэрлэлт дээр л гэхэд бид алддаг. Янз бүрийн махыг нийлүүлээд портерт ачаад ирж байгаагаараа баталгаагүй хүнс болгочхож байгаа юм. Энд хадгалалтын горим ч хамт тусгагдаж буй.
Мөн хүний нөөцийн асуудлыг хуульчилж, зохицуулж өгсөн. ХААИС, ШУТИС-д хоол үйлдвэрлэл, хүнсний технологийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд тоо цөөрсөн байна. Үндсэндээ энэ салбарт ажиллах мэргэжлийн боловсон хүчний дутагдалд орж байна гэсэн үг шүү дээ. Ажиллах хүч байхгүйн улмаас нэмж үйлдвэр баригдахгүй болчихно. Энэ нь импортын хараат байдал улам нэмэгдэхийн дохио. Тиймээс энэ мэргэжлийн боловсон хүчин, судлаачдыг бэлдэх, дахин сургах, дэмжих механизмыг хуульд тусгасан.
-Хүнсний чанар стандарт, шошгололт дээр нарийн заалтууд тусгасан. Энэ нь хувийн хэвшлийн байгууллагын хямд зардлаар үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэнэ гэдэг ойлголттой нь харшилж байгаа-

-Энэ хуулийн төслийн нэмэлт өөрчлөлт дээр хувийн хэвшлийн зарим байгууллагууд эсрэг байр суурьтай хандаад эхэлсэн байна билээ. Тэдний ямар эрх ашиг хөндөгдөж байгаа юм бэ. Харшлах заалт бий юу?
-Монгол хүний биеийн онцлог, цаг агаар, нөхцөл байдалд тулгуурлан ямар бүтээгдэхүүн хэрэглэвэл шимтэй байж, тохирох талаарх судалгааг бүх үйлдвэрүүд судлах шаардлагатай. Ингэснийхээ дараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ явуулах ёстой. Гэтэл дунд болон жижиг шатны хүнс үйлдвэрлэгчдийн хувьд тэр хэмжээний зардлыг гаргаж чадахгүй. Өдөр тутмын эргэлтийн хөрөнгө, хоол, хүнс үйлдвэрлэл дээрээ анхаарч байгаа. Угтаа шинэ хүнс үйлдвэрлэх, бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийх дээр ажиллах шаардлагатай. Энэ хөгжүүлэлтийг хийх боловсон хүчний чиг үүргийн нарийн тусгаж өгсөн.
Цаашилбал, хүнсний чанар стандарт, шошгололт дээр нарийн заалтыг тусгасан. Энэ нь хувийн хэвшлийн байгууллагын хямд зардлаар үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэнэ гэдэг ойлголттой нь харшилж байгаа. Хэн ч илүү зардал гаргахтай санал нийлэхгүй биз дээ.
Шинэ стандарт нэвтрүүлэхэд өртөг өндөр юм шиг санагдана. Гэхдээ гарч байгаа бүтээгдэхүүн сайжраад ирвэл өртөгт давуу байдал бий болно. Хоёрдугаарт борлуулалтад давуу тал гарч ирнэ. Тухайн бүтээгдэхүүний чанар баталгаажчихвал худалдан авагч итгэлтэйгээр сонголт хийж эхэлнэ шүү дээ.
-13 жилийн дараа өөрчлөлт орж байгаа гэдгээрээ том хүлээлт үүсгэсэн хуулийн төсөл гэж ойлгогдож байна. Гэтэл өчигдрийн чуулган дээр Ардчилсан намынхан хайнга хандаж, ирцээ бүртгүүлээд хаяад гарсныг та юу гэж бодож байна вэ?
-Хүнсний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай өчигдөр хэлэлцэх ёстой байсан. Харамсалтай нь ийм чухал хуулийг ярьж байхад АН-нын бүлэг завсарлага авахгүйгээр ирцээ бүртгүүлэн гарч, эсрэг акц хийлээ. Төрийн ажил бус улс төрийнх нь амбиц, эрх ашиг нэг номерт байгааг харууллаа, тэд. Энэ хууль хэрэгжээсэй, бага өөрчлөлт ороосой гэж хүсэж байна.
-Хяналт, шинжилгээ сул, хуулийн зохицуулалт байхгүй байгаа учраас л дуртайгаа авч ирж зарж байна-
-Хуулийн хэрэгжилт иргэдийн аж, амьдралд шууд нөлөөлөх ёстой. Мөн иргэд хуулийн хэрэгжилтийнхээ оролцогч байх ёстой байх аа. Тэдний оролцоо, хариуцлагын талаар хуулиар хэрхэн тусгасан бэ?
-Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн хэрэгжилт 37.5 хувьтай гарсан. Үндсэндээ бараг хэрэгжээгүй л гэсэн үг. Гэтэл энэхүү хуулийг дагалдах олон хуулийн хэрэгжилт тэгийг заачихсан. Жишээ нь, баяжуулах хүнсний тухай хууль хэрэгждэггүй. Бид Д витаминтай сүү үйлдвэрлэдэг байсан бол нэмэлтээр Д витамин худалдан авч мөнгө үрэх шаардлага үүсэхгүй.
Мөн дээр дурдсанчлан иргэдийн эрүүл мэндийн асуудал хооллолт, хүнсний аюулгүй байдал, баталгаат байдалтай шууд холбоотой. Бид хүнсний тухай хуулиа эргэж харалгүй, иргэддээ юу нь мэдэгдэхгүй хүнс нийлүүлчхээд олон тэрбум төгрөгөөр эмнэлэг барих асуудал ярьж байгаа нь гамшгийн зэрэгт шилжсэний дохио шүү дээ. Тийм учраас 13 жил оролдоогүй хуультай зоригтойгоор өөрчлөлт хийж байгаа.
Иргэдийн зүгээс хуулиа маш сайн ойлгож хариуцлага, хэрэгжилтийн биелэлтийг нэхэх хэрэгтэй. Үйлдвэрлэгч, нийлүүлэгчээс шаардлагатай стандарт, баримт бичгийг нэхэх, хянах эрхээ эдлэх боломж нь үүснэ гэсэн үг.
-Манай улсад нийтийн хоолны газрууд “хүнсний үйлдвэрлэл”-ийн ангилалд ордоггүй, хуульд зохицуулагдахгүйгээр явж ирсэн. Та бүхний өргөн мэдүүлж буй хуулийн нэмэлт өөрчлөлт дээр үүнийг тусгасан байсан.
-Тийм ээ. Шинэ хуулиар нийтийн хоолны газрууд “хүнсний үйлдвэрлэл”-ийн ангилалд ордоггүй, хуульд зохицуулагддаггүй байдал цэгцэрнэ.
Бид гурван удаагийн хэлэлцүүлэг хийсэн. Эхнийх хоёр хэлэлцүүлэг дээр нийтийн хоолны нэгдсэн том холбооны ерөнхийлөгч болон гишүүд ирж, оролцсон. Яг үнэнийг хэлэхэд тухайн холбоо өөрсдөө дүрэм, журам гарган нийтийн хоолны салбараа хөгжүүлмээр байгаа ч хууль эрх зүйн орчин нь зохицуулагддаггүй учир шинэчлэл хийж чадахгүй явж ирсэн. Одоо хуулиар нэгдсэн зохицуулалт хийж, хүнсний сүлжээнд оруулж өгсөнд тэд баяртай байгаа. Холбооны үйл ажиллагаа нь ч сайжрах юм билээ.
-Импортын барааны хэм хэмжээ хэтэрсэн тухай дээр дурдлаа. Мэргэжлийн байгууллагаас хэчнээн бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалтыг хийж улсын хилээр нэвтрүүлдэг вэ. Нэмэлт өөрчлөлт батлагдах юм бол энэ байдал хэрхэн өөрчлөгдөх боломжтой вэ?
-Импортоор орж ирж байгаа пестицидийн үлдэгдлийг шалгах ёстой. Гэтэл одоогийн байдлаар 12 нэр төрлийн бараан дээр энэ хяналт шалгалт үйлчилж байгаа. Ингэхээр хилээр орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн нэг бүр дээр хяналт шалгалт, шинжилгээ хийгдэхгүй байгаатай холбоотойгоор ямар ч баталгаагүй бүтээгдэхүүн лангуун дээр тавигдаж, бид хэрэглэсээр байна.
Хамгийн наад захын жишээ татахад, хүмүүсийн хүнсэндээ нийтлэг хэрэглэдэг "CU" дэлгүүрт худалдаалагддаг мантуун бууз БНХАУ-ынх. Тухайн мантуун бууз манай хилээр хөлдүү, ганзагаар л орж ирж байгаа. Ямар газар, хэрхэн үйлдвэрлэсэн, орц найрлагад нь юу орсныг бидний хэн нь ч мэдэхгүй л байгаа шүү дээ. Хяналт, шинжилгээ сул, хуулийн зохицуулалт байхгүй учраас л дуртайгаа авч ирж зарж байгаагийн нэг жишээ л энэ.
-Ард түмэн нь сонгоогүй Г.Занданшатарыг намын гишүүд нь Ерөнхий сайд болгосон. Үнэхээр ёс зүйгүй байлаа-

-Үргэлжлүүлэн одоо улс төрийн гал тогоонд өрнөөд буй асуудлын талаар ярилцах уу. МАН-ын Бага хурал өнгөрсөн бямба гарагт болсон. Тус хурлаас хойш олон нийтийн дунд шүүмжлэл дагуулах хэд хэдэн мэдэгдлүүд гарлаа. Ерөнхий сайд Г.Занданшатар ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилж байгаагаа мэдэгдсэн. Харин МАН-ын Бага хурлын гишүүд гарын үсэг зурж, Хяналтын Ерөнхий хорооны гишүүдийн шийдвэрээр түүнийг намаас нь хөөчихлөө.
-Өнгөрсөн бямба гарагт Бага хурлын гишүүнээр батламжлагдсан. Анх удаа Бага хуралд сууж үзлээ. Миний төсөөлж байсныг бодвол МАН зохион байгуулалт, дүрэм журмынхаа дагуу явдаг, дотоод ардчилал сайтай санагдсан. Нэр дэвшигчдийн илтгэлийг сонсож байхад ус тос нь ялгарч л байсан. Улмаар дийлэнх олонхын саналаар Д.Амарбаясгаланг намын даргаараа сонгоё гэдэг дээр санал нийлсэн. Ямар ч өрсөлдөөнд нэг нь ялж, нөгөө нь ялагдана. Төрийн гурван өндөрлөгийн нэгийн хувьд энэ ялагдалдаа хүндэтгэлтэй хандах ёстой. Шинэ гишүүн, шинээр намд элссэн хүний нүдээр харахад таалагдаагүй. Үнэхээр ёс зүйгүй байлаа. Яг үнэндээ ард иргэдээсээ сонгогдож чадаагүй л хүн шүү дээ. Сонгогдоогүй гэдэг ард иргэд сонгохыг хүсээгүй хүн. Намын гишүүд нь туршлагатай гэдэг утгаар нь Ерөнхий сайд гэх том албан тушаалыг өгсөн. Яагаад талархахгүйгээр, ялагдлаа хүлээж чадахгүй, парламентыг тараах хүртэлх эрсдэлд хүргэж байна вэ.
Төрийн асуудал нүүрсний асуудал биш. Нийтийн асуудал болохоос биш нэг хүнийг намнах асуудал бас биш. Зөвхөн намын даргаа унагааж байж, эрх мэдлийг нь авах гэж байгаа үйлдэл гэж харж байна.
Одоо улстөржих биш төсөв хэлэлцэх цаг. Төр нэгдүгээрт байсан бол чуулгандаа суугаад, ажлаа хийж гарч ирээд улстөржих байсан. Гэтэл тэгсэнгүй. Болж байгаа процессыг ажиглахад хууль шүүхийн байгууллагаас "хэрэгтэн" гэж хэнийг ч яллаагүй байгаа. Энэ цаг үед Ерөнхий сайд нь гарч ирж мэдэгдэл хийж, нөгөө талд ХЗДХ-ийн сайд болох ашиг сонирхолтой сул гишүүн үзэлцээд л байх юм.
Олон хуульчдын хэлж байгаагаар хэнийг томилох, буулгах эрх нь Ерөнхий сайдад байгаа хэдий ч баталгаажуулах эрх нь байхгүй. Засгийн газрын гишүүд чуулганы танхимд маш урт тангараг уншиж, дараа нь баталгааждаг. Тэгэхээр хуулиа зөрчсөн, урвуу процессоор явж байгаа нь харагдаж байна. Хуулиасаа дээр эрх мэдэлтэй тэр хүн "Томиллоо" гэж зарласан ч хоёр хоногийн өмнөх Засгийн газрын хуралдаанд Л.Мөнхбаатар сайд л сууж байсан шүү дээ. Б.Энхбаяр биш.
-З.Мэндсайхан гишүүн Б.Энхбаяр гишүүнийг намаасаа гарвал дагаж гарах тухай ч ярилаа. Танай намын дотоодод эх захгүй талцал хуваагдал өрнөх боллоо?
-Намын гишүүнчлэлээс гарах тухай өчигдөр хэдэн гишүүд ярьж байна билээ. Нэг л зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Намын институцаар орж ирснээрээ чухал хуулийн төсөлд гар бие оролцох боломж нээгдсэн шүү дээ. Тэр гишүүн намаасаа мандат авч орж ирснээ мартаж болохгүй. Бүлэглэлийнхээ төлөө нэг талд зогсож, намаасаа гарах агуулга ярьж байгаад харамсаж байна. Гэхдээ нэг зүйлийг сануулахад институц хэзээ ч хүнээр дутдаггүй. Дэвших хүсэл эрмэлзэлтэй, мандатаа хүлээгээд сууж байгаа маш олон хүн бий.
-МАН-ын дотоод зодоон хагарал цаашид хэрхэх бол?
-Ойрын үед өдөр бүр сюрпризтэй угтаж байна. Миний санаа зовж буй зүйл бол хуваагдал, хагарал, бүлэглэлийн цаана ардчилал нурах вий. Хэрэв парламентын засаглал уначихвал иргэд хар цагааныг ялгаж чадахаа болино. Үүнийг хэн ч хүсэхгүй биз дээ.
Хэрэв би үгэнд нь орохгүй, кнопчин болохгүй, гарын үсэг зурахгүй байвал ямар нэгэн хэрэгт холбох юм байна. Явсаар мянган удаа худал хэлэхэд үнэн болдог гэдэг кейс болох вий гэх айдас төрж байна. Гэхдээ ус, тос нь ялгарч улстөржих бус улс түмэнжих үе ирэх байх. Манай намын залуу гишүүд ийм бусармаг явдлыг дэмжихгүй гэж харж байгаа.
-Цаг гарган нээлттэй ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mash zuv yrijee, odoogiin hunsnii chanar mash ih ergelzeetei bolood baina, iim huuliin uurchlult heregtei bna
Үнэхээр зөв хууль санаачилсан байна, хүнсний бат�##�гаат байд�##�гүй бол бидний эрүүл мэндийн асууд�##� улам дордоно
Mandhai gishuunii helsen zuilsiig demjij baina, irged bid ch gesen huleen avah heregtei
Хүнсний аюулгүй байдлыг хуульчлахгүй бол бид гадны улсаас л хараат хэвээр байна, тиймээс яг цаг үеэ олсон хууль болжээ
Bodit amidraltai niitsej baina, irged iim uurchlultiig huleen avah heregtei gej bodoj bna
Odoogiin baidalaar bol hyatadiin chanar muutai baraa ih orj irj bna, mongoldoo chanartai huns heregleh tsag bolson
Үйлдвэрлэл хөгжихгүй бол бид улам импортын бараанд баригдана, энэ хууль бол �######�шгүй шаардлага
Hunsnii batlagaa bol undesnii ayulgui baidal, iim asuudliig uls turjuulehgui shudraga shiideh heregtei
Үнэндээ нийтийн хоолны газрууд хян�##�тгүй байгаа нь хамгийн том эрсдэл, энэ за�##�т оруулсан нь зөв
Ene huuli heregjvel irged chanartai huns songoh erhee hangalttai heregleh bolomjtoi bolno
Shoshgoololt bol mash chuhal, delguurt avch bui baraa yamar orctoi, yamar ornoos orj irsiig medej baih heregtei
Иргэд бид өөрсдөө ч хариуцлагатай байж стандарт шаардлагыг нэхдэг болох хэрэгтэй
Demjij bna, er ni mongol huni eruul mendiin gol hundrel hunsnees bolj baina gej boddog
Er ni hunsnii tsever ariun baidal bol mash chuhal, haraal baihgui, zov shiidver
Хуулийг даг�##�дах бусад хуулиудыг ч хэрэгжүүлж байж л үр дүнтэй болох байх
Hunsnii salbart mergejliin humuus dutaj baigaag helsen ni unen, odoo bodit ajil hiih tsag bolson
Элэг, ходоодны өвчлөлд хоол хүнс гол нөлөөтэй гэдэг нь үнэн, хууль батлагдаасай гэж хүсэж байна
Zardal undur gehdee irged eruul huns hereglevel daraa ni emchilgee deer zardal bagasna gej bi bodoj bna