Гадаад мэдээ

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны гадаад иргэдийн эрхийг хамгаалсан шийдвэрүүд

БНСУ-ыг зорих гадаад жуулчид, цагаач иргэдийн тоо хэдийнээс өндөр байсан. Цалин өндөр, ажлын байр их байдгаас хамаарч гаднын иргэд тус улсад ажиллаж, иргэншил хүсэх нь элбэг тохиолддог.

Мөн дийлэнх гадныхан тус улсад хараар ажилладаг. Энэ хэрээр тус улсын Хууль зүйн яам болон холбогдох байгууллагууд хууль бусаар ажиллаж буй гадаад иргэдийг барих, нутаг буцаах ажлыг эрчимжүүлсэн байдаг. Энэ үйл ажиллагаа нь сүүлийн жилүүдэд гадаад иргэдийн эрхэд хэт халдсан дарангуйлалын шинжтэй болж ирсэнийг хохирсон цагаач иргэд болон баггүй монголчуудын кейсээс харж болно.

Өнгөрсөн хугацаанд БНСУ-д ажиллаж, амьдарч, суралцдаг монголчуудыг барьж хорих, гавлаж нутаг буцаах, их хэмжээгээр торгох зэргээр эрхийг нь ноцтой зөрчиж буй үйлдэл олон баримтаар ил болсон ч монгол иргэдийг хамгаалах асуудал аль ч шатанд шийдэлд хүрээгүй.

Харин 2025 оны зургаадугаар сарын 4-ний өдөр БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон И Жэ Мён гадаад иргэдийн эрхийг сэргээсэн, хамгаалсан шийдвэрүүд олноор гаргаж эхэллээ.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой 2025 оны есдүгээр сарын 04-ний өдөр утсаар ярьсан. Энэ үеэр БНСУ дахь монголчуудад тулгамдсан асуудлыг манай улсын Ерөнхийлөгч дурдаж, Ерөнхийлөгч И Жэ Мён ч анхаарал хандуулахаа хэлсэн байдаг.

Ингээд утсаар ярьсаны маргааш Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Засгийн газраа хуралдуулан гадаад иргэдэд шударга бус хандаж болохгүйг анхааруулж, “Визгүй иргэдийн цалинг зориудаар өгөхгүй дараа нь цагаачлалд барьж өгч байна. Энэ бол ичгэвтэр хэрэг” хэмээгээд гадаад иргэдэд дэмжлэг үзүүлэх хуулийн төслийг ойрын хугацаанд өргөн барих үүрэг өгсөн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байв.

Мөн тэрбээр Солонгосын Засгийн газарт гадаад ажилчдын эрх зөрчигдсөн, шударга бус хандсан болон цалинг нь өгөөгүй барьж өгдөг тохиолдлуудыг шалгаж, гадаадын иргэдийг дэмжих арга хэмжээ боловсруулахыг үүрэг болголоо. Мөн холбогдох байгууллагуудад ийм тохиолдлуудын талаар системтэй тайлан гаргахыг даалгаад буй.


Үүнээс гадна Ерөнхийлөгч И Жэ Мён пүрэв гарагт гадаадын жуулчид руу чиглэсэн үзэн ядсан үг хэллэгийг бүр мөсөн таслан зогсоох үүргийг туслах нартаа өгчээ. Энэ нь Сөүл дэх жуулчдын бүсүүдийн ойролцоо сүүлийн үед нэмэгдэж буй Хятадын эсрэг жагсаалуудыг чиглэсэн бололтой.

Сөүл дэх албан өрөөндөө нарийн бичгийн дарга нартайгаа хийсэн долоо хоног тутмын уулзалтын үеэр  “Өөрийн үндэсний ашиг сонирхолд харшилж, улсын нэр хүндийг гутааж буй өөрийгөө сүйтгэгч үйлдлүүдийг бүрэн устгах цаг болсон” гэж хэлжээ.

Мөн тэрбээр “Холбогдох төрийн байгууллагуудыг өдөөн турхирсан, жуулчдын аюулгүй байдалд заналхийлж буй үйлдлүүдийг чанд шалгаж, ялгаварлан гадуурхах үзэн ядсан үг хэллэгийг арилгах онцгой арга хэмжээ авахыг уриалж байна. Хэн ч өөрийг нь үндэслэлгүйгээр доромжилдог орон руу аялж, худалдан авалт хийхийг хүсэхгүй” гэсэн байна.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн эдгээр шийдвэрүүд нь улс төрийн хүрээнд нөлөөлөл болж буйг БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ву Вон Шик үйлдвэрлэлийн ослоор хоёр гараа алдсан монгол цагаач ажилчинтай уулзаж, уучлал хүссэн үйлдлээс харж болохоор байгаа юм.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button