Анагаах ухааны салбарын Нобель хүртсэн эрдэмтэд дархлааны тогтолцооны талаар чухал нээлт хийсэн байна

2025 оны физиологи болон анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг захын дархлааны тэсвэршлийн талаар нээлт хийсэн гурван эрдэмтэн авлаа. Мэри Э.Брунков, Фред Рамсделл, Шимон Сакагүчи нар дархлааны тогтолцоо бие махбодид хор хөнөөл учруулахаас хэрхэн сэргийлэх тал дээр хийсэн ажлынхаа төлөө энэхүү шагналыг хуваалцах боллоо. Тэд 11 сая швед крон буюу 1.2 сая ам.долларын шагналыг хуваах юм.
64 настай Брунков нь Сиэтл хотын Системийн биологийн хүрээлэнгийн судлаач юм. Харин 64 настай Рамсделл Сан Францискод төвтэй “Sonoma Biotherapeutics” компанид шинжлэх ухааны зөвлөхөрө ажилладаг. 74 настай Сакагүчи нь Японы Осакагийн их сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн гавьяат профессор юм.
Нобелийн комиссын дарга Олле Кампе хэлэхдээ “Тэдний нээлтүүд дархлааны тогтолцоо хэрхэн ажилладаг, яагаад бид бүгд аутоиммуны ноцтой өвчинтэй болдоггүй гэдгийг ойлгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн” гэжээ.
Дархлааны тогтолцоо нь бактери, вирус гэх мэт гаднын бусад биетүүдийн эсрэг тэмцэх шат шат бүхий арга хэмжээтэй байдаг юм. Гэвч заримдаа дархлааны тогтолцооны тодорхой эсүүд биеийн эс рүү андууран довтлох тохиолдол бий. Үүний улмаас үүсдэг өвчнийг аутоиммуны өвчин гэдэг.

Т эс нэртэй цусны цагаан эсүүд халдварласан эсвэл хорт хавдрын эс рүү довтолж, биеийг хамгаалах чухал үүрэг гүйцэтгэдэг. 1995 онд Сакагүчи болон түүний хамтрагчид зохицуулалтын Т эс нэртэй өөр төрлийн Т эсийг олж нээсэн юм. Эдгээр зохицуулалтын Т эс нь нийт Т эсийн 1-2 хувийг л бүрдүүлдэг. Гэхдээ дархлааны тогтолцоо биеийн эс рүү довтлохоос сэргийлдэг чухал үүрэг гүйцэтгэдэг юм.
Сакагүчи нэмж судалгаа явуулж, зохицуулалтын Т эсгүй хулгана бамбай булчирхай, нойр булчирхай болон бусад эрхтнүүдийн аутоиммуны өвчинтэй болдгийг илрүүлжээ. Хулгануудад зохицуулалтын Т эстэй уусмал өгөхөд өвчний явц зогссон юм. Эрдэмтэд энэ нээлтээс олон жилийн өмнө дархлааны тогтолцоо өөрийн эсрүү довтлохоос сэргийлэх тоормостой байдаг хэмээн таамаглаж ирсэн байна.
Дараа нь 2001 онд Брунков, Рамсделл нар Foxp3 генд үүссэн мутаци нь хулганыг үхэлд хүргэдэг аутоиммуны өвчин үүсгэдэг болохыг илрүүлжээ. Тэд мөн хүний ДНХ дэх энэ гентэй адил генийн мутаци ховор төрлийн аутоиммуны өвчин үүсгэдэг гэдгийг тогтоосон юм.
2003 онд Сакагүчи болон түүний хамтрагчдын хийсэн судалгаа Foxp3 ген нь зохицуулалтын Т эсийн хөгжилд шаардлагатай байдгийг тогтоожээ.
Эх сурвалж: Nobel, Nature












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хорвоогийн бүх хүн эрүүл энх байгаасай