Нийгэм мэдээ

Электрон тамхи амьсгалын зам, зүрх судасны системд сөргөөр нөлөөлж, никотинд донтох эрсдэлийг нэмэгдүүлж байна

Дэлхий дахинд хэрэглээ нь огцом тэлж байгаа шинэ төрлийн электрон тамхины импорт Монгол Улсад мөн огцом нэмэгдэж байна.

Монгол Улсын тамхины импорт

Электрон тамхины импортын дүн 2020 онд 1,160 ам.доллар байсан бол 2021 онд 6,686,926 ам.доллар, 2024 онд 21,241,872 ам.долларт хүрсэн байна. 2021 оноос өмнө электрон тамхи нийт тамхины импортын маш бага хувийг эзэлж байсан бол 2024 он гэхэд энэ үзүүлэлт 23 орчим хувьд хүрчээ.

Мөн бүтээгдэхүүний нэр төрөл 2020 онд ердөө 3 байсан бол 2024 онд 756 болж олширсон байна. Энэ төрөлжилт нь өсвөр насны хүүхдүүдийн сонирхлыг татаж, хэвийн мэт ойлголт төрүүлэхүйц олон төрлийн амт, өнгөтэй бөгөөд соролтын тоо өндөртэй төхөөрөмжүүд байгаа юм.

Монгол Улсын тамхины хэрэглээ

Судалгаанаас үзвэл 2013 оноос буурч байсан тамхидалтын түвшин 2020 оноос өсөж, хамгийн сүүлд 2022 онд хийсэн судалгаагаар 28.4%-д хүрч, тамхи татаж эхэлсэн дундаж нас 18.9 бол залуужжээ.

Гэвч шинэ төрлийн электрон тамхинууд нь янжуур тамхитай яг ижил хор нөлөөтэй болохыг олон улсын судалгаанууд нотолж, ДЭМБ улс орнуудад зөвлөмж өгсөөр байна.

Манай улсын хувьд хортой бүтээгдэхүүн болох тамхины онцгой албан татварт 2017 оноос хойш өөрчлөлт хийгээгүй, өсвөр нас, залуучуудын дундах тамхидалтыг бууруулах ямар ч арга хэмжээ аваагүй зэрэг шүүмжлэлийг хүртээд байгаа юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас 2021 онд гаргасан “Электрон тамхи ба эрүүл мэнд”  тайланд эдгээр бүтээгдэхүүнүүд нь амьсгалын замын үрэвсэл үүсгэх, зүрх судасны системд сөргөөр нөлөөлөх, никотинд донтох эрсдэл өндөртэй болохыг онцолсон. Мөн энэхүү тайланд “электрон тамхи нь тамхинаас гарах хэрэгсэл биш бөгөөд өсвөр үеийнхэн, залууст донтох шинэ зам болж байгааг анхаарах шаардлагатай” хэмээн дурджээ.

Тиймээс олон жил зохицуулалтгүй явж ирсэн электрон болон бусад шинэ төрлийн тамхийг тамхи, тамхин бүтээгдэхүүний ангилалд оруулах, тамхи, тамхин бүтээгдэхүүний онцгой албан татварыг 2030 он хүртэл ДЭМБ-ын зөвлөсөн борлуулалтын 75 хувьд хүргэж үе шаттай нэмэх, өсвөр үе, хүүхэд, залуусыг татаад байгаа үнэр, амтуудыг хориглох замаар бусад төрлийн донтолтод автахаас сэргийлэх зэрэг зохицуулалтуудыг Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгаад байна.

Өнөөдрийн байдлаар дэлхий 100 гаруй улс орон электрон тамхийг хуулиар зохицуулж байгаагаас 46 улс бүрэн хориглож, 20 улс амт үнэрийг нь хоригложээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button